Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын гишүүд төсвөөс унааны зардал авахгүй гэлээ

УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед нам, эвслийн бүлэг хэрхэн хэмнэж, танаж байж эдийн засгийн хямралыг гэтлэх талаар ярилцаж буй. Тухайлбал, МАН-ын бүлэг эдийн засгийн хямралаас гарах Засгийн газрын бодлого тодорхой биш, ямар нэг төлөвлөгөө өргөн барьж хэлэлцүүлээгүй учир ажлын хэсэг байгуулжээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах боломжтойг судалж саналаа хүргүүлэх юм байна.

Улсын өрийг нэмэгдүү­лэхгүй гэсэн байр суурь хэвээрээ гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт хэлээд “Төсвийн тодотголоор иргэдийн халаас руу гар дүрж, татварыг нэмэгдүүлэхийг дэмжихгүй. Хүүхдийн мөнгийг алагчлан олгохгүй байх, эхчүүдийн одонгийн мөнгийг хасахгүй байх байр суурийг манай бүлэг баримталж байгаа. Иймээс УИХ-ын гишүүддээ уриалга гаргахаар боллоо. МАН-ын бүлгийн 26 гишүүн унааны зардлаасаа татгалзаж, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх уриалга гаргаж байна. Гишүүдийн унааны нэг сарын зардал 500 мянган төгрөг байдаг. Нэг гишүүнийх жилдээ зургаан сая төгрөг болно. Тэгэхээр 26 гишүүнийх нийлээд 150 сая болно. МАН-ын бүлгийн бүх гишүүн унааны зардлаасаа татгалзана. Чуулганаар төсөв хэлэлцэх үеэр бид энэхүү зардлаа хасуулна. Энэ уриалгыг УИХ-ын 76 гишүүн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бүрдэнэ” гэв. Гэхдээ ингэж унааны мөнгө хасч тооцох нь зөвхөн хямралын үед үйлчилнэ гэдгийг хэлсэн. Төрийн бусад байгууллагад үүнийг хэрэгжүүлэхийг уриа­лав. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Хөгжлийн банкинд шалгалт хийж, Чингис бондын зарцуулалтыг судална. Мөн Монголбанкинд шалгалт хийх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Энэ эдийн засгийн хямралтай байдлыг даван туулахад зөвхөн төсвийн тодотголоо тойрч яриад үр дүнд хүрэхгүй. Татвар нэмж, халамжаас хасч, үйлдвэрүүдээ өргөтгөөд хямралаас гарна гэдэг гэнэн тооцоо. Өр, зээл авч болно. Гэхдээ ямар байдлаар санхүүжүүлж, хэрхэн эргэн төлөх нь тодорхой бус. Чингис, Самурай бондоос ямар компаниудад өгсөнийг УИХ тодруулах хэрэгтэй” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан