Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Алтансүх: Хүний нөөцийн ажилтанд төрийн үйлчилгээ үзүүлэх төрийн анхны бөгөөд ганц байгууллага нь манайх


Хүний нөөцийн удирдах ажилтны хоёрдугаар форум, уулзалт маргааш  болно. Форумын онцлог, хүний нөөцийн судалгааны талаар Хөдөлмөрийн судалгааны институтын дэд захирал Л.Алтансүхтэй ярилцлаа.

-Хөдөлмөрийн судалгааны институтийг байгуулаад жил гаруй хугацаа өнгөрч. Иргэд сайн мэдэхгүй ч байж болох юм. Байгууллагаа товчхон танилцуулахгүй юу. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил юу байна?
-Манай байгууллага хөдөлмөрийн бодлогод дэмжлэг үзүүлэх,  хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх гэсэн үндсэн хоёр чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бодлогод дэмжлэг үзүүлэх үүрэг нь хөдөлмөрийн харилцаа, бодлогын чиглэлээр зөвлөмж судалгаа гаргах юм. Өнгөрсөн хугацаанд нүүрсний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын судалгаа хийсэн. Энэ жил барилгын салбарт ХАБЭА-ын судалгаа хийхээр төлөвлөөд байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрчид, ажил олгогчид энэ хуулийг хэрхэн үнэлж дүгнэж байгааг судалж үзсэн. Үр дүнг Хүний нөөцийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр танилцуулна. 2011 онд МСҮТ, Их, дээд сургууль төгсчидийн дунд хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийхэд 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүн гарсан л даа. Түүнчлэн албан бус хөдөлмөр эрхлэх байдлыг ч судалж үзлээ.  Бид хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны таамаглал загвар боловсруулан хөгжүүлж  байгаа. Үүнийг БНСУ-н Аж үйлдвэр, Хөдөлмөрийн яам, Монголынхоо Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр боловсруулж, эхний үр дүнгээ танилцуулсан юм. Мэдээж энэ загвараа цаашид өргөжүүлээд хөгжүүлээд явна. Монголд анх удаа урт хугацааны таамаглал гаргаж, танилцуулга хийсэн нь бидний хувьд ололт гэж боддог. Энэ төсөл 2015 он хүртэл үргэлжлэнэ.

-Олон судалгаа хийжээ. Хэр чанартай болсон гэж үзэж байна вэ. Олон улсын аргачлал ашигласан уу?
-Бид Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг АНУ-ын “REND” корпорацтай хамтарч хийж эхлээд байна. Энэ компани олон арван жилийн туршлагатай дэлхийн судалгааны томоохон корпорац. Манай төслийн багууд хэд хэдэн удаа уулзсан. Хөдөлмөрийн салбарыг зөв оношлоход нэлээд ахиц гарах болов уу гэж найдаж байна. Төслийн багийнхны маань залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд дэлхийн томоохон сургуулиудын докторууд тусалж байгаа болохоор нэлээн сайн ажил болох байх. Мэдээлэл цуглуулах ажиллагааг хялбаршуулах үүднээс мобайл аппликейшн гаргасан. Судлаач цуглуулсан мэдээллээ гар утсаараа дамжуулан сервер рүү илгээх боломжтой болсон гэсэн үг. Энэ жил боловсруулалтын аппликейшнтэй болох бодолтой байгаа.

-Хүний нөөцийн менежерүүдийн хоёрдугаар чуулга уулзалт болох гэж байна. Энэ тухай мэдээлэл өгөөч. Өмнөх форумын үр дүн ямар болсон бэ?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх удаа Хүний нөөцийн удирдах ажилтны форум уулзалт зохион байгуулсан. Анхны форумаар хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэй холбоотой зөвлөмж, салбарын бодлого чиглэлд хэрхэн хамтарч ажиллах болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж гаргасан. Тэрхүү зөвлөмж 90-ээд хувиар хэрэгжсэн байна гэж дүгнэж байгаа. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд форумаас гаргасан зөвлөмж, санаа нэлээд тусгагдсан. Өмнөх форум маань үр дүн сайтай, зөвлөмжид жил бүр хийх санал гарсан учраас энэ жил хоёр дахиа зохион байгуулж байна. Цаашид уламжлал болгон явуулна.

-Энэ удаагийн форумаар хөндөх гол асуудал юу вэ?
-Засгийн газар болон яамнаас гаргаж байгаа бодлого шийдвэрт хүний нөөцийн менежерүүдийн болон хувийн хэвшлийн оролцоог бий болгоё. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлье гэсэн үндсэн зорилготой. Чуулганд оролцогчид хөдөлмөрийн салбарын эрх зүйн шинэчлэлд байр сууриа илэрхийлэх бөгөөд үндсэн гурван асуудлаар хэлэлцүүлэг явуулна. Үүнд Хөдөлмөрийн салбарын эрхзүйн шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг идэвхжүүлэхэд  болон  хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэдэг богино хугацааны сургалт явуулдаг байгууллагуудыг магадлан итгэмжлэх талаар санал бодлоо солилцон зөвлөмж гарна.
Хүний нөөцийн салбарт тулгамдаад байгаа гол асуудлыг энэ форум дээр ярилцана. Хүний нөөцийн ажилтанд төрийн үйлчилгээ үзүүлэх төрийн анхны бөгөөд ганц байгууллага нь манайх. Хүний нөөцийн мэргэжилтний ажил нь хөдөлмөр эрхлэлтэй холбоотой учраас Хөдөлмөрийн салбарын мэргэжилтэн гэсэн үг. Ийм болохоор бид үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэж үздэг.

-Чуулганы талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Ямар хүмүүс оролцох вэ?
-Зургадугаар сарын 11-нд Чингис зочид буудалд болно.Форумын оролцогчид нь хүний нөөцийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаач эрдэмтэн, докторууд, энэ чиглэлээр сургалт явуулдаг институт, академи, холбоо, сургалтын төвийн төлөөллүүд оролцоно. Одоогийн байдлаар 200-аад байгууллагад урилга хүргүүлсэн. Аль болох олон талын оролцоог хангах үүднээс 150 топ аж ахуйн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон, мөн цөөн ажилтантай байгууллагыг ийм аргаар сонгон оролцуулж байгаа. Хувийн хэвшлээс гадна төрийн байгууллагуудын Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулахаар бүх яамны хүний нөөцийн ажилтанд урилга хүргүүлсэн.

-Танай байгууллагын үндсэн чиглэлийн нэг нь хөдөлмөрийн салбарын мэргэжилтэнг мэргэшүүлэх. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид энэ тал дээр анхаарал хандуулахаас өөр аргагүй. Өнөөдөр бүхий л байгууллага хүний нөөцийн мэргэжилтэнтэй, томхон байгууллагууд албатай болсон.Салбарын сайд өнгөрсөн форумын үеэр “Хүний нөөцийн мэргэжилтэн бол хөдөлмөрийн яамнаас явуулж байгаа салбарын бодлогыг хэрэгжүүлэгч” гэж тодорхойлсон. Бид энэ онд хүний нөөцийн менежерүүдэд олон улсын туршлага, уламжлалт хүний нөөцийн бодлогын талаар оруулсан хөтөлбөртэй сургалт явуулахаар төлөвлөөд байна. Хүний нөөцийн мэргэжил олгодог сургуулиудын захирлын төлөөлөлтэй уулзахад хэд хэдэн санал тавьж байсан л даа.

-Тухайлбал?
-Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль олон байгаа ч чанартай сургалт явуулж чадахгүй байна. Тиймээс манай салбарт магадлал зайлшгүй хэрэгтэй гэдгийг захирлууд хэлж байна лээ. Магадлан итгэмжлүүлэх гэхээр итгэмжил хийж өгөх байгууллага байдаггүй. Аль нь сайн, аль нь муу вэ гэдгийг мэдэхгүй, реклам сурталчилгаанд итгээд сургуулиа сонгоход хүрдэг гэцгээж байна. Тиймээс энэ саналыг нь яаманд тавьж тодорхой шийдвэр гаргуулахыг зорьж байгаа. Гэхдээ магадлах үйл ажиллагааг зөвөөр ойлгох хэрэгтэй. Төр шууд орж байна гэдэг утгаар бус ерөнхий зохицуулалт хийх хэрэгтэй гэдгээр. Тухайн байгууллага хүссэн нөхцөлд магадлан итгэмжлэл явуулаад үнэхээр шаардлага хангаад итгэмжлэгдвэл тухайн байгууллагад нь л хэрэгтэй. Магадлан итгэмжлэлийн асуудлыг энэ удаагийн чуулганы үеэр хэлэлцүүлнэ.   
Мөн салбарын мэргэжилтэнг мэргэшүүлэх тал дээр олимпиад, хүний нөөцийн ур чадварын уралдааныг дэмжиж, хамтран зохион байгуулагчаар оролцдог.

-Олимпиад гэснээс энэ жилийн Хүний нөөцийн ур чадварын уралдаан нэлээд өргөн хүрээтэй болсон гэв үү?
-Энэ жилийн хүний нөөцийн менежерийн улсын уралдааныг Хүний нөөцийн мэргэшсэн менежерийн холбоо болон бусад олон байгууллагатай хамтарч зохион байгуулсан. Жилээс жилд оролцогчдын чанар сайжирч байна. Ер нь хүний нөөцийн менежментийг манай хувийн хэвшлийнхэн ойлгосон. Шавхагдашгүй нөөц болох хүндээ анхаарахгүй бол компаний хөгжил явахгүй гэдгийг ойлгох болсон нь анзаарагдсан. Жилээс жилд орол­цогчдын тоо ур чадвар өсч байгаа.

-Хүний нөөцийн менежер яг ямар чадвартай байх ёстой вэ?
Хүний нөөцийн менежер “ХҮН” хэмээх удирдахад хамгийн хэцүү нөөцийг удирдах, байгууллагын хамгийн чухал капиталд менежмент хийх ажил юм. Хүн насан туршдаа хүн хоорондын харилцаанд суралцдаг гэдэг. Хүн хэмээх тайлагдашгүй оньсого, шавхагдашгүй жинхэнэ баялгийг ухаалгаар удирдаж чадах аваас байгууллага зорьсон үр дүндээ түвэггүй хүрэх боломж олж авна. Байгууллагын хүний нөөцийн бодлогыг  /ажилтан шалгаруулж авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах гэх мэт/ боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй ажиллана. Ер нь хүнтэй харьцах нарийн урлаг эзэмшсэн байх хэрэгтэй л дээ.

-Хүнтэй харицах нарийн урлаг эзэмшсэн байх хэрэгтэй гэлээ. Ингэж мэргэшсэн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр хэр элбэг байдаг вэ?
-Ерөнхийдөө хүний нөөцийн менежерийг бакалавр,  магистр, докторын түвшинд бэлтгэхээс гадна 45 хоног, нэг жилийн богино хугацааны сургалтаар бэлтгэдэг. Бид богино хугацааны түр сургалтыг буруутгахгүй. Богино хугацаанд анхан шатны мэдлэгээ эзэмшиж гараад ажил дээрээ хөгжүүлээд дараа дараагийн шатанд суралцаад явах нь илүү тохиромжтой ч байж мэднэ.  Хүний нөөцийн менежер хөдөлмөрийн зах зээлд нэлээн сайн бэлтгэгдэж байна. Үнэхээр чадварлаг нь бий юу гэвэл байгаа. Үүний зэрэгцээ чадваргүй мэргэжилтэн олноор бэлтгэгдэж байгаа нь нууц биш. Тэгэхээр тухайн менежер ажил дээр гараад хэрхэн өөрийгөө дайчилж байна гэдгээс шалтгаална.  45 хоногийн сургалтанд хамрагдаад албаны дарга, газрын захирал хүртэл ажиллаад явж байгаа хүн ч бий. Дөрвөн жил бакалаврын сургалтад хамрагдчихаад ажлын байртай болж чадаагүй хүн байхыг ч үгүйсгэхгүй.

2 Сэтгэгдэл
Одоо энэ төр засаг Хүний нөөцийнхнийг ойлгодог хүн байхгүй болсон. Алтансүхийн Хөдөлмөрийн салбарт ажиллаж байх хугацаанд Төрийн зүгээс Хүний нөөцийнхний хөгжлийн төлөө ихээхэн ажлууд хийгдсэн байдаг. Улс орны хөгжил Хүний нөөцөөс эхэлнэ.
Мундаг залуу шүү
Хамгийн их уншсан