Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсөв горьдсон төслүүд түгжрэлээс гарах уу
Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтгүй тусгасан 243 барилга, бүтээн байгуулалтын ажил бий. Урин дулаан болчихоод байхад одоо хүртэл ажлаа эхлүүлээгүй энэ барилгын гүйцэтгэлд төсөв нэмэгдсэн, төлөвлөсөн хугацаанаас сунжирсан гэхчлэн асуудалтай. Асуудал бүрийг тоочвол 243 янзын шалтгаан хэлж болох ч Ерөнхий сайд үүнийг базаад “Авлигажсан төсөв” хэмээн шулуухан нэрлэсэн нь шуугиан дэгдээгээд буй. Бүтээн байгуулалтын төслүүдээ хэрхэх талаар УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцэв. Ингэхдээ ажлын хэсгээс бэлтгэн оруулж ирсэн УИХ-ын тогтоолын төсөл оруулах эсэх шийдвэр гаргах зорилготой байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 11 удаа хуралдаж санал, дүгнэлтээ гаргаж, тогтоолын төслийг боловсруулсан бай­на. Аудитын дүгнэлтийн “Хойш­луулах шаардлагатай төсөл, арга хэмжээ”-ний жаг­саал­тад багтсан 81 төсөл, ар­га хэмжээнээс орон нутагт хэрэгжих нийт 15 цэцэрлэгийн барилга, найман сургууль, сургуулийн дотуур байр, нийслэлд хэрэгжих нэг сургуулийн барилга, гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа гурван төсөл арга хэмжээг тус тус үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүнд, 36.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай ч, энэ онд 29.5 тэрбумыг санхүүжүүлэх бололцоо бий юм. Харин үлдсэн 57 төсөл, арга хэмжээг 2015 онд хэрэгжүүлэх талаар Засгийн газар судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээний судалгааны жагсаалтад багтсан 47 төсөл, арга хэмжээнээс 21-ийнх нь ажил бүрэн дуус­сан гэж үзээд улсын төс­вөөс дахин санхүүжилт ол­гох шаардлагагүй гэв.

Парламентын хаврын чуул­ганы хоёр дахь өдөр гэ­сэндээ байнгын хороонд ойрд үзэгдээгүй өргөн бүрэлдэхүүн, сайн ирцтэй байв. Хэдийгээр С.Баярцогт, Л.Гантөмөр, Д.Дэм­бэрэл, Б.Наранхүү С.Оюун нар ирж чадаагүй ч Я.Сод­баатар, С.Бямбацогт, Д.Амар­жаргал, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунхорол, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр зэрэг байнгын хороонд бүртгэлгүй гишүүд ч олноор ирж, танхим дүүргэлээ. Тэдний ирсэн зорил­го бол өөр өөрийн той­рогт харьяалагдах бү­тээн байгуулалтын ажил яагаад хасагдсан, зогс­сон, хойшлогдсон зэрэг шалт­гаа­ныг асуух явдал байв. Тухайлбал, Ц.Оюунхорол ги­шүүн “Зав­ханы Тосон­цэн­гэлийн Соёлын төвийн аж­лыг юунд зогсоов” гэхэд ажлын хэсгийн дарга Б.Болор “Тэр барилгын ажил дууссан, гэрээний дагуу бүх мөнгөө авчихсан учраас хөрөнгө оруулалтыг хассан” гэж тайлбарлаж өг­лөө. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дээрх ажлын хэсэгт багтсаны хувьд энэ бүхний эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлсэн. Юун түрүүнд, эрхэм гишүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн өмнө өөр өөрийн тойргийнхоо төлөө их ярьдаг. Үнэхээр тойрогтоо хайртай юм бол газар дээр нь, байгаа байдалтай нь танилцахыг хүсье. Жишээ нь, би 2012, 2013 онд бариулахаар төлөвлөсөн сур­гууль, цэцэрлэгээ одоо хүр­тэл гүйцэлдүүлж чадаагүй. Яа­гаад гэвэл, хүндрэл нь нийс­лэлд шийдэгдэхгүй бай­на. Яг үүний адилаар гишүүд хий хоосон өмөөрч, нэхэх биш бодит байдалтай нь та­нилц­чи­хаад эргэж яривал сайн” гэв.

Байнгын хорооны хурал­дааны үеэр Ерөнхий сайдыг бу­руутгах хүн цөөнгүй байв. Тэдний гол сэжүүр   “ав­лигаж­сан төсөв” хэмээх нэр томъёо. Жишээлэхэд, Ё.Отгон­баяр ги­шүүн “Өмнөх ондоо төсөв нь нэмэгдэн орж ирэхээр ав­лигаж­сан болчихдог юм бол энэ жилийнх бүр илүү авлигажсан болох нь тодор­хой. Яагаад гэвэл, ам.долларын ханшаа хар” гэсэн юм. Харин үүний араас Ж.Энхбаяр гишүүн хулгайчийг нэхсээр суув. Хэрэв төсөв авлигажсан нь үнэн юм бол тэнд хариуцлага хүлээх хулгайч гарч ирэх ёстой. Аудитын дүгнэлтэд үндэслэж Авлигатай тэмцэх газар эцсийн дүнг гаргана. Гэтэл яагаад тэр шийдвэр гарч, хэргийн эзэн тодроогүй байхад барилгын ажлыг үргэлжлүүлэх гэж яарсныг Ж.Энхбаяр гишүүн гайхаж байв. Гэвч хариуцлага тооцох, тооцуулах хүн нь хэзээ нэгэн цагт олдох нь үнэн тул богино настай барилгын улиралдаа амжуулж ажлаа үргэлжлүүлэх нь зүйн хэрэг. Тэр тусмаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэхчлэн нийгэмд нэн түрүүнд шаардлагатай төслүүдийг эхэлж хэрэгжүүлэх санал гишүүдээс гарч байв.

УИХ-ын гишүүн Ц.Дэм­бэрэл өчигд­рийн хуралдааныг бү­хэлд нь үгүйсгэж байлаа. Тэрээр “Төсөвт тэг дүнтэй туссан төслийг хэрхэх тухай тогтоолоо УИХ гаргачихсан шүү дээ. Гэтэл одоо дахиад гаргах нь. Ямар их цаг барсан ажил вэ. УИХ-ын 63 дугаар тогтоолд Ерөнхий сайд Н.Алтанхуягт тодорхой үүрэг болгосон заалт бий. Төсөл арга хэмжээний сан­хүү­жилтийн саналаа төс­вийн тодот­голд тусган, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүл­нэ гэжээ. Ерөнхий сайдад өгсөн хугацаатай үү­рэг юм. Гэтэл өчнөөн хуга­цаа өгөхөд хийгээгүй ажлыг дундаас нь Төсвийн байнгын хороо булааж аваад хийж байна. Ингэхээр эргээд хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй болчихоод байна шүү дээ. Энэ бүгд үндсээрээ буруу” гэлээ. Товчхондоо, Засгийн газрын хийх ажлыг Үндэсний аудитын газраар төлөөлөн гүйцэтгүүлсэн, тэдэнд байх эрхээс хэтийдсэн эрх мэдэл олгосон, эргээд хариуцлагыг нь саармагжуулсан гэсэн юм.
Ажлын хэсгийн са­нал, дүгнэлтийг сонсч дөрөв­дү­гээр сарын 1-ний дотор Зас­гийн газарт явуулахаар Байн­гын хорооны хурал зарла­сан боловч ирц хүрэл­гүй хойшилсон хэмээн байн­гын хороон дарга Ц.Да­ваа­сүрэн учирлалаа. Тий­мээс өнөөдрийн хурлаар УИХ-ын тогтоолын төсөл боловс­руулж, чуулганы хуралдаанд танилцуулах нөхцөл үүссэн байна. Төсвийн өмнө тулгараад буй уг асуудлыг “Бодлого, төлөвлөлтгүй явс­наас ийм байдалд хүрлээ. Бид гурван жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр тодор­хойлж оруулах ёстой. Аудитын дүгнэлтийг байнгын хороо шалгаж үзсэн. Төсөвт УИХ-ын онцгой бүрэн эрх бий. Цаашид үүнийг зөв болгоход парламент чиглэл гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бодлогогүй ажилладаг, төлөвлөлтгүй явдаг дунд хугацааны хөтөлбөр хугацаа­наасаа хэтрээд нэг жил сунадаг байж болохгүй. Байн­гын хорооны эрх мэдлийн хүрээнээс хальсан асуудал орж ирсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах саналыг гарсан. Мөн асуудлыг бүхэлд нь харж буй субьект нь Сангийн сайд Ч.Улаан. Тэрээр “Үндэсний Аудитын газар, ажлын хэсэг маш их ажил амжуулж, их зүйл судлан гаргаж ирсэн. Үүний үндсэн дээр бидэнд өнөөдөр асуудлыг тал талаас нь нухацтай ярих бололцоо олгож байна. Ерөнхий сайд “авлигажсан” төсөв гэж авч үзээд асуудал үүсгэчихлээ гэж ярьж байгаа гишүүдтэй санал нэгдэхгүй. Асуудал байсан байна. Асуудлыг өнөөдөр нухацтай ярьснаар УИХ-ын гишүүнээс Төрийн нарийн бичгийн дарга, төсөв хянадаг төсөвчин хүртэл хянадаг хяналтын тогтолцоо бий болж. Иймээс бидний ажил эхэлж байна гэж би бодож байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын төсвийг ярихдаа зөвхөн хуулийн шаардлага хангасан объектыг төсөвт суулгана гэж шийдэх нь зүйтэй. Тэгвэл үндсэн эх булаг нь хаагдаж, цааш нь процессоо хөөгөөд явна. Ингэвэл асуудлыг шийднэ” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан