Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүхийг Шадар сайдад томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинээр томилох 19 сайдаас эхний 17 нэр дэвшигчийн асуудлыг баасан гаригийн үдэш 00:30 цаг хүртэл хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ танилцуулж, томилуулах хүсэлтээ илэрхийлэв. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид нь танхимаар хамтран ажиллах чадвартай, ажлын туршлагатай гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон. МАХН-аас Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид УИХ-д өргөн баригдаагүй байхад хуралдааныг эхлүүлснийг эсэргүүцэж, "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг чуулганы хуралдаанаар МАХН-аас сайдад нэр дэвшигчийг хэлэлцэхгүй бол завсарлага авахаа хэлсэн. УИХ-ын дарга З.Энхболд завсарлага авбал асуудлыг эхнээс нь хэлэлцэх болно гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Ерөнхий сайдад хандаж "Таны оруулж ирж байгаа бүрэлдэхүүнд авлигад холбогдож албан тушаалаа өгсөн хүн нэр дэвшиж орж ирсэн байна. Энэ нь хуулийн дагуух сонголт мөн үү" гэсэн асуултыг тавьсан.  УИХ-ын дарга З.Энхболд “С.Баярцогтын асуудал энд яригдаагүй” гэсэн тайлбарыг хийсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, "УИХ-ын дарга хамааралгүй асуудалд хариулахгүй байж болно гэж байх шиг байна. Гэхдээ би хариулъя. УИХ дээр Засгийн газарт хамтрах асуудлаар ажлын хэсэг байгуулан зөвшилцөл хийсэн. Хэвлэл мэдээллээр  ил тод мэдээлсэн. Засгийн газрын гишүүнээр томилох хүмүүс дотор гэмт хэрэгтэн байхгүй.  Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд гэмт хэрэгтэн болдог. Иймд гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье" гэлээ.

Хуралдаанаар нэр дэвшигч тус бүрийн асуудлыг хэлэлцсэн. Хамгийн эхэнд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцээд түүнийг 98.3 хувийн саналаар дэмжсэн. Үүний дараагаар ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар орлогоо нуусан гэх асуудлыг тодруулсан. Тэрбээр уг асуудалд, “Би АТГ-т 9 сарын турш шалгуулсан. Буруугүй гэдгийг тогтоосон.  Монгол гэдэг үгийн ард Хятад гээд бичсэн байсан. Бүртгэл хийсэн компани нь андуурчээ гэж уучлал гуйсан” хэмээн хариулав. УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ Оюутолгойн гэрээ ашигтай байсан эсэх, уг төслөөс Монгол Улс хэзээгээр ашиг авах тухай өөрийнх нь асуултад нэр дэвшигч С.Баярцогт тодорхой хариулт өгсөнгүй хэмээн шүүмжилсэн юм.

Хэлэлцэж буй асуудлын завсараар УИХ-ын дарга З.Энхболд нэгэн мэндчилгээ дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Арвин Буриад улсын Нийгмийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсанд тэрбээр баяр хүргээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Түүнчлэн цаг оройтсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх мягмар гарагт хуралдуулж, асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан