
Энэ удаагийн хурлаар Завхан аймагт орж ирсэн хүрэн баавгайн мэдээллийг сонсож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр болов.
Манай аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Ургамал, Сонгино зэрэг 9 суманд 42 удаагийн баавгайн дайралт болж, 21 айл өрхөд хохирол учраад байна.
Аймгийн Засаг даргын зөвлөх Х.Лүндээжанцангаар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Байгаль орчны газар, сум багийн хамтарсан шуурхай ажлын хэсэг хил орчмын багуудад ажиллаж байна.
Мөн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Өнөрбаяр мэргэжлийн байгууллагуудын дарга мэргэжилтнүүдийн хамтаар тус бүс нутагт өнөөдрөөс эхэлж ажиллана.
Энэ удаагийн хурлаар баавгайн дайралтад өртсөн айл өрхийн хохирлын үнэлгээг гаргаж баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх зардлын тооцоог хамтатган Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Улсын онцгой комисст хүргүүлэх шийдвэр гарав.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын дэргэд Шуурхай штаб байгуулж жижүүрлэх, хил орчмын айл өрхүүд болон иргэдийг мэдээ мэдээллээр тухай бүрт хангаж ажиллах шийдвэрүүдийг гаргалаа.























