Нэгдүгээр ангийн хөтөлбөр болон сурах бичгийн асуудлаар Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, сурах бичгийн үйлдвэрлэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
БЕГ-ын дарга Х.Тамир "Зургаадугаар сарын 11-нээс нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг нээлттэй зарласан. Энэхүү тендерийн мэдэгдлийг 4 компани авсан. Улмаар энэ 4 компани зохиох боловсруулах ажлаа хэрэгжүүлж, 7 дугаар сарын 27-ны өдөр тендер нээхэд шаардлага хангасан компани гараагүй. Багц учраас бүрэн бус байсан. Мөн компанид тавигдах санхүүгийн шаардлага өөр бусад шаардлагад ч нийцээгүй.
Тиймээс дахин тендер зарлаж, есдүгээр сарын 9-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Улмаар хоёр компани шалгарсан. Ер нь сурах бичгийн ирүүлсэн эхэд дөрвөн байгууллагаас дүгнэлт авдаг. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөл, ХЭҮК, Жендерийн үндэсний хороо, Сурагчийн холбооноос сурах бичгийг сайжруулах санал дүгнэлт авдаг.
Энэ дагуу ч саналаа авсан. Эх зохион үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа баг, засвараа хийж байгаа. Засвар хийсэн байдалд нь Боловсролын ерөнхий газар хяналт тавьдаг. Үүний дараа боловсролын судалгааны үндсэн хүрээлэнгээс шинжээчийн баг томилогдож гардаг. Шинжээчийн баг хөтөлбөрт нийцсэн байдал , агуулга, аргазүй, үнэлгээний түвшинг үнэлж, сурах бичгийн үндсэн шаардлага хангаж байгаа хэсэг дээр дүгнэлт гаргадаг.
Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хэвлэлийн газарт агуулгын болон техникийн редактор ажилладаг.
Аравдугаар сарын 1-ны байдлаар цахим сайт дээр бүх сурах бичгийн эхийг нээлттэй тавьсан байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд сурах бичиг бүрэн хүргэгдсэн байгаа. Нийслэлийн боловсролын газар сургуулиудад сурах бичгээ хүргүүлээд дуусаж байгаа. Орон нутагт 17 аймагт сурах бичиг бүрэн хүргэгдсэн. Үлдэгдэл ном орон нутаг руу ачигдаад гарсан байгаа.
Нэг сурах бичиг нь 74700 ширхэг хэвлэгдэж байгаа. Нийтдээ сая 300 мянган хэвлэгдсэн байгаа" гэв.
























