Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн шинэ намын сураг

-Г.Уянга, С.Ганбаатар, О.Магнай нам байгуулах таамагт оржээ-

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан тушаалаас огцорч буйгаа О.Магнай мэдэгдэхтэй зэрэгцээд парламентын түвшинд шинэ нам байгуулагдах нь хэмээх “бор шувуу” нисч эхэллээ. Тодруулбал, Ардчилсан намын гишүүн О.Магнай, “Шударга ёс” эвслийн МҮАН-ын гишүүн Г.Уянга болон бие даагч С.Ганбаатар нар улс төрийн нам байгуулж, нэгдэхээр болсон гэх мэдээлэл гарав. Нэг нь намд харьяалалгүй, нөгөө хоёр нь нам дотроо эрс тэс байр суурьтай хүмүүс болохоор тун ч магадлалтай гэх нэгэн ч байна. Жишээ нь, Г.Уянга гишүүн сүүлийн үед парламентын чуулганы танхимаас ганцаараа эсрэг товч дарж суугаа хүн юм. УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө байгалийн баялгийг ард түмний мэдэлд өгнө гэсэн үндсэн амлалтаа “Шударга ёс” эвсэл огт биелүүлэхгүй байгааг сануулж, шүүмжилсэн нь ч цөөнгүй билээ. Хамгийн сүүлийн ярилцлагадаа “Шударга ёс” нь хүртэл МАНАН-д идүүлчихлээ. “Шударга ёс” гэдэг нэрийг манай бүлгийнхэнд хамаатуулж хэлэхэд хэл эвлэхгүй болов. Одоо юу хэрэгтэй вэ, хяналт л хэрэгтэй. Хяналт талд нь ажиллана. Гэхдээ би энэ улайрсан үйл явцыг зогсоож хүчрэхгүй байж магадгүй, харин илчилж чадна. Намаас гарах бол хамгийн амархан. Зөвөөр шийдэх үүргийг амлалтаараа хүлээсэн хэд хэдэн чухал асуудал эвсэлд бий. Эхнээсээ эхэлж байна, одоо Оюутолгойн асуудал юу юугүй ороод ирлээ. Хэрэв Оюу толгойн асуудлаар амлалтынхаа эсрэг ажиллавал эвсэл хий үзэгдэл болно. Намайг гарахаас урьдаад шударга ёс байхгүй болчихоод байна аа, наана чинь хэмээжээ.
Харин О.Магнайн хувьд намаас оноосон үүрэг, албан тушаалаас татгалзах шалтгаанаа дараах байдлаар тайлбарлачихаад ум хумгүй хэвлэлийн хурлаас гарч одсон.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй. Бидний нийгэмд сөрөг хүчин нь Засгийн газраа хянаж ажилладаг тогтолцоотой. Гэтэл заримд нь дэд сайдын албан тушаал амлаж оруулж ирэх нь хуйвалдаан юм. Хуйвалдаан хамгийн дээд цэгтээ туллаа гэж үзэхээс аргагүй байна. Энэ нь миний өөрийн итгэл үнэмшил, зарчимтай яавч нийцэхгүй. Хоёрдугаарт, манай агентлаг Өрсөлдөөний тухай хуулиар Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг юм. Удирдлага нь зөвхөн Ерөнхий сайдад хамаардаг байтал зарим хүн Шадар сайдад харьяалагддаг гэж андуурч байгааг залруулъя гэж бодож байна. Хүрэлсүх гэдэг хүн Шадар сайд болсон. Тэр хүнтэй хамтарч ажиллах нь миний хувьд ёс суртахуун, зарчим, үнэт зүйл таарахгүй. Ер нь, манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай гэж нэг хүн хэлээд явсан. Тэр нь өнөөдөр бодит утгаараа бий боллоо гэж би үзэж байгаа хэмээсэн юм.

Анзаарвал “Миний шууд удирдлага Хүрэлсүх биш Ерөнхий сайд” гэчихээд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй учраас огцорлоо гэдэг нь хоорондоо зөрчилдөж буй. Түүнээс ажлаа хүлээлгэж өгчихөөд юу хийх вэ гэж асуухад “Төрөө цэвэрлэнэ. Өнөөдөр төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Ингэж хуйвалдааны журмаар засаг байгуулж, УИХ-ын 76-тай нийлсэн ийм том бүлэг байгуулж байгаа нь ардчиллын ёсонд байх ёсгүй” хэмээн шулуухан хариулсан нь шинэ нам байгуулах тухай цаад санаа байхыг ч үгүйсгэхгүй.


С.Ганбаатар: Нам байгуулъя гэх гурван ч санал ирсэн

Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад хариу өгөхөөс татгалзаагүй юм.

-Улс төрийн шинэ нам байгуулах нь гэсэн яриа гарч, тэр дунд таны нэр орсон байна. Энэ үнэн үү?
-Нийгэмд шинэ улс төрийн хүч болъё, Монгол орноо шинээр, үндсээр нь хөгжүүлье гэдэг байдлаар маш олон залуус, хүмүүс надад ирж санал тавьдаг. Гэхдээ энэ талаар та нар өөрсдөөс нь асуугаарай. Ер нь, хүч нийлж, хамтарч ажиллая гэдэг саналыг надад итгэж ирээд хэлдэг учраас тэр болгоныг илрүүлж, хэлэх нь миний зарчим биш.

-Ер нь, шинэ нам байгуулах, одоогийн хүчнүүд тараад дахин зохион байгуулагдах шаардлага улс төрд үүсчихлээ гэдэг дээр та байр сууриа хэлэхгүй юу?
-Зул бөхөхийн өмнөхөн бадамладаг шиг МАН, АН үндсэндээ клиник үхэлд орчихсон гэсэн үг. Тэд зөвхөн сайд, албан тушаал, тендер, мөнгө хувааж иддэг бүлэглэл болтлоо жижгэрсэн. Гишүүдээсээ, дэмжигч, сонгогчдоосоо тасарчихаад, өөрсдийгөө маш хүнд байдалд оруулчихсан. Эндээсээ гарах арга замаа ч тэд олж харахгүй байгаа юм. Монголын ард иргэд, сонгогчид итгэл, хүндэтгэлээ МАН, АН-д өгч үзлээ. Буцаагаад татаад авчихсан. Харин одоо итгэлээ хэнд өгөх вэ гэж хайж байна. Монголыг аврах шинэ хүмүүс, залуус гарч ирвэл шинэ улс төр, өөр үр дүнд хүрнэ. Тэгэхгүйгээр МАНАН-гийн хуучин улстөрчид өнгөрсөн 24 жилийн үр дүнг л ирэх 24 жилд авчрах болно. МАНАН-гаа сонгох уу, дараагийн шинэ улс төрд шилжих үү гэдгийг ард түмэн хэдийнээ шийдчихсэн гэж би бодож байгаа. Монголын ард иргэдийн мэргэн ухаанд би итгэдэг.

-Танд олон санал ирж байгаа гэж байна. Хэзээ нэг цагт шийдэх байх, тантай өнөөдөр хамтарч буй бие даагч гишүүд ямар бодолтой байгаа бол?
-Тэрийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Ер нь, надад санал тавьж байхад нь ярилцаад, тодорхой шийдэлд хүрч, шийдвэр гаргасны дараа хариулт өгөхөөс биш хүн дөнгөж итгээд, асуухад нь хэвлэлээр тайлбар хийгээд явж болохгүй. Нэгэнт шийдчихвэл ард иргэдэд заавал хэлэх ёстой. Монголоо яаж аврах вэ гэдэг яриа үргэлж өрнөж байгаа, надад гурван ч өөр хүнээс санал ирсэн.
0 Сэтгэгдэл
Uneng heljee. Surug huchin bhgui, alban tushaald ulaaran zutgej, huvaak ideh process yavagdaj bn sh de.
za za ta nar ch gesen MANAN gaas yalgaagui
Хамгийн их уншсан