Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр төвширлөө, түмэн олон амрах уу

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь хэлэлцэж, баталлаа. Ерөнхий сайд нийт 18 гишүүнтэй танхим удирдаж ажиллахаар болсон. Үүнд, Ардчилсан намаас ес, Монгол Ардын намаас зургаа, “Шударга ёс” эвслээс гурван гишүүн Засгийн газарт багтахаар болсон юм. Ардчилсан намын гишүүдээс хоёр нь хуучин засгийн үед сайд байсан бол бусад нь шинээр томилогдов. Мөн наймын дотор зургаа нь “давхар дээлтэй” буюу УИХ-ын гишүүн байгаа бол үлдэж буй хоёр нь давхар алба хашихгүй. Тэгвэл МАН-ын зургаа дотор Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас бусад нь парламентын гаднаас орж ирж буй сайд. “Шударга ёс” эвслийн хувьд ч “дан дээлтэй” сайдыг илүүд үзэж Ц.Цолмонгоос бусдыг нь намаасаа сонгожээ. Сайд нарын хувьд,
Шадар сайд У.Хүрэлсүх-МАН,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  С.Баярцогт-АН,
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн-АН,
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол-МАН,
Сангийн сайд Ж.Эрдэнэбат-МАН,
Хуульзүйн сайд Д.Дорлигжав-АН,
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат-АН,
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар-МАН,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр-АН,
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү-МАН,
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ-АН,
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг-МАН,
Уул уурхайн сайд Р.Жигжид-АН,
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа-АН,
Эрчим хүчний сайд Д.Зоригт-АН,
Монгол Улсын сайд М.Энхсайхан-“Шударга ёс” эвсэл,
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон-“Шударга ёс” эвсэл,
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба-“Шударга ёс” эвсэл.

Парламентад сонгогдсон намуудын гишүүний суудлын тоогоор хуваарилахад дээрх бүтэц тодорч, хоёрхон ги­шүүн­тэй ИЗНН-д нэг ч яам оногдоогүй. Бүрэн зөвшилц­лийн Засгийн газрын гишүү­дийг УИХ-ын чуулганаар шуур­хайлан баталсан гэхэд бол­но. Учир нь, гурван талаас зөвшилц­лийн ажлын хэсэг гарч, харилцан ойлголцлоо ба­тал­гаа­жуулсан болохоор тан­химд давтан нуршиж, шүүн хэлэлцэх шаардлага ч байгаагүй биз. Хамгийн гол нь, албан ёсны Засгийн га­зар­гүй Монгол Улс сар гаруй бол­сон учраас яаралтай эмх­лэн баталж, төрийн аж­лыг үр­гэлжлүүлэх нь гол шаард­лага байсан юм.

Хамгийн олон асуултад ха­риулж, санал сонсч, удаан хэлэлц­сэн сайдын суу­дал нь Л.Гантөмөрийнх юм. Шинэч­лэлийн Засгийн газ­рын Боловсрол, шинжлэх ухаа­ны сайдаар ажиллаж бай­сан тэрээр шинэ Засгийн га­зарт өмнөх бодлогоо үргэлж­лүү­лэх­дээ соёлын салбарыг нэмж үүрэхээр болсон. Бага, дунд, дээд боловсролын тогтолцоо, шинэчлэл, нөхцөл байдал гээд маш олон зүйлийн талаар УИХ-ын гишүүд тодруулж, шүүмжилж, зөвлөж байлаа. Томилогдож буй сайд нарт хандаж үг хэлсэн хүмүүсийн дунд “Миний тэр нэг хуулийн төслийг дэмжиж ажиллаарай, биднийг хүлээн авч уулзаарай, цаг гаргахыг хүсье” гэхчлэн хувийн шинжтэй үгс ч цөөнгүй таарч байсныг хэлэх хэрэгтэй.

С.Баярцогтыг сайдаар томилохын өмнө Оюу толгойн гэрээний чанар, хариуцлага болон оффшор дансны талаар дурдаж байсан бол Д.Оюунхорол хариуцлагатай уул уурхайн чиглэлээр түлхүү ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гадаад харилцааг хариуцахаар болсон П.Пүрэвсүрэнгийн хувьд Монгол Улсын нэрийг хилийн чанадад сайнаар таниулах, муугаар бичигдэж буйг зогсоох тухай сануулга очиж байв. Харин Сангийн сайд болсон Ж.Эрдэнэбатыг намын нөхөд нь сан хөмрөггүй болж хоосорсон яам толгойлох болсон тул зээл, төсөвтэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд дэлгэхийг сануулаад амжилт хүссэн. Түүнийг хянаж ажиллах Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн шинэ сайдад одоогийн нөхцөл байдал ямар байгааг тодорхойлоод хожим ажлаа хүлээлгэж өгөхдөө ямар өөрчлөлт гарсныг илэрхийлж чадахаар ажиллаарай гэв. Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаад Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжавын хувьд туршлагатай улстөрч. Тийм ч учраас Үндсэн хуулиас өгсүүлээд цагдаагийн форм өмсгөл хүртэл бүх хүрээний асуудлаар гишүүд ам асууж байр суурийг нь тандсан. Харин Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаад аж үйлдвэрийн салбарыг жолоодох үүрэг хүлээсэн Д.Эрдэнэбатын хувьд өчигдөр хамгийн хурдан томилогдсон сайд боллоо. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “дан дээлтэй” болох уу гэж товч асуухад “Хуулиа дагана аа” хэмээн товчхон хариулсан. Харин үг хэлэх гишүүд нэлээд олон болж ирэхэд УИХ-ын дарга “Бидний хөдөлмөрийн бүтээмж муу байгаа тул шуурхайлъя” гэснээр хэн ч үг хэлэлгүй санал хурааж, томилов. Үүний дараа МАН-аас сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатарыг Барилга, хот байгуулалтын сайдаар батлахад тийм ч их хугацаа зарцуулаагүй боловч Л.Гантөмөрийн хувьд эсрэгээрээ байв. Боловсролын салбарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, өнөөг хүртэл зоригтой ажилласан залуу сайд өмнөх ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой байвч УИХ-ын гишүүдэд тэгж санагдаагүй бололтой, асуух, тодруулах, лавлах, шалгаах зүйл олон гарлаа.
Үүний дараа өчигдөр томилсон 17 сайдын дөнгөж ес дэх хүний асуудал дээр ирэв. Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүүгээс авто зам, төмөр зам, агаарын тээвэр, иргэний нисэх гээд олон чиглэлд байр суурийг нь сонирхох гишүүд байсан. Сургууль төгсөөд сайд болчихдоггүй гэдгийг ч төрийн албан хаагчийн туршлага хомс байгаад нь үндэслэн хэлэх хүн гарлаа. Гэвч залуу хүн түргэн суралцаарай гээд амжилт хүсч баталсан юм.

Дээрх сайдуудын 15 нь яам хариуцаж, С.Баярцогт Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг хүлээн авна. Хэдийгээр Төрийн тэргүүнээс цомхотгол, өөрчлөлтөөс зайлсхий гэсэн зөвлөмж өгсөн боловч бүтэц толгойлж буйн хувьд халаа сэлгээ хийх нь тодорхой. Өнөөдрөөс эхлэн хэсэг хугацаанд тэр үйл ажиллагаа үргэлжилнэ. Үүний эцэст Засгийн газар сая цэгцэрч, төр төвширч, түмэн олон амрах биз. Гэвч монголчуудад хийх ажил их бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан