Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛСТӨРЧ “ҮГ”
Үг гэдэг учиртай. Хэзээ, хэнд, хэрхэн хэлэх вэ гэдгээс үгийн утга, учир хүнд хүрэх эсэх нь шалтгаалдаг. Тэр дундаа улс орны хэмжээнд чухал нөлөө үзүүлэхүйц албаны хүний хэлсэн бүхэн Монгол Улсын байр суурийг харуулдаг гэхэд буруудахгүй. Хэдийгээр үг хэлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар олгосон боловч улс орны эдийн засаг, нийгмийн чанартай зүйл дээр болгоомжтой хандах учиртай. Эдийн засагт асуултын тэмдэг улалзаж байгаа өнөө үед манай улстөрчдийн хийх үйлдэл, илэрхийлэх байр суурь гал дээр тос нэмж мэдэхээр байгаа. Эрх барьж байгаа АН, сөрөг хүчин МАН-ынхан аль аль нь үүнд анхаарахад илүүдэхгүй. Ялих шалихгүй юмыг асуудал болгож, бусдыг турхирдагаа улс төр хийж байна гэж тайлбарладаг.
Ялангуяа УИХ-ын гишүүдийг ярих хэлэхээ сайтар бодож байж гаргах ёстойг, ёс зүйтэй байхыг сануулдаг болмоор. “УИХ-ын гишүүн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэдэг хуулийн заалтыг өөрчлөх цаг болсон. Түмнээс сонгогдсон төрийн түшээд УИХ-ын чуулганы танхимд нэгнийгээ нохой, гахайгаар нь дуудах нь энгийн зүйл болсон. Хууль тогтоох дээд байгууллагынхаа танхимд хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ дайрч, доромжилдог нь хэтэрч хаана ч хамаагүй юу хүссэнээ ярих эрхтэй гэсэн ойлголтыг баталгаажуулаад байх шиг. УИХ-ын гишүүн л бол дуртайгаа ярих эрхтэй, хэнийг ч юу ч гэж болно гэж эндүүрдэг нь бий. Ялангуяа жагсаал цуглаан хийж, гудамжинд тэмцэж явсан гишүүдэд бүр ч илүү хамаатай. Ярьж болох, болохгүй зүйлээ ялгаж салгаж чадахгүй байгаа нь олон зүйл дээр харагддаг.   
Бусдын хэлснээс өө хайж, үг гогцоодож аван түүн дээр нь тоглолт хийж гаршсан хүмүүс бол улстөрчид. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс өө сэв олж, түүгээр нь нэг хэсэгтээ улс төр хийдэг жишиг тогтсон гэхэд болно. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн бол үүндээ бараг гаршаад байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Саяхан гэхэд МАН-ынхан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Рио Тинто” руу дайрсан мэдэгдэл хийлээ гэж шүүмжилсэн. Тэрээр Эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ “Ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад бид зээл авах эрхээ хасуулж болохгүй” гэсэн юм. Үүнийг нь “Рио Тинто” компани руу санаатайгаар дайрсан, энэ бол Засгийн газрын байр сууринаас ялгаагүй, хөрөнгө оруулагчдыг үргээж буй үйлдэл гэж тайлбарлах болов. Угтаа ямар нэгэн нэр цохож хэлээгүй байтал түүнийг нь тэр компанийг л хэлсэн байж таарна гэж түүгээрээ шоу хийж болох уу. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудана гэдэг шиг юм болох вий. Эсвэл энэ үгээс нь санаа авч “Рио Тинто” компаниас ямар нэг асуудал үүсгээсэй гээд зориуд турхираад буй мэт харагдах боллоо. Хэрэв асуудал үүсэх дээрээ тулбал Оюу толгойн хувь заяа хэрхэх вэ.  
Эдийн засаг хямралтай байхад хэн хэн нь хэлэх ярихдаа болгоомжтой хандах хэрэгтэй. “Тэр чамайг тэгж хэлээд байна шүү” гэж хов зөөж буй хүүхдүүд шиг харагдана. Төмөр замын асуудал сүүлийн үед хэрүүлийн гол сэдвийн нэг болсон. Тэр олон мянган хүн хөлс хүчээ гаргаж ажиллаж байгааг хэдэн шороо овоолсон хүмүүс гэж гоочлох шаардлага хэн нэгэнд байх. Хүрз, жоотуу барьж газар ухаж л байвал ажиллаж байна гэж төсөөлдөг хоцрогдсон ойлголтоо хэзээ засах юм бол доо. “Хэдэн жил хэрэлдсэнээс болж төмөр замаа ч барьж чадсангүй” гэдэг шүүмжлэл амтай бүхэн хэлж байгаа. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалт ихээр шаарддаг ажил, засаг хэдэн төгрөгийг нь шийдэж өгсөн бэ гэдгийг шүүмжлэгчид огт дурддаггүй. Зүгээр л бусдыг шүүмжилж байвал сайхан харагдана, мундаг гэж хэлүүлнэ, карьер өснө хэмээн харсаар... Эсвэл бас өөр шалтгаанаар зориуд “харлуулах” сонирхол хэн нэгэнд байна уу.  
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр “Олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, буруу мэдээлэл өгсөн, популизм хийсэн улс төр Монголд явахаа болилоо. УИХ-ын нэг гишүүний нэг хариуцлагагүй мэдэгдэл /бондоор бодоход/ 10 сая ам.долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна. Монгол хүн бүр төлнө шүү дээ” гэж хэлж байсан удаатай.
Ингэж биднийг өөр хоорондоо  хэрүүлийн үг шидэлцэж байх нь гадаадынханд, өрөөл бусдад ашигтай байж мэдэх юм. Улстөрчид нь нэгнээ гоочилсон эв түнжингүй байдлыг овжиноор ашиглахаар отож буй нь дэндүү олон гэдгийг сануулъя. Магадгүй гадаадын хэн нэгний тоглоомын дүрмэнд бид автчихвал юу болох бол. Дотроо ойлголцож чадахгүй, байгаа нь даанч харамсалтай. Монголын улс төрд эмэгтэйлэг шинж чанар бий гэж судлаачид зүгээр ч нэг хэлээгүй байх. Эцсийн дүндээ энэ хэрүүл хэнд ашигтай вэ гэдгийг улстөрчид, намууд бодолцож үзэхгүй бол болохгүй нь.  
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан