Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.АЛТАНХУЯГ: 2011 ОНООС ХОЙШ ҮЗХ-НД ГАРСАН 46 СУУДАЛД НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛНА
АРДЧИЛСАН НАМЫН ДОТООД СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА Д.АЛТАНХУЯГТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ЯРИЛЦЛАА.

-Ардчилсан намын дунд шатны нөхөн сонгууль өчигдөр дууслаа. Нөхөн сонгуультай холбоотой маргаан Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Дотоод сонгуулийн хороо гомдлыг авч хэлэлцээд ямар шийдвэр гаргав?

-Гүйцэтгэх зөвлөлөөс нэгдүгээр сарын 18-ны дотор сонгуульт гишүүний нөхөн гарсан суудалд сонгууль зарлан явуулж  дуусгах тухай тогтоол гаргасан. Тэр тогтоолын дагуу манай хороо хуралдаад зөвхөн нөхөн гарсан буюу дунд шат болон Үндэсний зөвлөлдөх хороо, нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны суудлуудад сонгууль явуулах тухай тогтоол гарган орон нутгийн намын хороодод хүргүүлсэн. Үүнтэй холбоотой зарим нэг хүндрэлтэй асуудал үүсч байна. АН-ын гишүүн хэн ч байсан намынхаа дотоод сонгуульд нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй байдаг. Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн гишүүнээс нэр дэвшүүлэх эрхийг хязгаарласан тухай гомдол ирсэн. Гомдлыг Дотоод сонгуулийн хороо авч хэлэлцээд шийдвэрээ гаргалаа.
Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд намын гишүүний нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхийг буруу үндэслэлээр хязгаарласан байна гэж үзсэн. Алдаатай шийдвэрээ засаад ажлын гурав хоногт гишүүнийхээ нэр дэвшүүлэх эрхийг хангаж өгөөд сонгуулиа явуулах тогтоол гаргаад байгаа.

-Татвараа өгөөгүй учраас нөхөн сонгуульд орол­цуулахгүй гэснээс маргаан үүссэн гэж байсан л даа?

-Сонгуульт гишүүний татварыг хоёрдугаар сарын 28-ны дотор төлөх ёстой байдаг. 2015 оны хоёрдугаар сарын 28 болоогүй байна шүү дээ. Тэгэхээр татварын асуудал ярьж болохгүй гэсэн үг. Нөхөн сонгууль 2014 онд болсон бол тухайн жилийнхээ татварыг төлөөгүйгээс хасагдсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх нь зөв. 2014 онд татвараас хасагдсан бол 2015 онд нэр дэвшихгүй гэдэг нь буруу байсан. Намын Хариуцлагын тухай журамдаа сонгуульт гишүүн татвараа төлөөгүй бол шууд чөлөөлөгдөж, эр­гээд тэр сонгуульд өрсөлдөхийг хязгаарладаг. Түү­нийг нь ойлгохгүй дүрмээ буруу тайлбарлаж хэрэглэсэн байсан. Харьяалагдах нутаг дэвс­гэ­рийн хорооны даргатай нь яриад гомдол гаргаад байгаа 12 хүнийг бүртгэж, дүрэм журмаа буруу хэрэглэж хасагд­сан өөр хүмүүс байгаа бол сонгуульд өрсөлдөх эрхээр нь хангаж, ажлын гурав хоногийн дотор сонгуулиа явуулахыг үүрэг болгосон. Ер нь, АН-ын дүрмийг хүлээн зөвшөөрсөн хүн элсдэг. Дүрмээр тухайн хүний улс төрийн зарим эрх хязгаарлагддаг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөөд гишүүнээр элсчихсэн байж эргээд дүрмээ зөрчөөд байгаагаас маргаанууд үүсдэг.

-Ер нь АН-ын гишүүн хэдэн төрлийн, хэчнээн төгрөгийн татвар төлөх ёстой байдаг юм бэ?

-АН-ын жирийн гишүүн сард 100 төгрөг, жилийн 1200 төгрөгийн татвар төлдөг. Гуравдугаар сарын 1-нээс өмнө эхний зургаан сар, есдүгээр сарын 1-нээс өмнө сүүлийн зургаан сарын татвараа төлөх ёстой. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн, Үндэсний зөвлөлдөх хорооны гээд сонгуульт гишүүний татвар гэж бий. Төлөөллийн сонгуулийг хэрэгжүүлж байгаагийн төлөө татвар төлдөг. Татварууд харилцан адилгүй л дээ. Орон нутагт бол 60-240 мянган төгрөг, дүүргүүдийн намын хорооны гишүүн 120-250 мянга, нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны гишүүн 500 мянган, ҮЗХ нэг сая төгрөгийн татвар жилдээ төлөх ёстой. Татвараа хугацаанд нь төлөхгүй бол сонгуульд нэр дэвших эрх тасалбар болдог.

-Тэгвэл одоо ҮЗХ-ны нө­хөн сонгуульд өрсөл­дө­хөөс өмнө бүх татвараа төл­­­сөн байх ёстой гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлийн намын Зөвлөлдөх хороо, ҮЗХ-нд нэр дэвших хүсэлтэй бол бүртгэл нь маргааш /өнөөдөр/ буюу 13-ны 10 цагт эхэлж, 16-ны 10 цагт дуусна. Энэ хооронд АН-ын дүрэм, сонгуулийн журамд заасан болзлыг хангасан хэн ч байсан тухайн харьяалагдаж байгаа орон нутаг эсвэл нийслэлд нэр дэвших эрхтэй. Тэгэхдээ нийслэлд амьдардаг бол Өмнөговь аймгаас ҮЗХ-ны гишүүнд нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй. Нийслэлийн намын Зөвлөлдөх хороонд бол дүүрэг харьяалахгүй нэр дэвших эрхтэй. Харин дүүрэг, аймгийн намын хороонд нэр дэвших бол тухайн дүүрэг болоод орон нутагтаа амьдардаг эсвэл ажил эрхэлдэг байх шалгуур бий.

-Чингэлтэй дүүрэгт нөхөн сонгуулийн маргаан бас жагсаал цуглаандаа хүрсэн. Чингэлтэй дүүргийн АН-ын даргын сонгууль дүрмийн бус болсон байтал нөхөн сонгуулийг явуулах нь гэж эсэргүүцэж байсан?


-Намын даргын сонгууль, дунд шатны нөхөн сонгууль хоёр тус тусдаа асуудал юм. Хоорондоо хамаардаггүй асуудлыг яриад эсэргүүцэл болоод байгаа нь зарчмын хувьд буруу. Чингэлтэй дүүргийн маргааны хувьд намын дарга нь өөрөө сонгууль явуулаад байгаа юм шиг ойлгогдоод байгаа. Тэгэхээр манай намын дүрмээр намын дарга нь сонгууль явуулдаггүй юм. Дотоод сонгуулийн хорооноос баталж өгсөн дунд шатны намын хорооны дэргэдэх сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо гэж бий. Орон тооны бус энэ хороо нь сонгууль явуулдаг. Анхан шатны харьяаллаар миний бие Чингэлтэй дүүрэгт хамаардаг. Гэхдээ Чингэлтэй дүүргийн намын нөхөн сонгуульд ямар нэг байдлаар оролцохгүй. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчил үүснэ. Нутаг дэвсгэрийн хороо сонгуулиа зөв явуулж байна уу, буруу зохион байгуулж уу гэдэг гомдол Дотоод сонгуулийн хороонд ирвэл л бид авч үзнэ. Асуудлыг ямар эрх бүхий байгууллага нь шийдэх ёстой юм бэ түүгээр нь шийдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш өөрсдөө жагсаал цуглаан зохион байгуулж, сонгууль явуулах байрыг хаагаад хүч хэрэглэх байдлаар зогсоох нь дүрмийн бус үйлдэл. Тэгэхээр аливаа нэг дүрэм зөрчсөн  үйлдлийг хууль бус үйлдлээр зогсоож болохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт ч байдаг. Нийслэлийн намын сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос Чингэлтэй дүүрэгтэй холбоотой 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоол хүчин төгөлдөр бус. Учир нь сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны хуралдааныг зөвхөн сонгуулийн хорооны дарга нь зарлан хуралдуулдаг болохоос хэн нэг гишүүн эсвэл нарийн бичгийн дарга нь зарлан хуралдуулах эрхгүй.

-Чингэлтэй дүүрэгт үүссэн маргааныг Дотоод сонгуулийн хороо хагална биз дээ?

-Дотоод сонгуулийн хороо маргааныг шийднэ. Намын дүрмэнд сонгуультай холбоотой эцсийн шийдвэрийг Дотоод сонгуулийн хороо гаргана гэж байгаа. Харин Дотоод сонгуулийн  хорооны гаргасан шийдвэр намын Үндсэн дүрмийг зөрчсөн байвал Хяналтын ерөнхий хороонд хандана гэж бий. Манай сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны зарим гишүүн дүрмээ зөв ойлгож, зөв хэрэглэж чадахгүй учраас маргаан гараад буй юм.

-Танайд Чингэлтэй дүүргээс гомдол ирсэн үү?

-Ирээгүй.

-Өөр дүүрэг, аймагт ч юм уу нөхөн сонгуультай хол­боотой маргаан гарсан уу?

-Манай хороонд ирж байгаа гомдлыг цаг тухайд нь хурлаа зарлаад харьяаллын дагуу шийдээд явдаг. Цаг хугацааны хувьд тулгуу ч гэсэн намын дүрмийн дагуу нөхөн сонгуулиа зарласан. Орон нутгаас асууж тодруулах зүйлүүд бас гардаг ч бид асуудлыг дүрмэнд зааснаар шийдэхийг зөвлөдөг. Намын дүрмийг ямар нэг бүлэглэл, фракцын эрх ашигт тохируулж хэрэглэж болохгүй гэдгийг бүх сонгуулийн хорооны дарга нарт анхааруулж, үүрэг өгсөн.

-ҮЗХ-ны 43 суудалд нөхөн сонгууль явуулна гэж байсан?

-43, 46 гэдэг хоёр өөр тоо яваад байгаа. Төрийн албан хаагч болсон, ХЕХ-ны шийдвэрээр гэх мэтчлэн 43 суудалд нөхөн сонгууль болно. 2011 он, 2012 онд гарсан нэг нэг суудал бий. Мөн нэг гишүүн нь нас барсан учраас гурван суудал хоосон байсан. Ингээд нийтдээ 46 суудалд ҮЗХ-ны гишүүний нөхөн сонгууль явуулна.

-Тэгэхээр 2011 оноос хойш ҮЗХ-ны гишүүдийг сэлгээгүй гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. ҮЗХ-ны гуравны хоёроор АН-ын Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулдаг. Манай Үндсэн дүрмэнд сонгуульт гишүүний эргэлтийн ротаци гэж байсныг хассан учир үүнтэй холбоотойгоор нөхөн сонгууль явуулаагүй удсан тал бий. Мөн Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй хойш­луу­лаад байгаатай холбоотой дагаад хойшлоод байсан юм.

-АН-ын дүрмийг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Өөрчлөлтөөр нөхөн сонгууль, гишүүдийг сэлгэх зэргийг хэрхэн тусгах саналууд байгаа юм бол?


-Одоогийн дүрэм бол тийм муу  биш шүү дээ. ҮЗХ-ны 30-аад гишүүн, бусад хуульч, эрхзүйчид сар гаруйн хугацаанлд ажиллаж байж боловсруулсан дүрэм. Харамсалтай нь, манай гишүүд дүрмээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргаад байгаа юм. Дунд шатны намын байгууллага дээр ялангуяа дарга нар дүрмээ буруу зөрүү хэрэглэх тохиолдол гардаг. Иймэрхүү асуудлаас болж манай намын дүрэм сул юм шиг ойлголт төрүүлээд байдаг.  Нөгөө талд Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлттэй уялдуулах гээд хүлээгдсэн зүйлүүд бий. Манай намын гишүүд буруу зөрүүгээ ил ярилцаад, хэлж ярьдаг болохоор бусдад АН байнга хэрэлддэг гэдэг ойлголт төрүүлээд байх шиг. Зарим намууд шиг асуудлаа хайрцаглаад ил гаргадаггүй нам АН биш. Манай намынхан ил ярилцаад асуудлаа гаргаж тавиад шийдэж чаддаг.
0 Сэтгэгдэл
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597
Хамгийн их уншсан