Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэнцвэржүүлсэн зохион байгуулалттай Засгийн газар хүнд ачаа үүрэхээр зориглон айсуй

Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргааш “элэг бүтэн” болно. Тэрбээр шинэчлэлийг үргэлжлүүлж, асуудал байгааг олж харж ханалаа одоо шийдье, хариуцлагатай байя хэмээн Засгийн газрынхаа имижийг тодорхойлсон. Түүний “гал тогоо”-нд С.Баярцогт нэр дэвшээд байна. С.Баярцогтыг басах, муулах шиг амархан зүйлгүй ч түүний “тархи”-ийг үнэлэхгүй өнгөрөх аргагүй. Үнэндээ Оюутолгойн гэрээг түүнээс өөр Сангийн сайд гардан хийлцсэн бол бүр дордуулах ч байсан байж мэднэ. Оюутолгойн гэрээн дээр ажиллах хугацаанд С.Баярцогт гэдэг залуу улстөрчийн толгойд хэдэн ширхэг цагаан үс нэмэгдсэнийг хэн ч таашгүй. Ямартай ч маш богино хугацаанд тун их ядарсан, түүнийгээ нууж ихээхэн эрч хүчтэй ажиллаж түүхэн том гэрээний ард гарсан нь үнэн. Мөн тэр хэмжээгээрээ хардагдсан нь бас үнэн билээ. Өнөөдөр Тавантолгой, Цагаансуварга, төрийн өмчит зарим компанийг хувьчлах буюу харьяа байгууллагад хариуцуулах зэрэг олон ээдрээтэй ажил, том хариуцлагын өмнө АН-ынхан мөн л түүнийг “чулуудчихлаа”. Тэр чадна. Хийсэн бүхэн буруутдаг. Гэхдээ хийх л ёстой гэдэгтэй тэр хэдийнэ эвлэрсэн.

Шадар сайд У.Хүрэлсүх мөн л түүнтэй ижил зориглон орж ирлээ. Түүнийг бас тайван байлгадаггүй. Тэр өөрөө ч тэр нөхцлийг бүрдүүлдэггүй. Яг үнэндээ түүнтэй адил нэр хүндээ хайрлан хамгаалахыг эрхэмлэх бус хэзээ ч, юуны ч төлөө туг хийсгэж сэлэм гялалзуулан орж ирэх хэн нэгнийг Монголын улс төр хэсэгхэн зуурт үгүйлсэн. Тиймээс ч түүнийг эргэн ирэхэд сонирхож, хүндэтгэж, бас гашуун үгтэйгээр угтахаа мартаагүй. Их хурлын гишүүнийг “элэгдэж” дараа нь хариуцлагаа хүлээн гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр одсон түүнийг улс орны эрх ашигт тэгтлээ айхавтар хор уршиг тарьчихаагүй, тэр ч хэрээрээ эргэн ирэх нүүртэй байна гэцгээж буй. Хэчнээн сайн генсек ч сонгуулийн настай байдаг гэлцдэг бол сайн Шадар сайд түүнээс хавьгүй “урт насалдаг”. Иймд түүнд итгэл хүлээлгэж олон чухал агентлагийг гарт нь атгуулж ажлын хүндийг залуу нас, эрч хүч, эр зоригт нь даатгаж өглөө.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ч.Хүрэлсүх....Энэ залуусын үе ирсэн биш гэж үү. Тэд улс төрд хат суулаа. Алдаж, онож үзлээ. Унаж босоод, шороогоо гүвээд уучлал хүсэн орж ирэх сэтгэлийн тэнхээтэй болж. Ажиллах арга барил, өөр өөрийн бүтээсэн өнгийг олсон тэдэнд итгэл хүлээлгээсэй гэж хүсдэг ард түмэнтэй, фенүүдтэй болсон байна. Нэг Засгийн газарт тулгын гурван чулуу шиг хамтран ажиллах гэж буйг нь харахад таатай байна.

Тэднээс гадна Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Монгол Улсын сайд”-аар ажиллана. Түүнийг, түүний тархийг ашиглах хүлээлт ч бас байсаар ирсэн. Тэр тусмаа Оюутолгой, Тавантолгойн ордоос эхлээд уул уурхайн болон бүтээн байгуулалт, дэд бүтцийн мега төслүүдийг түүний гарт атгуулчихвал буруутахгүй гэдэгт олон хүн итгэдэг. Өмнөх Ерөнхий сайд түүнд энэ эрхийг өгөөд үзсэн ч салбарынхаа удирдлагуудтай ойлголцолгүй төдөлгүй холдсон. Харин одоо тэр өөрийнхөө толгойгоор ажиллах боломж ирлээ. Хэрхэн ажиллахыг нь харж байя.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “битүү морьд”-ын нэг. Түүнийг хэрхэн ажиллахыг таахад бэрх төдийгүй ирэх оны төсвийг олонхоос илүү МАН-ынхан сайн мэдэж буй. Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн “боож авсан” төсвөөрөө хэрхэн хүндрэлийг давж ямар бодлогоор ажиллахыг нь зөвхөн харж, хүлээж суух л үлдэж байна. Энэ бол “орон нутгаас” шууд Сангийн сайдад томилогдсон түүний хувьд том сорилт, бас боломж болох юм.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролын хувьд МАН-ын улстөрч эмэгтэйчүүдийг туршлагаараа манлайлдаг, аль эрт сайд болох хүлээлттэй байсан кандидатуудын нэг. УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдоод байгаа тэрбээр алсын том зорилготой энэ салбарын ирээдүйг тун эвлэгхэн, шинжлэх ухааны талаас нь төдийгүй, улс орны нийтлэг эрх ашигт нийцтэй аваад явчихаж чадна гэж найдаж буй.

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав, Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг нарын хувьд “Мэргэжлийн, туршлагатай, салбартаа танигдсан” гэдэг гурван тодорхойлолт тулгуур чанар нь болж энэ Засгийн газрыг “өнгөлөх” нь лавтай.

Мөн УИХ-д гурвантаа сонгогдон ажиллаж буй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ удаад улирч ажиллахдаа соёлын салбар гэдэг улс орны нэрийн хуудас болсон нэгэн том салбарыг нэмж удирдахаар болжээ. Түүнтэй хамт улиран томилогдохоор дахин нэр дэвшсэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын хувьд “бага ярьж ихийг хийснийг нь” АН үнэлжээ гэж үзэж болохоор байна.

АН-аас Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, МАН-аас Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү нарын хувьд нам тус бүрээсээ бэлтгэгдсэн, улс төр, бизнесийн салбарт үзэх ёстой “зовлон, жаргал”-ыг нь туулсан, тухайн салбартаа ажиллаж байсан туршлагаараа шинэлэг байх итгэл төрүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмон, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарыг “хуучин намтар”-аараа “шинэ ажил” хүлээж авах гэж байгаа нь үнэний хувьтай ч энэ нь ямар ч ажлыг хийж, асуудлыг зөв харж чаддаг гэсэн үнэлэмжээр намын хамт олон нь итгэл хүлээлгэсэн биз ээ.

Шинээр томилогдож буй сайд нараас “Үүнийг л яаж ажиллахыг харъя” хэмээн харж суух шинэ кандидатууд цөөнгүй буйн дотор хамгийн сонирхолтой бөгөөд нэн хариуцлагатай үүрэг авсан нь Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт нар юм. Бүх салбар чухал ч түүний дундаас улс орны хөгжил, иргэн бүрийн амьжиргаанд онц чухал эдгээр салбарыг шинэ хүмүүс хэрхэн удирдах нь анхаарал татахгүй байхын аргагүй. Тэр тусмаа Р.Бурмаа, Д.Зоригт нарын тухайд “дан дээлтэй” гишүүн байх нэг хэрэг. “Дээлээ давхарлаад” ачааллаа нэмж Засгийн газрын гишүүн болоод хэрхэн ажиллах бол гэдэг томоохон итгэл хүлээлгэж буй явдал гэдгийг өөрсдөө лавтай ойлгож буй биз ээ.

Ямартай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргааш хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар элэг бүтэн болно. Ажлын туршлага, амбийц хоёрын хоорондын ялгаа, шинэ, хуучин улстөрчдийн цул хийгээд бодлогын нэгдэл гээд нэлээд тэнцвэржүүлсэн зохион байгуулалт бүхий энэ танхим урт настай байж, үр дүнд нь зорилт бүхэн нь биелж иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны хөгжил дэвшилд томоохон ахиц гарах болтугай гэж ерөөе.

Н.Батнягт
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан