Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Горилогчид дундаас шигшигдэх АН-ын дэд сайдууд

Нам намаас дэд сайдуудын сураг дуулдсаар. Өдрөөс өдөрт нэг хүний нэр нэмэгдэх аж. Шийдлийн Засгийн газарт Ардчилсан нам найман яаманд сайдаа томилуулсан болохоор төдий тооны дэд сайдтай болно гэсэн үг. Дэд сайд нарыг солбиж тавих нь тодорхой болоод буй. АН-аас дэд сайдад нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байгаа ч зарим горилогчийн нэр магадлалтай гэсэн тодотголтойгоор яваад эхэлчихэж. Харин салбар хариуцсан сайдуудад нэр дэвшигчийг зарласнаас хойш дэд сайдад дурдагдаж байсан зарим хүн албан ёсоор мэдэгдлээ гаргачихаж.

Өчигдөр гэхэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь твиттер болон фэйсбүүк хуудастаа “Хэвлэлийнхний ташаа мэдээг албан ёсоор залруулъя. Би АН-ын ЕНБД-ын албандаа 2016 он хүртэл байж намаа сонгуульд бэлтгэх үүрэг хүлээсэн болно” гэж бичжээ. Уг нь түүнийг дэд сайд болно гэж хамгийн анх ярьж, бичиж байсан. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг бууриа сэлгэнэ гэсэн мэдээлэл гарсан. Тэрээр үүнд уржигдар твиттер хуудсаараа дамжуулж “Миний нэртэй холбогдуулж дэд сайд болно гэж байгаа мэдээллүүд худлаа гэдгийг мэдэгдье. Тийм зvйл байхгүй” гэж хариу өгчээ.
Ингээд найман суудлын төлөөх өрсөлдөөнөөс хоёр хүн албан ёсоор хасагдав. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт агентлагийг нь цомхотгосны төлөөсөнд дэд сайдын суудал өгөхөөр болсон ч гэж байна. Гэхдээ тус агентлагийг харьяалагдах газруудад нь тараах эсвэл хэвээрээ үлдээх эсэх нь хараахан тодорхой болоогүй. Ямар ч байсан даргын нэр дэд сайдад зүтгэж эхэлсэн бололтой. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатарыг шинэ дэд сайдын тоонд мөн багтаажээ. Жижиг дунд үйлдвэрийн сангийн дарга, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бат­түв­шингийн нэр яригдаж байгаа аж. Тэрээр УИХ-ын гишүүн асан Р.Бадам­дамдингийн хүү. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг мөн горилогч дунд нэрлэж байна. Тэднээс гурав нь л тунаж хоцрох нь.

АН-аас өмнөх Засгийн газарт ажиллаж байсан таван дэд сайдыг үлдээхээр болсон тухай мэдээлэл гарав. Тухайлбал, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Сангийн дэд сайд С.Пүрэв, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар үлдэж магадгүй нь. Яагаад гэвэл Засагт хамтарсан бусад намтай сайд, дэд сайдаа солбино. Энэ яамдад МАН, МАХН-аас сайд томилогдсон учраас дэд сайд нар нь өөрчлөгдөхгүй гэж байна.

Ингэхээр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир нар энэ удаа­гийн Засгийн газарт багтах боломж үлдэхгүй бололтой. Учир нь, энэ яамдыг цаашдаа АН-ын сайд нар авч явах юм.

Ямар ч байсан одоогоор ажиллаж байгаа АН-ын таван дэд сайд дээр шинээр гурвыг нэмж оруулахын тулд олон дундаас сонголт хийх болох нь. Мэдээж эцсийн шийдвэр АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гарна.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан