Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баярсайхан: Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг парламент засгийн газар дэмжиж ажиллах ёстой
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-Ярилцлагаа чуулганы зав­сарлагаанаар хийсэн аж­лын талаар эхлэх бодолтой байна?
-Миний хувьд чуулганы завсарлагаанаар тойрогтоо арван удаагийн уулзалт хийлээ. Энэ үеэр иргэдээс багагүй санал шүүмжлэл сонссон. Ерөнхийдөө төр засгаас хүсч хүлээж буй олон асуудлыг хөндөж байсан даа. Тухайлбал, ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад анхаарах шаардлагатайг хүн бүхэн сануулж байлаа. Яах вэ, цалин тэтгэврийн хэмжээг тодорхой нэмж байгаа ч энэ нь иргэдийн амьжиргаа, үнийн өсөлттэй нийцэх хэмжээнд хүрээгүй учир иргэд нэлээд гомдолтой явна. Тиймээс ч уг асуудалд анхаарах хэрэгтэй болжээ.

-Таны эрхлэх Байнгын хорооны хүрээнд олон асуудал яригддаг. Ялангуяа нийслэл хоттой холбоотой хэд хэдэн зүйл бий?
-Мэдээж хэрэг хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх хамгийн нэн тэргүүний асуудал. Амьсгалах агаар, цэвэр усгүй бол хүн амьтан оршин тогтнож чадахгүй шүү дээ. Тиймээс ч өнгөрсөн парламентын үед Гол мөрний усац бүрэлдэх эх ойн сан бүхий газарт ашигт малтмал эрж хайхыг хориглох тухай хуулийн төслийг нэр бүхий хэд хэдэн гишүүнтэй хамтран санаачилж батлуулсан. Өнөө­дөр уг хуулийг урт нэртэй хууль хэмээн ярьж байгаа. Уг хууль гарснаас хойш нөгөө замбараагүй байсан уул уурхай цэгцэндээ орж, алтны компаниудад тавих шаардлага, хяналт ч сайжирсан. Энэ парламентын үед дээрх хуулийг өөрчилж, дахин задгайруулах гэсэн төсөл оруулж ирсэн нь иргэдэд таалагдахгүй байна. Тиймээс ч уг хуулийг өөрчлүүлэхгүй байх арга хэмжээ авч, байгаль орчноо хамгаалан үлдэх үүргийг сонгогчид маань надад өгсөн. Мөн гэр хорооллыг барилгажуулах төслийн талаар асууж, нийслэлийнхний хийж хэрэг­­жүүлж байгаа ажил, төлөв­лөсөн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж ажиллахгүй бол болохгүй гэсэн саналыг надаар дам­жуулан улам­жилсан юм. Миний хувьд ч нийслэлээ дэм­жин ажиллах бодолтой яваа.

-Их хотын агаарын бо­хирдлыг бууруулах, хог хаягдлын асуудлыг ший­дэх гээд олон ажил бий. Барилгажуулах ажил нь агаарын бохирдлыг багас­гах гол механизм шүү дээ?
-Олон жил хорт утаатай тэмцэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө зарлаа. Гэвч өнөөдөр төдийлөн дорвитой арга хэмжээ болж чадсангүй. Агаар бохирдуулж байгаа гол эх үүсвэр нь гэр хороолол. Иймд гэр хорооллын суурьшлыг багасгаж, байшин хороолол болгосноор улаанбаа­тарчуудаа эрүүл аюулгүй агаараар амьсга­луулах юм. Өнөөдрийн байд­лаар Чингэлтэй дүүр­гийн дөрвөн байршилд орон сууцны хороолол бий болго­хоор төлөвлөн ажлаа эхэлчихээд байгаа. Тэгэхээр иргэд сонгогчид маань байшин хороолол баригдахыг тэсэн ядан хүлээж байгаа нь мэдрэгдсэн шүү. Үүнээс харахад нийслэлээс хэрэгжүүлж, хийхээр төлөв­лөсөн ажлыг дэмжих иргэдийн хүлээлт их байна. Иргэдийн амьжиргааг дээшлүүлж, аюулгүй орчин бүрдүүлэх, цаашлаад хүн амын тал хувь нь суурьшсан Монгол Улсын нүүр царай болсон Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг өөрчлөх ажилд парламент, Засгийн газар анхаарах хэрэгтэй. Дан ганц нийслэлийнхэн төсвөө бүрдүүлэн хийх ёстой гээд хараад сууж болохгүй.

-Шүүмжлэл дагуулсан зарим нэг асуудал байгааг нуух хэрэггүй болов уу. Тодруулбал, хогны ногоон уут байна. Энэ нь хэн нэгний бизнес гэсэн хардлага дагуулсаар яваа?
-Хүн бүхэн л үүнийг ярьж, шүүмжлэн бизнес гэж хардсаар байгаа нь нууц биш. Гэр хорооллын айл өрхүүд уг уутыг таашаахгүй байгаа, үнэн. Яах вэ өнөөдөр хүнийг хардах, шалгуулах эрх хуулиар нээлттэй учир хэрхэх нь иргэдийн сонирхол. Гэхдээ аль ч улс оронд ийм төрлийн хогны уутыг хэрэглэдэг. Бүр хогоо ялгаж хийх жишээтэй. Ер нь, энэ уут өгч эхэлснээс хойш хотоор хийсэх хог багасч, иргэд уутанд хогоо хийж заншиж байна. Өмнөхтэй адил хогоо замбараагүй хаяж, гудамж талбайг бохирдуулан, агаарт элдвийн нян тархаагаад байсан бол өвчлөл хэр хэмжээтэй байх бол гэсэн бодол ч төрдөг. Харин өнөөдөр хогоо уутанд хийж хаяснаар ийм нөхцөл байдал үүсээгүй. Иймд нийслэлээс зохион байгуулж байгаа маш зөв ажлын нэг гэж хэлмээр байна. Цаашид иргэд маань энэхүү уутыг хэрэглэж, хэвшээд явах нь зөв. Хогоо ялгаж хаяад сурчихвал их хэрэгтэй. Аливаа шинэ зүйлийг гаргаж ирснээр заавал эсэргүүцэлтэй тулгардгийн адил тийм л үзэгдэл болж байна.

-Парламентын хаврын нэгдсэн чуулган эхэлснээс хойш өрнөж байгаа нэг том асуудал бол “давхар дээл” буюу нэг хүн парламент болон Засгийн газрын гишүүнээр ажиллахыг зогсоох хуулийн төсөл. Үүнд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих ёстой” гэсэн  саналыг дэмж­дэг. Энэ хүрээнд хийгдэх хамгийн гол ажлын нэг нь УИХ-ын гишүүн хүн Засгийн газарт давхар албан тушаал хашихгүй байх нь зөв зүйтэй алхам юм. Хэрэв ийм тогтолцоо бий болчихвол парламент Засгийн газартаа хатуу хяналт тавьж чадна. Хяналт сайжирвал гүйцэтгэх засаглалын ажил ч сайжирч, улс орны эдийн засаг дээшлэх болно. Өнөөдөр бүх зүйл холилдсон болохоор хэн нь хэнийгээ хянаад байгаа нь мэдэгдэхээ байчихаж. Тиймээс уг асуудлыг дэмжиж байгаа. Харин хугацааны хувьд 2016 он гэх нь оновчтой биш юм болов уу.

-Яагаад?
-Засгийн газраа ганц өдрийн өмнө ч болтугай хяналттай болговол хэрэгтэй л байна. УИХ хугацааг нь ямар байхыг ярилцан шийдэх байх. Нэг ангид суучихаад давхар засагт орж ажиллаж байгаа хүмүүс учир нэг нэгэндээ найр тавиад л явж байгааг зогсоох хэрэгтэй. Магадгүй уг асуудлыг шийдчихвэл гишүүд хуралдаа цагтаа ирж, хариуцлагагүй байдлаасаа салах болов уу. Бусад улс оронд Засгийн газар нь парламентаасаа бүрддэггүй жишиг байдгийн адил тогтолцоог л бий болгох нь чухал. Ер нь, ухаалаг хариуцлагатай төр рүү л явж байна гэж ойлгож байна.

-Нийслэлд метро барих асуудал яригдаж байгаа. Та дэмжиж байгаа юу?
-Өнөөдөр хөгжил дэвшил биднээс метротой болохыг шаардаж байгаа. Метро барих хөрөнгө мөнгөний эх үүсвэр байхгүй гэж шалтагладаг. Тэгвэл үр ашиггүй, эдийн засгийн үр өгөөжгүй төслөөс хөрөнгийг нь метро руу оруулж болно. Энэ их зээл тусламжаас бага ч болов хувийг хийхэд эргээд метроноос тэр хөрөнгөө олж болно. Яагаад гэвэл энэ унаа эдийн засгийн үр өгөөжөө эргүүлэн төлөх юм. Нэг жишээ хэлэхэд Арабын Эмират улс метро барих эсэхээ шийдэж чадахгүй байж байгаад уг төслөө хэрэгжүүлсэн. Гэтэл тэрхүү унаа нь хүмүүсийн хүсэмжит тээвэр болж чадсан төдийгүй үр өгөөжөө ч өгсөөр байгаа. Бид ч гэсэн ийм байдлаар хотын түгжрэл, нийтийн тээврийн асуудлаа шийдэх боломжтой. Эргээд ч эдийн засгийн үр өгөөж өндөртэй зүйл. Ерөнхийдөө зураг төсөл, төсөв гээд 46 сая ам.долларын асуудал л яригдаад байгаа юм билээ. Үүнийг нь шийдчихвэл монголчууд метрогоор зорчих нь нэг алхам ойртоно. Ер нь, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөчихсөн олон ажлын хөрөнгө оруулалт дутмагаас болж цаг хугацаа их алдаж байна даа. Ийм учир Улсын Их Хурал даруй зээлийн асуудлыг нь дэмжиж шийдвэрлэж өгөх ёстой. Тодруулбал, Баянхошуу-Сэлбийн дэд төвийг барьж байгуулах Азийн хөгжлийн банкны 320 сая ам.доллар, тусгай замын автобусны 265 сая ам.долларын төсөл гээд олон ажил хүлээгдсээр байна. Бид энэ бүхнийг хийж өнгө зүсээ өөрчлөхгүй, энэ хэвээрээ байвал хөгжил дэвшилд хүрнэ, сайхан хоттой болно гэж мөрөөдсөөр л байх болно. Аливааг хийж хэрэгжүүлж байж тэр бүхэнд хүрнэ.

-Хууль тогтоох дээд түвшинд энэ бүхнийг ярьж дэмжлэг үзүүлбэл илүү оновчтой байхгүй юу. Хот дангаараа уг асуудлыг хүчрэхгүй байх?
-Мэдээж хэрэг үүнийг парламент Засгийн газрын хэмжээнд ярьж дэмж­лэг үзүүлэх зайлшгүй шаард­лагатай. Өнөөдөр өрийн хэмжээ ихэдсэн, давсан гэдэг шалтгаанаар хойшлуулаад байгаа. Миний хувьд эдийн засгийн ашигтай төслийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай яваа. Тиймээс гишүүддээ энэ асуудлыг дэмжин нийс­лэлийн удирдлагуудын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг дэмжээчээ гэж хэлэх байна. Ийм зүйлд хөрөнгө оруулахгүй байна гэдэг УИХ, Засгийн газар маш хариуцлагагүй л байна гэж харагдаад байгаа юм. Өнөөдөр орон нутагт гудамж төслийг хийхээр төлөвлөсөн нь оновчгүй л санагддаг. Жишээлбэл, Архангай аймагт сайд нь бондоор санхүүждэг гудамж төслийн долоог нь хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөдөр хүн амын талаас илүү нь суурьшсан нийслэлд энэ зүйл чинь хэрэгтэй байна шүү дээ. Улс орны нүүр царай болсон, эдийн засгийн үр өгөөжөө өгөх зүйлд хөрөнгөө зарцуулж, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байгаасай гэж хүсдэг.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан