Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Удвал: Иргэдийн дунд хэвшмэл ойлголт болсон архичин хэмээх нэр томьёог халж хаях нь зүйтэй болов уу

Архидан согтуурах нь хувь хүний асуудал биш гэр бүл, нийгэм хамт олонд давхар нөлөө үзүүлж байдаг архагшин даамжирдаг өвчин болохыг шинжлэх ухаан нотолсон. Архидалтыг бууруулах дэлхий нийтийн чиг хандлага нь согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтыг чангатгах, иргэддээ архидалтын хор хөнөөлийн талаар иргэний боловсрол олгох замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сэтгэл засал, оюун санааны эдгэрлийн хөтөлбөрийн дагуу архины асуудалтай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх гэсэн зарчмууд дээр тулгуурлаж байна. Манай улсын хувьд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвалыг урьж ярилцлаа.


-Та архичин гэж нэрлэгдэх хүмүүсийг ээж хүний нүдээр хараад юу гэж боддог вэ?
-Архидалтыг хувь хүний ёс суртахуунтай холбож ойлгодог цаг нэгэнт өнгөрчээ. Дэлхий нийт архийг хэтрүүлэн хэрэглэх явдлыг хүний эрүүл мэнд, зан үйлтэй холбон үзэж байна. Иймээс юун түрүүнд иргэдийн дунд хэвшмэл ойлголт болсон архичин хэмээх нэр томьёог халж хаях нь зүйтэй болов уу. Бид архины асуудалтай хүмүүсээ хайхардаггүй, ойр дотноор харьцдаггүй, гадуурхаж ханддагаас тэд бүр нийгмээсээ тусгаарлагдсан нэгэн давхарга бий болсон. Энэ бүгдийг ээж хүний нүдээр хараад сэтгэл эмзэглэж явдаг. Архи уудаг хүмүүс амьдралд ямар ч итгэл, үнэмшилгүй болсон юм шиг надад санагдсан. Хэрвээ болдогсон бол бүгдийг нь эдгэрүүлээд эрүүл болгоод авах юмсан, бүгдэд нь итгэл өгөх юмсан гэж бодох юм.

-Манай улсын хувьд архидалт залуужиж байгаагаас гадна сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэх явдал өсвөр үе, залуучуудын дунд бий болсон талаар иргэд, олон нийтийн дунд яригдах боллоо. Таны бодлоор  энэ бүхэнд юу нөлөөлж байна вэ?
-Манай яам “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагуудтай хамтран 2009 онд “Өсвөр үеийхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох судалгаа”, 2010 онд “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн зүйл заалтуудын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ, 2011 онд “Өсвөр үеийхний дундах мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэгийн түвшин тогтоох” судалгааны ажлыг улсын хэмжээнд тус тус зохион байгуулсан юм. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 70.6 хувь нь ямар нэгэн хэлбэрээр согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 3.3 хувь нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Энэ үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байгаа юм. Хүүхэд, залуучууд архи, цаашлаад мансууруулах бодисыг яагаад сонирхож хэрэглэх болов гэсэн асуулт гарч ирнэ. Миний бодлоор энэ бүгдэд хөндлөнгөөс олон хүчин зүйл нөлөөлж байна гэж боддог. Интернэт, кино, хэвлэл мэдээллээс хүүхдүүд архи, мансууруулах бодистой холбоотой мэдээ, мэдээллийг чөлөөтэй олж авах боломжтой болсон бөгөөд энэ нь тэдгээрийг хэрэглэх сэдлийг хүүхдүүдэд төрүүлж байна. Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа нь нөлөөлж байна. Эцэг, эхийн зүгээс үр хүүхэддээ тавих хяналт сул байгаа нь хүүхэд, залуучуудыг хорт зуршилд автахад нөлөөлж буй гол шалтгааны нэг гэж би боддог.

-Гэр бүлд архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн байгаа бол түүний цаана олон хүн архины давхар хамааралд өртдөг. Залуу гэр бүлд, тэр тусмаа эхнэрүүдэд та юу зөвлөх вэ?
-Хэрвээ залуу гэр бүлд аав нь архи ууж байгаа бол мэдээж хүүхдүүд нь нялх балчир байж таарна. Энэ тохиолдолд залуу эзэгтэй нартаа зөвлөхөд юуны түрүүнд та түүнийг битгий өөрөөсөө холдуулаачээ, аль болох түүний сэтгэл зүрх рүү нь орж, бид чамайг хайрлаж байна шүү, чи бас биднийг хайрлах хэрэгтэй байна хэмээн ухамсар оюун ухаанд нь ойлгуулах гэж хичээх хэрэгтэй. Хүн чинь ухаантай амьтан биз дээ. Өөрөөсөө холдуулахгүйгээр аль болох гэр бүлдээ энэ хүнээ ойлгуулж ухааруулах хэрэгтэй. Архинаас болж олон сайхан залуу хосууд, гэр бүлүүд хэрэлдэх, муудах, улмаар салж сарниж үр хүүхдүүдээ аав ээжийн халуун дулаан элэг бүтэн хайраар дутаадаг. Архины асуудал нь дан ганц гэр бүлийн асуудал бас биш учраас төрийн бус олон нийтийн байгууллагууд тэдгээр гэр бүлүүдтэй хамтарч ажиллах юм бол үр дүнтэй байх болно. Манай төрийн бус байгууллагууд ийм гэр бүлүүдэд очиж туслалцаа үзүүлдэг, зөвлөдөг байх нь их хэрэгтэй юм. Залуу ээж нарт зөвлөгөө өгөх, сургалт хийх,  архины хамааралтай хүнийг нь  эрүүлжүүлж, цаашид зөв амьдрахад нь дэмжиж тусалдаг олон нийтийн байгууллагууд маань өөрсдөө хүндээ, гэр бүлдээ хүрч очиж үйлчилгээ үзүүлдэг, мөн нөгөө талаас архины асуудлаа шийдэж чадахгүй байгаа иргэд ийм байгууллагуудад хандаж мэргэжлийн зөвлөгөөг авдаг байх гээд энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд нь бид бүх талаар дэмжиж ажиллахыг зорьж байна.

-Архи тамхины хэрэглээг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Архидан согтуурахтай тэмцэх, хор холбогдлыг нь бууруулах ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагддаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулж чадсан улс орнууд тодорхойлсон байдаг.
Архины хэрэглээг бууруулах ажлыг олон нийтийн оролцоонд түшиглэж явуулах нь оновчтой бөгөөд үр дүнтэй арга хэлбэр гэж боддог. Дан ганц төр тэр дундаа хууль, хүчний байгууллагууд тэмцээд шийдвэрлэж чадахгүй болох нь амьдралаас харагдаж байна. Хүмүүс ухамсраараа архийг худалдан авахгүй л бол хэрэглэгчгүй болсон үйлдвэрлэл, үйлчилгээ аяндаа зах зээлээс шахагдана. Хорих, хязгаарлах аргаар бид олон жил тэмцэж ирсэн. Жишээ нь: Сар болгоны эхний өдрийг архи худалдаалдаггүй өдөр болгосон. Гэтэл  хүмүүс тэр өдөр болохоос өмнө архиа аваад нөөцөлдөг болчихсон байна. Энэ өөрөө юуг харуулж байна вэ гэхээр хууль, журмаар архины хэрэглээг хязгаарлах гэж оролдсоноос хүмүүст архи хэрэглэхгүй байх хандлагыг төлөвшүүлэх талаар олон талт үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор явуулах нь үр дүнтэй болно. Энэ жилээс эхлэн манай яам 14 төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

-Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяанд биш эрүүл мэндийн байгууллагын харьяанд байвал ямар вэ?
-Эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн байгууллагын харьяанд байлгамаар байгаа юм. Эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүмүүс өөрийн хяналтаа алдаж зан төрхийн өөрчлөлтөнд орсон байдаг тул харуул хамгаалалт зайлшгүй хэрэгтэй болдог. Тэгэхээр эмчилгээг нь эрүүл мэндийн мэргэжлийн хүмүүс хийдэг, харуул хамгаалалтыг нь гэрээгээр хууль, хүчний байгууллага гүйцэтгэдэг байж болно. Энэ ажлыг заавал төрийн байгууллага биш төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд ч хийж болно. Үүнийг нь хууль эрх зүйгээр зохицуулах ажлыг бид хийх хэрэгтэй байна.

-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд боловсролын тогтолцоог өөрчлөх талаар та юу хэлэх вэ?
-Бид шинжлэх ухааны академик сургалтыг боловсролын тогтолцоондоо чухалчилж үздэг байсан. Энэ чухал. Би үүнийг нэг жишээн дээр тайлбарлая. Би одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө хувийн ажлаар Бээжин явж байхдаа нэг эмэгтэй хүүхэдтэй вагонд таарсан. Тэр хүүхэд надад “- Эгчээ та буусан буудалдаа намайг хамт буулгаач, би Швецарийн виз авах гэж шашны байгууллагын шугамаар явж байгаа гэсэн. Тэр хүүхэд орой болоход Библи судар гаргаад уншина. Би өөрөө шарын шашинтай хүн. Гэхдээ тэр хүүхдийг маш их үнэлсэн. Яагаад гэхээр тэрээр надад хэлэхдээ “- Би дунд сургуульд сурч байхдаа дэлхийн хаана нь Альпийн нуруу байдаг, хаагуур Амозонк мөрөн урсдаг, энд нам дор газар, тэнд өндөрлөг газар байдаг тухай маш сайн мэдлэгтэй болсон. Дараа нь дээд сургууль төгссөн. Тэгсэн хэдий ч  газрын зураг аваад хотоор явж чадахгүй байна. Та энэ газрын зурагтай ажиллаж чадах уу? Энэ гудамжинд яаж хүрч очих вэ? Та надад олоод заагаад өгч чадах уу?” гэж асуусан. Гэтэл би яагаад хотын газрын зураг дээр ажиллаж  чадахгүй байна вэ? Гадаадын жуулчин хөгшин, залуу ямар ч насны хүн байсан зөвхөн газрын зураг хараад л ганцаараа очих газраа очоод үзэх юмаа үзчихдэг. Тэдэнд бүр багаас нь ингээд заагаад өгчихдөг. Гэтэл бид яагаад ингэж чадахгүй байгаа юм бэ? Архинаас урьдчилан сэргийлэх ажлыг яг ингэж заах хэрэгтэй. Энэ бүгд чинь бидэнд боловсролоор олгогдож байх ёстой юм. Биднийг бага байхад аав ээжийн хэлж сургаж байсан сургаалууд бидний боловсролоор олох ёстой тэр ойлголтууд байдаг. Аягаа цэвэрхэн байлга, аяганы алчуураа заавал угааж бай гэж аав ээж сургадаг байсан. Чингис хаан “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж амс, жар хүрээд жаргаж хүрт” гэж сургасан байдаг. Үүний цаана бидний сурах ёстой эрүүл мэндийн боловсрол явж байна. Одоогийн боловсрол олгож байгаа системд ийм юмнуудыг заах цаг нь бага байдаг, тэгвэл үүнийг юунаас нь яаж эхэлж заах вэ гэдэг талаар аав ээжтэй нь хамтраад хэн нь юуг хийх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Дэлхийн стандартад бага боловсролыг  заавал төрөөс олгож байх ёстой гэж үздэг. Харин энд юу байх вэ гэдэгт өөрийн улс орны өвөрмөц онцлог, орчин нөхцөл, дэлхийн чиг хандлага, өнөөгийн шинжлэх ухааны хүрсэн түвшин гээд олон зүйлийг харгалзан үзэх нь чухал.

-Дэлхийн олон оронд албадан эмчилгээг олон нийтийн байгууллагуудаа түшиглэн зохион байгуулдаг. Манай улсын хувьд зөвхөн төр үүнийг хэрэгжүүлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бидэнтай хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд бий гэж хэлсэн. Эдгээрийн дотроос архины хамааралтай хүмүүст асуудлаа шийдэхэд нь тусалж дэмждэг, эрүүл зөв аж төрөхөд нь чиглүүлэх гэх мэт үр дүнтэй ажиллаж байгаа байгууллагууд бий. Түүнээс биш төр өөрөө бүх ачааллыг үүрч чадахгүй л дээ. Зах зээлийнхээ жамаар үүнийг мэргэжлийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж ч хийгээд явж болно. Харин энэ ажилд нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх энэ харилцааг нь хуульчлаад өгөх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь үр дүнг нь эргээд шалгадаг байх нь чухал. Хичнээн хүн, айл гэр архины асуудлаа шийдэж чадсан юм, цаашлаад нийгэм өөрөө эрүүлжиж байна уу гэдгийг нь харин шалгадаг, хянадаг байх хэрэгтэй.

-1990-оноос өмнө архины асуудалтай иргэдийг хорьж цагддаг хуультай байсан. Харин өнөө цагт хуулийн агуулгад хүнийг ухааруулж, хийсэн гэмээ засах боломжийг хир тусгаж өгсөн талаар хэлэхгүй юу?
-Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль гэх мэт бусад хуулиудыг хооронд нь маш сайн уялдуулах шаардлагатай байна. Эдгээр хуулиудын хариуцлагын төрлүүдийг өөрчлөх хэрэгтэй санагддаг. Хөгжилтэй орнуудад архины асуудалтай иргэнээ хаана явааг нь хянадаг, архи уусан тохиолдолд машин барихад дохио өгдөг ч юмуу тиймэрхүү мэдрэгчтэй багажуудыг уг хүндээ зүүгээд өгчихсөн байдаг. Архины асуудалтай хүн уугаад гэр орондоо агсам согтуу тавих, согтуугаар машин жолоодоход бусад хүмүүс тэр дохиог хурдан хүлээж авдаг төхөөрөмжүүд бий болчихжээ. Би Шинэ Зеландад гэр бүлийн хуулийн ажлын хэсгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн талаар судлаад явж байхад архины хамааралтай хүндээ дохио өгдөг гав шиг юм зүүгээд  өгчихсөн байсан. Уг хүн маань дахин архи уухгүй гэж баталгаа өгөөд тэрийг зүүдэг. Тэгээд аль болох л уухгүй байхыг хичээдэг ч өвчин болохоор архи уугаад гэр бүлдээ агсам согтуу тавьдаг. Хэрвээ архи уугаад агсам тавих тохиолдолд цаанаа тэр нь хянагдаж байдаг, хэрвээ 10 удаа   архи уугаад дохио нь хянагдсан бол хариуцлага нь нэмэгддэг байх жишээтэй. Ийм юмыг бид судлах ёстой, үзэх ёстой. Бид дан ганц цаасан дээр сураад судлаад явах нь учир дутагдалтай, аль болох өөрсдөө явж үзэх хэрэгтэй, өөр улс орны согтуу хүний харцыг харах хэрэгтэй. Хүн төрөлхтөн адилхан гар хөлтэй, уураг тархитай байдаг ч тэдний амьдарч  байгаа орчин нь өөр өөр. Бид хууль хийхдээ байгаа орчныг нь харахгүйгээр хуулийн ийм зохицуулалт байна гээд хийснээс манайхан амьдралд нийцэхгүй хууль хуулаад гаргалаа гэж ярьдаг. Тийм болохоор өөрсдөө явж үзэж, байгаа орчинг нь мэдэрч байж дараа нь цаасан дээр буулгах юм бол амьдралд ойр болно. Энэ нь дэлхий нийтийн хандлагыг ч харахад амар шүү дээ. Эрүүлжүүлэх байранд хорьж цагддаг чинь ингэж өөрчлөгдөж байгаа юм байна, хүний эрхийг эмчилгээнд ингэж авч үзэж байна гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болно. Энэ чиглэлээр бид маш их зүйлийг сурч мэдэх шаардлага залуучуудад, төрийн албан хаагчдад бий болжээ. Мэдээлэл олж авах, судлах өргөн боломжууд өнөө цагт нээлттэй болсон байна. Ингэж явж үзэж, мэдэрч, харьцуулж, судалж байж сая хууль боловсруулах тухай ярина, түүнээс би олон ном уншиж судалсан гэдгээр хуулийг хийхгүй л дээ.

-Эцэст нь та уншигчдад маань хандаж юу хэлэх вэ?
-Бидний зорьж хийх гэж байгаа асуудлууд дотор хамгийн  чухал нь хүний хөгжлийн тухай асуудал юм. Хүний хөгжлийн нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь монгол хүний эрүүл мэндийн асуудал.  Иргэдийн нас баралтанд хамгийн их нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлүүд нь юу байна вэ гээд аваад үзэхээр халдварт өвчин, аюултай өвчнүүдээс  илүүтэйгээр бидний өөрсдийн буруу зан үйл, архи, тамхи, буруу хооллолт, осол гэмтлүүд орж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс бид өөрсдөө амархан шийдэж болох хүчин зүйлүүд байна. Үүнийг нь олж хараад бодлогоо тодорхойлж хүнээ хөгжүүлээд явах юм бол шийдэж болно. Ардчилсан улс орон гэдэг нэрийн дор нийгэмтэй харьцах харьцаа, гэр бүлээ авч явах үйлдэл, боловсрол, эрүүл мэнд гээд бүх л асуудлуудаа амиа хичээсэн, бусдын биш зөвхөн өөрийгөө бодох сэтгэлгээгээр буруу ярьж ойлгож байна. Энэ буруу ойлголтоосоо салах цаг болжээ. Нийгэм өөрөө хөгжих хэрэгтэй байна. Уг нь монголчууд уудам талынхаа энгээр сэтгэдэг ард түмэн шүү дээ.

Эрх зүйч, улс төр судлаач, багш мэргэжилтэй энэ эгэл эмэгтэйтэй уулзсан ярилцлага маань ингээд өндөрлөж байна. Түүний ажлын өрөөнд нэгэн хүндтэй дурсгал байсан нь хорих газарт эрхээ хасуулсан залуугийн өөрийн гараар өнгө уусган шагласан сарнай бүхий өрөөний цаг байлаа. Хатагтай В. Удвал тэр цагийг ажлын ширээнийхээ өөдөөс харуулан хаалганыхаа дээр өлгөжээ. Энэ талаар тэр хэлэхдээ”- Энэ цагны суурь дэвсгэрийг нь урласан залуу ямар ч эмэгтэй хүнээс дутахгүйгээр  цэцэгний өнгийг маш нарийн уусган хатгаж чадсан. Энэ залуу шиг алдаж эндсэн олон сайхан аавын хүүхдүүд хорих газарт байна. Тэнд бас  маш сайхан хоол хийж сурсан нэг эрэгтэй надад “-Би эндээс гараад гэрийнхэндээ өөрийнхөө гарын хоолыг хийж өгөх юмсан гэж яарч байна. Урьд нь би гэртээ огт хоол хийж байгаагүй. Эндээс гарахаараа  тогооч хийнэ” гэж ярьсан. Дэд сайд маань цааш нь үргэлжлүүлэн “Хүмүүс олон янз байдаг, хамгийн гол нь бие биенээ хүндэтгэж, ойлголцож, итгэл өгч байх хэрэгтэй. Хүн өөртөө төвлөрч чадваас хэн ч өөрчлөгддөг”  гэж ярьсан.   

"Эрүүл мэндийн увдис" сэтгүүлээс
Ярилцсан Б.Батжаргал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан