Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Расбай: Ардчиллын медалиудаа энгэртээ зүүгээд очсон чинь танайх социализмаас гараагүй улс юм гэсэн

Ардчилсан хувьсгалыг цөөхөн хэдэн лидер гардан хийсэн юм биш. Олон зуу, бүр хэдэн мянган хүний сэтгэл зүрх, хүч шингэсэн учраас тэд хувьсгал хийж, өнөөдрийн нийгмийг бүтээсэн юм. Өнөөдрийн зочин маань тэрхүү олон зуун хүний төлөөлөл. Гигламхааны Расбай багш өнөөдөр Нарантуул захад наймаа хийдэг.

-Таныг анхны цуг­лаа­наас нь идэвх­тэй оролцож явсан гэж сонс­сон. Хэрхэн МоАХ-той хол­богдсон юм бэ?
-Анх улс төрийн  “Орчлон” гэсэн  клубын хуралд очиж суусан. Тэр үед одоогийн Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгт арванхоёрдугаар сарын 10-нд болох цуглааны талаар ярьсан юм. Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордны хоёр давхрын нэг өрөөнд “Орчлон” клубын гишүүд цугладаг байлаа.  Мөн сэтгүүлч Пүрэвдорж гуай тэр үед лекц уншсан нь тод санагдаж байна.

-Та ямар ажил хийдэг байсан юм бэ. Яагаад заавал ардчилсан хувьсгал хэрэгтэй юм байна, үүнийг дэмжих ёстой гэж бодов?
-Барилгын байнгын кур­сэд багш хийдэг байсан. Со­циа­лист нийгэм дэмий зүйл юм гэх ойлголтыг хүүхэд ахуй­гаасаа л авчихсан. На­майг багад аав, ээжийн нэр дээр данстай малыг гур­ван ч удаа нийгэм­чил­сэн. Сургууль төгсөөд томи­логдож очсон газрын маань дарга “Би бол Монгол ардын намын гишүүн. Чам мэтийг “идчихэж” чадна” гэж ирээд л намайг загнаж байсан. Энэ бүхнээс болоод социалист нийгэмд сүжиггүй болчихсон.  Дээрээс нь Орост болсон перестройка гээд олон зүйл нөлөөлсөн. Мөн 1986 оны арванхоёрдугаар сарын 16-нд Казахстанд оюутны бослого гарсан. Казахстаны намын төв хорооны даргыг солиод оронд нь орос хүн тавилаа гэж оюутнууд эсэргүүцсэн юм. Гэтэл гурав хоногийн дараа оюутнуудыг сапёрын хүрзээр цавчиж булсан гэдэг юм. Тэр ч надад нөлөөлсөн л дөө.

-За ингээд хувьсгалд оролц­лоо. Хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэн эхний аж­лууд?
-Арванхоёрдугаар са­рын 10-нд хүний эрхийн өд­рийг далимдуулан хийсэн цуг­лаанд оролцоод дараа нь Бат-Үүлийг сургууль дээрээ аваа­чиж, сонсгол хийлгэхээр урилаа. 7-8 цагийн хооронд оюут­нууддаа яриа хийлгэлээ. Най­ман цагт захирал орж ирэ­хэд сонсгол ч дуусч таарсан. Тэгээд сонсголын дараа МоАХ-нд элсэх хүн байна уу гэхэд олон хүн гар өргөлөө. Өөрөөр хэлбэл, олон залуусыг ардчиллын үйл хэргийг ойлгох гүүр нь болсон юм. Бат-Үүл тэгэхэд цэнхэр цувтай залуу л ирж байлаа. МАХН гэдэг нэг намын дарангуйллын тухай, үүнийг хэрхэн өөрчлөх, энэ нийгэмд юу болохгүй байгааг ярьсан. Ер нь, ардчилал гарч байхад байгууллагууд дотроо хоёр, гурав хуваагдаад жаахан эвгүй болчихсон. Манай захирал гэж Барилгын яамны нэг түшмэлийн арын хаалганы хүн. Би захирлынхаа болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлснийхээ төлөө ад үзэгддэг үе байлаа. Анхны цуглааныг дэм­жиж оюутнуудтайгаа хамт очсон юм. Нийгмийг аюу­лаас хамгаалах яамныхан гээд дандаа энгийн хувцастай залуучууд  цуглаан бүрт харагддаг л байсан.
Бас цэргийн бүхээгтэй машин ч цөөнгүй харагдана. Яг үнэндээ, 1989 оны анхны болоод 1990 оны цуглаанд тийм ч олон хүн оролцоогүй юм шүү. Энэ бол ардчилсан хувьсгалын жин дарах үйл явдал нь. Дугуй заалнаас бид МоАХ-ны болоод Ардчилсан намын үнэмлэх авч явсан хүмүүс гэдэг нь түүхэн үнэн.

-Та тухайн үед бид юуны төлөө тэмцэж байна гэж бодож байв?
-Бид нийгмийг бүхэлд нь өөрчлөхийн тулд МАХН-ыг, дээр нь байгаа том том даргыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг ухамсарлаж ойлгоод үүний төлөө тэмцэж байсан. Түүнээс биш 30 жилийн дараа намайг энэ хувьсгалд оролцсоны төлөө шагнана даа гэж бодож явсан хүн нэг ч үгүй. Түүний тулд хамаг зүйлээ хямгадаад далд хийе гэж бодож байсан нь ч үгүй.

-Та багш байсан гэлээ. Оюутнуудаа цуглаанд дагуулан очсон гэхээр сүрдүүлж байгаад аваачсан юм биш биз?
-Яалаа гэж дээ. Намайг тэгж сүрдүүлбэл захиралд өргөдөл, гомдол очино шүү дээ. Талбай дээр жагссан, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс төр засгаа эсэргүүцсэн тул баривчилна энэ тэр гээд айлгачихсан байхад цуглаанд оролцох хүн олдох­гүй. Харин оюутнууд маань зүрх сэтгэлийнхээ дуудлагаар л эхнээс нь оролцсон. Бид­ний хувьд ардчилсан холбоо, намд элсчихсэн учраас гол ажлыг нь нугалалцах ёстой. Мэдээж, цуглаанд хүмүүс маш их ирнэ. Гэхдээ цагдаа ирлээ гэхээр л тал нь зугатна. Бид цуглаанаа тараад дугуй зааландаа очиж, дараагийн үйл ажиллагаагаа ярьсаар байгаад орой болгочихно. Автобус зогсчихсон ч өвлийн хүйтэнд алхаад гэртээ харьж л байлаа.

-Та түрүүн манай за­хирал арын хаалганы нө­хөр байсан гэлээ. Мэ­дээж, байгууллагын дарга нар заа­вал МАХН-ын гишүүн байх бичигдээгүй хууль шахуу зүйл үйлчилж бай­сан болохоор дарга тань та нарыг эсэргүүцэх нь зүй ёсных биз?
-Дорлигжаваас би Баян-Өлгийд очиж ардчилсан хувьсгалын тухай, бидний тэмцлийн тухай ухуулга хийх томилолт авсан юм. Захиралдаа энэ тухай хэлтэл шууд л томилолтыг маань ураад хаячихсан. Тэгэхээр нь зуны амралтаараа Цагааннуур сумандаа очоод ярилаа. Хүмүүс их цугларсан. Та нар 17 малтай амьдрахын тулд ингэж хөдөлмөрлөж байна. Гэтэл манай нам та нарт малыг чинь хувьчилж өгнө гээд л ярьж гарсан. Ингээд удаагүй сургуулийн намын хурлаар ороод л халагдсан. Гэхдээ би азтай. Халагдангуутаа  гадаад паспорт аваад Эрээн рүү ардчиллын буянд наймаанд явсан.  Энэ Алтанхуяг ч явж л байсан. 

-Тэгэхээр та сэтгэл хангалуун яваа хүн юм аа, ардчилалдаа?
-Хувьсгалд оролцсон гэд­гээ­рээ сэтгэл хангалуун бай­даг. Гэхдээ ардчилал гээд биднийг нулимж бай­сан хүмүүс хагартлаа бая­жиж, энгэр дүүрэн одон медальтай болж. Гол  нь, түүх үнэнээрээ үлдээсэй гэж бодож байгаа. Тухайан үед үгээ чөлөөтэй хэлээд эхлэнгүүт хүмүүсийн тар нь танигдаж л байлаа. Хувьсгалт намд байсан зарим хүн ардчилсан намд элссэн. Гэхдээ бид түүхийг гажуудуулсан энэ намыг татан буулгах  хэрэгтэй гэдэг байсан юм.

-Та Бат-Үүл даргын “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үз­сэн үү. МАХН-ыг яагаад  та­тан буулгаж болохгүй вэ гэдгийг тайлбарлаж бай­сан. МАХН гэдэг  хэсэг бү­лэг хүний эрх ямбанаас үүс­сэн нам биш. Яг л АН шиг Монгол Улсын тус­гаар тогтнолын төлөөх хувьс­га­лын үр дүнд бий болсон гэж байсан?
-Тийм байж болно. Гэхдээ тэд чинь түүхийг аймаар гажуудуулсан. МАХН-ын гишүүн бол сайхан ажилтай, сайн цалинтай болно ч гэх үзэл байлаа. Манай аав ээж хувьсгалт намын гишүүн байгаагүй. Манаач, малчин л байсан. Тиймээс миний хувьд хэзээ ч намын гишүүн больё гэж бодоогүй.

-Гэхдээ аав ээж чинь миний малыг хурааж байсан намын эсрэг хүү маань жагслаа. Сайн байна шүү гэж магтаагүй л байх?
-Талбайд өлсгөлөн зар­лаад бид жагсч байхад гэр бүлийн хүн, дүү маань халуун савтай цай барьж ирээд ээж аав хоёр дургүйцээд байна, харья гэж л байсан.

-Ардчилсан хувьсгалын лидерүүдийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг бид аль болох дэмжих ёстой гэж боддог. Манай Ерөнхийлөгч сүүлийн 20 гаруй жилийн дотор гарч ирсэн зөв хүн. Амьдралын хөлс ханхалсан үнэнийг хэлж чаддаг. Ерөн­хийлөгч хүн сайн ярьж чаддаг байх хэрэгтэй. Хувьсгалт намын Энхбаяр гэтэл яав. 100 наслахгүй байж 1000 жилийн хөрөнгө цуглуулаад яана. Шоронд орлоо. Цуглуулсан хөрөнгөө аврахын тулд өлсгөлөн зарлалаа. Чи бодоод үз. Ерөнхийлөгч хүн тэгж доройтож болох уу. Тэгэхэд Ц.Элбэгдорж хэчнээн хүүхэд тэжээж байна. Үнэндээ эд хөрөнгөний төлөө УИХ-ын гишүүн болох гэж тэмцээд  байх болж. Эд хөрөнгөнөөс илүү улс оронд чинь ёс жудаг, сахилга дэг журам чухал. УИХ одоо ажилламаар байна шүү дээ. Тэдэнд арай дэндүү юм гэж хэлэх ч багадна. Зүүн Азийн энэ бар орнууд чинь сүүлийн 20 хэдэн жилийн дотор л хөгжсөн шүү дээ.  Эрээнд явж байхад хүмүүс хэлж байна. Танай дарга нар авлигач, эд хөрөнгө мөнгөний төлөө л явдаг.  Та нар тавин сая малтай, гуравхан сая хүнтэй байж Эрээн шиг хөгжиж чадахгүй байна гэж.

-Хятадууд уу?
-Тийм. Эрээнд 900 монгол хүн ажиллаж байна. Сая очиход Нарантуул зах дээр хуушуур зарж байсан эмгэн тэнд оччихсон монгол хуушуур аваарай гэчихсэн суугаа харагдлаа. Үнэндээ, гуравхан сая хүнийг яагаад сайхан амьдруулж чадахгүй байна вэ. Ард түмний 80 хувь нь ядуу байгааг хүн бүхэн мэддэг. Улаанбаатарын гэр хороолол бол хэцүү дээ. Хөдөө нутаг үнэхээр хүнд. Мэдээж, сайн юмыг нь үгүйсгэх гээгүй. Хятад 1,3 тэрбум хүнийг ажилтай, амьдралтай тэжээгээд явж байхад манайх гуравхан сая хүнээ хамраар нь шороо хатгуулах гээд байдаг. Манай Их хурлын гишүүд авгай хүүхдээ зарах шахаж байгаад л гишүүн болдог. Эцэст нь баяжихын төлөө явж байна шүү дээ.

-Тэгээд үүнээс яавал салж болох юм шиг санаг­даж байна вэ?
-Үнэндээ хүмүүс би, би, би баяжвал боллоо гэдэг үз­лээсээ л салмаар бай­на. Нэг Өвөрмонгол ма­най Эрээний хилийг хаавал та нар яаж амьдрах юм бэ гээд ам асуусан. Би Хя­тад, Оросын ард түмэнг муу­ла­хын эсрэг байдаг хүн. Орос, Монголын ард түмэнд тус болж байсан. Гэхдээ тэдэнд Монгол улс Казахстан шиг дар­луу­лаагүй. Цэдэнбал дар­га мундаг гавьяатай хүн юм шүү. Тэр төрөөс буух­даа хадгаламжиндаа са­яар байтугай, аравтын ч мөн­гөтэй яваагүй гэдэгт би ит­гэ­дэг. Тэр хүнийг АН, МоАХ хэлмэгдүүлээгүй. МАХН өө­рөө 1985 онд хэл­мэг­дүүл­сэн дээ. Тэгэхдээ бид азтай.  Хувьс­галыг хийж чадсан. Дээд удирдлага ч биднийг ойл­госон.

-УИХ-д баяжихын тө­лөө гишүүн болж байна гэлээ. Одоо таны хүсч бай­сан Ардчилсан засаг төр барьж байна шүү дээ?
-Яг юм хийх гэсэн хүнээ дотроо  хэд хэдэн фракцид хуваагдчихаад өөр өөрийн эрх ашгаар хориг тавиад суугаад байна.  Зөвхөн төмөр замын цариг дээр хэчнээн жил болов. Гэтэл бид нэг цул болж, ажиллах цаг ирчихээд байна. Эрдэмтдийн зөвлөлөө байгуулаад зөв шийдвэр гаргадаг хүмүүсийнхээ үгэнд орох л хэрэгтэй. УИХ-ын гишүүн болчихвол та өөрийнхөө бус улсынхаа төлөө явах ёстой гэдгээ ухам­сарла. Гишүүд өөрийн­хөө тойрогт мөнгө төсөвлөж авчихаад тэрнээсээ битгий хумслаад байгаач. Монгол Улс жилд хоёрхон зүйлийг төгс хийгээд явсан бол өдийд ямар байх байсан бол. Хорин хэдэн жил эдийн засгийн хөгжил яриад байдаг. Үнэндээ хоёр гуравхан асуудал шийдэхэд болох зүйл.

-Манай их хурлын гишүүд сонгуульд нэр дэвшихээрээ би гэрээ зассан одоо төрөө засмаар байна гэдэг. Энгийн бидний бодлоор УИХ-д баян хүн л “суух” ёстой юм байна гэх ойлголт бий болчихож?
-Улам л гэрээ засаад байна шүү дээ. Үнэндээ бид ч гэсэн гэрээ засчихсан. Гэрээ засаад наймаагаа хийгээд хэдэн хүүхдээ өсгөөд явж л байна. Тэр хямралын үед чинь би ерөөсөө хүүхдээ өлсгөж үзээгүй. Энэ бол бидний ардчилалд оруулж байгаа хувь нэмэр гэж л ойлгодог.

-Ардчилсан хувьсгалын пар­тизанууд нэг хэсэг хаягд­­чихлаа энэ тэр гэж гом­­дол­лодог л байсан. Одоо харин зарим нь байр ч авлаа. Одон медаль ч хүрт­­лээ?
-Сая надад Алтан гадас өгье. Анкетаа бичиж өг гэж дуудсан. Би авахгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэхээр, би Ардчилсан хувьсгалын бүх медалийг авчихсан хүн Герман явахдаа нэг пиджак дээрээ зүүчихлээ. Хүнтэй уулзахдаа нөгөө пиджакаа өмсөөд очлоо. Тэгсэн та юу зүүгээ вэ гэж байна. Хэллээ. Монголын медаль гээд. Тэгсэн инээгээд танайх социализмаас гараагүй байгаа юм байна гэсэн шүү.

-Та ямар зорилгоор Герман явсан юм бэ. Тийм олон одон медаль зүүсэн хүн хараагүй хүмүүст хачин, инээдтэй санагдсан байх л даа. Миний ч гэсэн инээд хүрч л байна?
-Зугаалж явсан юм. Америкт бас очсон. Тэгсэн та болио, энийг чинь манайд энгийн хүмүүст өгдөггүй юм. Цэргийн хүнд л өгдөг. Энгийн хүнд амьдралд нь хэрэгтэй мөнгө, байр өгдөг. Та наадахаа далд хий гэсэн. Туркт бас далд хий гэсэн шүү.

-Ардчиллын буянаар гээд та цааш нь үргэлж­лүүлээд яриач?
-Ардчиллын буянаар сайхан амьдарч байна аа. Хоёр, гурван улсаар явж үзлээ. Хүүхдүүд маань дарга нарын хүүхдийн сурдаг сур­гууль төгслөө.  Гэхдээ бая­жаад сондгойроод томроод сүйд болсон юм алга. Мон­го­лын эгэл жирийн иргэн шиг л амьдарч байна. Хүн хөдөл­мөрлөвөл ажиллах боломж бий болсон юм шүү.
Ер нь Монгол улс бараа үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Нэг сайхан том үйлдвэр барьчихвал ажилгүй гээд байгаа хүмүүс бүгд ажилтай болно.Одоо наймаа явцгүй болчихож.

-Та түрүүн амиа хичээсэн занг устгах тухай ярилаа. Миний бодлоор энэ төрийн толгойд суусан хүмүүсээс л үүнийг чинь эхэлмээр байна даа?
-Ардчилал гэдэг чинь зөв бодлого барихгүй бол яаж ч гуйвуулж болдог эмзэг зүйл.
Хаа нэгтээгээс эх орон, ард түмнийхээ нэрийг барьж олж ирсэн мөнгөө өө­рөө халааслаад гадаадын бан­кинд хадгалуулдаг хүн Японд лав байхгүй гэж дуулсан.
Миний мэдэхээр Сайраан гишүүн гэхэд лалын шашинт орнуудаас Монголын лалын шашинтнууд оршуулгын зан үйл хийхэд хэцүү байна гэсээр мөнгө аваад “Богд-Ар”-д нэг сүм барьж эхэлсэн. Гэтэл үнэндээ балгас босгоод хаячихсан. Өөртөө л хэдэн цаас авч үлдсэн байх л даа. Тэгэхээр Монгол ч бай, Казак ч  байсан Монголд амьдарч байгаа хүн бүрийн дотоод сэтгэлд нь хувьсгал хийхгүй л бол Монгол хөгжихгүй. 1990 онд биднийг хувьсгалд оролцож байхад ийм байгаагүй юм шүү. 1996 оноос хойш л ийм болсон.  Зоосны төлөө л гэсээр яваад ...
-Та Ардчилсан хувьс­галын удирдагч С.Зоригтой үг сольж байсан биз дээ. Ер нь, ямар хүн байсан гэж боддог вэ?
-Зоригийг Залуучууд зочид буудалд байхад нэг уулзсан юм. “Биднийг дандаа Оспаны үлдэгдэл гэж хэлдэг. Та юу гэж боддог вэ энэ талаар” гэсэн чинь Би таныг Оспаны үлдэгдэл гэж хэлж чадахгүй ээ. Би тэр хүний түүхийг уншиж судалж байгаад танд хариулт өгье гэсэн. Тэгээд дараа нь  тэр хүн чинь зөв замаар явж байсан юм байна гэсэн.

-Тийм үү. Яагаад?
-Яагаад гэхээр тэр хүн Зүүн Туркменстан улсыг байгуулах гээд тэмцэж байсан хүн байна. Монгол руу дайрсан гэхээсээ илүүтэйгээр Монголоос тусламж гуйх гээд Чойбалсанд хандаж. Тэр бол тусгаар тогтносон улс байгуулах гээд зүтгэж байсан хүн юм. Хятад, Оросын цэргүүд байлдаж байсан үе учраас Монгол руу зугатаж орж ирээд Чойбалсанд хандаж. Харамсалтай нь Чойбалсан монголчуудаа хэлмэгдүүлж байсан үе таарч. Тэгээд л “Энэ комминуст нөхөр байна” гэж бодоод зугатаж. Зугатахаар нь улаан армийнхан хөөсөн. Одоо та Далай ламыг буруу хүн гэж хэлэх үү. Түвдийг тусгаар тогтнуулахын төлөө явж байна.Тэгэхээр тэр хүн бас тусгаар тогтнолын төлөө явж байжээ л гэж хэлсэн. Би Зоригийг шударга хүн юм гэж бодоод л үлдсэн.  Түүнээс тэр хүнтэй олон уулзаагүй ээ. Дарга болоод биднээс холдож хайрцаглагдаад явсан л даа.

-Та аминчхан л гээд байна. Танай хүүхдүүд жишээ нь гадаадад байгаа. Монголдоо ирэх үү?
-Сургуулиа төгсөөд ирнэ шүү дээ. Ажил олдвол.

-Ажил олдвол гэхээр та ирнэ гэдэгт нь итгэхгүй байгаа хэрэг үү?
-Үгүй ээ итгэж байна. Дарга нарын хүүхдүүд нь бөглөөд суучихгүй бол.
1 Сэтгэгдэл
Chamd ochih oron bayhgui МАН АН хулгайч нар хулгайч нар саарал ордонд сууж байна карманы хулгайч нар автобус дотор Явж байна хэл амаа долоогод хулгайч бол
AМЙН ХУВЙА ХАР АМЙА ХЙЧЭЭГСЭД МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ МОНГОЛ БОЛ АЙМШГИЙН ЯДУУ ОРОН
Эгэл жирийн иргэд нь ийм сайхан байхад дарга нар нь хувалзнууд байх юм даа
герман хүн үнэн хэлсэн байна хүүхдүүд минь. та нар намайг хэзээ ч ойлгохгүй, ойлгохыг хүсэх ч үгүй байна. одон медалиа зүүгээд л мааршлаад байгаарай.
одоо монголуудын элгээрээ мөлхөх цаг ирж байх шиг байна энэий төлөө хэн ч хариуцлага үүрэхгүй 4 жилд луйвардаж олсон мөнгөө ачаалаад л явцгаана
казахстандаа оч доо
Хамгийн их уншсан