Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЖИЖИГ НӨХӨӨС НЬ ПИРИУС МАШИН
-Энэ ондоо биш гэхэд ирэх оноос “Приус” мэтийн автомашин дээд
тал нь 108 мянган төгрөгийн татвар төлдөг болох нь-


Төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр татарснаас Ч.Сайханбилэгийн Засгийн газарт мөнгө хэрэгтэй болов. Дуртай ч, дургүй ч нэг их наяд төгрөгийг тэр заавал олох эсвэл зардлаасаа хэмнэх ёстой. Ингэхдээ Монгол Улсыг хэмнэлтийн горимд шилжүүлж, “нэгхэн жил л…” гэж царай алдахад хүрэв. Өрийн тааз нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь байх ёстой гэсэнд тааруулаад өмнөх Засгийн газар зээл авчихсан болохоор ингэхээс өөр аргагүй гэсэн тайлбар зүүв. Гэхдээ л хэмнэлт нэрээр төр халамж болгон өгдөг мөнгөө эргүүлэн татчихаад, авдаг татвараа нэмэгдүүлэх талаар ам нээсэн УИХ, Засгийн газрын бодлого ард түмний эсэргүүцлийг эхлээд давах хэрэгтэй боллоо.
Юу гэвэл, энэ сарын 10-ны өдөр Засгийн газар төсвийн тодотгол боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулсныг УИХ-ын гишүүд хэлэлцээд, дэмжив. Үүнд, малын хөлийн татвараас эхлээд орон сууц, буу, автомашины татвар зэрэг багтсан.
Харин эдгээрээс иргэдийн хамгийн их сонирхож байгаа нь тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг нэмэгдүүлэх тухай болов. Учир нь, шатахуун бага зарцуулдаг, агаарын бохирдол бага үүсгэдэг гээд улсын хилээр ногоон гэрлээр нэвтэрдэг “приус” зэрэг автомашин шинэчилсэн татварын хуульд хамрагдана. Тал бүрийн ашигтай гээд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүртэл албан хэрэгцээнд “приус” маркийн автомашин авч, гаалийн татварыг бодлогоор чөлөөлж байхад Засгийн газар үгүйсгэж эхэлсэн нь яг ямар үндэслэлтэй байв.

Тэр үндэслэл нь...

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг 1992 онд баталсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулж байгаа нь өнөөгийн эдийн засаг тэлсэн, техних, технологийн өндөр өсөлтийн үетэй нийцэхгүй гэж Засгийн газар үзжээ. Тухайлбал, мотоциклд дугуйны тооноос хамаарч 2000-4500 төгрөгийн албан татвар ногдуулж байгаа нь өндөр цилиндр бүхий нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг мотоциклуудын хувьд татварын хэмжээ харьцангуй бага байгааг харуулж буй гэж үзээд байна. Мөн “…тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий авто тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгох нь зүйтэй” гэж хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагад дурджээ. Гэвч шинэчлэн мөрдөх татварын хэмжээнд өндөр цилиндртэй мотоциклээс гадна бага хөдөлгүүртэй автомашин ч багтаж байгаа юм. “Тансаг” гэдгээс ч хальж, бүх төрлийн суудлын автомашин хүртэл татварын нэмэгдэлд хамрагдах боллоо. Ядаж, эдийн засаг тэлсэн, техник, технологийн өндөр өсөлтийн үетэй нь улс орны хөгжил, иргэдийн амьдралд нийцэхгүй арга мухардахын учир ард түмний халаасыг тэмтчин байгаагаа төр засаг тоомжирлосонгүй.

Одоо биш ч ирэх оноос…

Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулах багт Татварын Ерөнхий газар багтаж байгаа. Тэд хуулийн төсөл цаашид хэрхэх нь эргэлзээтэй байгаа учраас хуулийн төсөл боловсруулахад өөрсдийн зүгээс ямар санал хүргүүлснээ хэлж, албан ёсны байр суурь илэрхийлэхээс татгалзсан. Гэхдээ хараахан батлагдаагүй байгаа 2014 оны эцсийн татвар хураалтаар улсын хэмжээнд 470 орчим мянган автомашинаас 27.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, төсөвт шилжүүлсэн талаар ярьсан юм.
Харин дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өрхийн орлого жил ирэх тусам буурч байхад ард иргэддээ татварын ачаалал нэмээд байдаг энэ яг ямар зарчим бэ. Жишээ нь, “Prius” автомашин унадаг хүн 36 мянган төгрөг татварт төлдөг байсан бол энэ хуулиар 108 мянган төгрөг төлөх гээд байна. “Prius” бол тансаг хэрэглээ биш” гэсэн бол З.Баянсэлэнгэ гишүүн “Энэ олон татварууд нэмэх нь цаг үеэ хэрхэн олж байгаа юм бэ. Нийгэм эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Өнөөдрийн Засгийн газарт ч гэсэн сөрөг үр дагавар авчрах хуулийн төсөл л гэж харж байна. Татвар нэмэх, халамж хасахаас өөр зүйл хийж чадахгүй нь гэж харагдаж байна” гэж эсрэг байр сууриа илэрхийлсэн. Мөн Д.Ганбат гишүүн “Аливаа татварын цаана бодлого байх ёстой. Миний ойлгож байгаагаар удахгүй татварын өршөөлийн хуулийг оруулж ирэх гэж байгаа. Татвараа дуугүй төлөөд байдаг хэсгийнхэн татварыг нэмээд, татвараа төлөхгүй үлдэж байгаа нөхдүүд нь өршөөгддөг гэсэн ойлголт бий болчих вий. Засгийн газар амьдрал муу мэддэг гишүүдээр бүрдсэн бололтой. “Prius” машинаас гурав дахин өндөр татвар авч болохгүй” гэсэн юм. Гэвч УИХ-ын гишүүдийн 70 хувь нь дээрх хуулийн төслийг цаашид хэлэлцэх шаардлагатай гэж үзсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх боломж олгосон юм. Гэхдээ хуулийн төслийг ирэх 2016 оноос хэрэгжиж эхлэхээр хэлэлцүүлгийн явцад тооцох нь зөв гэж УИХ-ын дарга үзсэн нь дээрх татварын хэд, хэдэн өөрчлөлтийг нь хийх нь гарцаагүй ч цаг нь арай болоогүй гэдгийг сануулж байна.

ИТХ татварын хэмжээг тогтооно

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын суудлын автомашинд ногдуулах татварын дээд болон доод хязгаарыг хуульд оруулсан бөгөөд дээд хязгаарыг одоогийн мөрдөгдөж байгаа тарифаас гурав дахин өсгөөд байна. Харин дээд болон доод хязгаарт багтаан хэдэн төгрөгийн татвар ногдуулах болон татвар хураах хугацааг тогтоох эрх мэдлийг орон нутгийн ИТХ-д олгоод байгаа юм.
Хүснэгтэд, хуучин болон шинээр мөрдөгдөх татварын хэмжээг харьцуулсан байдлаар хүргэж байгаа бөгөөд тод хараар бичигдсэн хэсэгт шинээр мөрдөх татварын хувь хэмжээг харуулж байна.

 

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар (төгрөгөөр)

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад сумд

Мотоцикль (цилиндрийн багтаамжаар)

1

400 см3 хүртэл

2 дугуйтай мотоцикл 2000-3000 төгрөг гэж байсныг (10 мянгаас 15 мянган төгрөг) гэж

2 дугуйтай мотоцикл 1800-2700 төгрөг гэж байсныг (5 мянгаас 10 мянган төгрөг) гэж

2

400 см3-с дээш

3 дугуйтай мотоцикл 3000-4500 төгрөг гэж байсныг (20 мянгаас 30 мянган төгрөг) гэж

3 дугуйтай мотоцикл 2800-4200 төгрөг гэж байсныг (15 мянгаас 25 мянган төгрөг) гэж

Суудлын автомашин

Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд (төгрөгөөр)

1

2001 см3 хүртэл

16-24 төгрөг байсныг 16-72 төгрөг гэж

14-21 төгрөг гэсэнд өөрчлөлт ороогүй байна

2

2001-3001 см3 хүртэл

18-27 гэж байсныг 18-81 төгрөг гэж

16-24 төгрөг гэсэнд өөрчлөлт ороогүй байна

3

3001 см3 болон түүнээс дээш

22-33 төгрөг гэж байсныг 22-99 төгрөг гэж

20-30 төгрөг гэсэнд өөрчлөлт ороогүй байна

Микроавтобус, автобус

1

Микроавтобус гэснийг "15 хүртлэх суудалтай автобус" гэж өөрчилсөн

35 мянгаас 52 мянган төгрөгийн татварыг хэвээр үлдээсэн

28 мянгаас 42 мянган төгрөгийн татварыг хэвээр үлдээсэн

2

Автобус

52 мянгаас 78 мянган төгрөгийн татварыг хэвээр үлдээсэн

40 мянгаас 60 мянган төгрөгийн татварыг хэвээр үлдээсэн

Тусгай зориулалтын автомашин

16 мянгаас 24 мянган төгрөг байсныг (100-150 мянган төгрөг) гэж

 

15 мянгаас 22.5 мянган төгрөг байсныг (80-120 мянган төгрөг) гэж

Трактор, өөрөө явагч хэрэгсэл

14 мянгаас 21 мянган төгрөг гэж байсныг хэвээр үлдээсэн

11200-16800 төгрөг гэж байсныг хэвээр үлдээсэн

Бага оврын трактор (30 хүртэл морины хүчтэй)

7 мянгаас 10500 төгрөг гэж байсныг (10000-10500 төгрөг) гэж

5600-8400 төгрөг гэж байсныг (5600-10 мянган төгрөг) гэж өөрчилсөн байна









Жишээ нь, “Приус”-11 автомашин 1500  см3 хүртэл цилиндрийн багтаамжтай гэвэл хуучин татвараар (24 төгрөг) бодоход 36 мянган төгрөг төлж байгаа юм. Харин татварын хэмжээнд өөрчлөлт орж, хууль хэрэгжиж эхэлбэл, “Приус”-11 автомашинтай иргэн та 108 мянган төгрөг төлөх юм.
0 Сэтгэгдэл
yamar hun songosonoo odoo l oilgoj bgaa bhdaa humuus
Хамгийн их уншсан