Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн нэгний улс төр рүү мөлхөх шат нь хүүхэд биш

Өвлийн дунд сар дундаа орж идэр ес эхэлж байгаа ч Монголд байгаль цаг уур таатай сайхан байна. Энэ өвөл хүйтрээгүй байсаар хавартай золгох нь хэмээн хотын бид баясч байгаа ч малчид маань зутруухан, тарчигхан хавар болох нь хэмээн эмээж буй сурагтай. Цас багатай байсан болохоор мал усгүйдэх ч аюултай гэж байгаа. Ямартай ч дэлхийн дулаарал аргагүй нөлөөлж байгааг илтгэх шиг сүүлийн жилүүдэд дулаан өвлийг үдэх боллоо. Байгаль цаг уур ийн таатай байхтай зэрэгцээд хүмүүсийн хаврын синдром өвөлдөө шилжиж эхлэв үү ч гэж харж болохоор боллоо. Хоёр оны босгон дээр, за тэгээд он дөнгөж гараад хэчнээн ч жагсаал цуглааны ард Чингисийн талбай гарав даа. Эрдэмтэн мэргэдийн жагсаал цуглааныг эмч багш нар үргэлжлүүлсэн бол өчигдөр өлгийтэй хүүхэд өнөөдөр жолооч кондуктор маргааш...

Хаврын синдром гэдэг үгтэй зэрэгцээд УИХ-ын чуулганы дулаан танхимд залраад сандлаасаа босч үг хэлж, телевизийн дуранд олонтоо өртөх болсон С.Ган­баатар гишүүн маань хааяахан олон хүний санаанд ордогсон. Харин одоо С.Ганбаатар, О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга нарын эрхмүүд маань гудамжинд биш саарал ордонд суух болсон.  Араас залгаж гарч ирж байсан МАН-ын Шинэчлэлийн талаар “цор-цор” хийж, бас ч үгүй Н.Алтанхуягийн Засгийг унагахад гудамжнаас дэм үзүүлсэн эрхэм Т.Аюурсайхан  мөн л төрийн сэтэр зүүчихлээ. Магадгүй гудамжинд жагсаад чангахан дуугараад байвал ШӨХТГ-ын дараагийн даргаар томилогдчих ч юм бил үү гэдэг бодол зарим хүний тархинд буй болоод байгааг ч үгүйсгэх арга алга. Өчигдрийн “өлгийтэй нялх”-сын жагсаалыг зохион байгуулагч Ц.Чойжамц гэгч “Сэтгүүлчдийг талбай дээр дуудаж байна” хэмээн чангахан дуугарч байсныг бодоход жагсаал цуглаан зохион байгуулагчдын дараагийн ээлжийн гишүүн бололтой.

Магадгүй тэрээр дараа­гийн жагсаалынхаа төсөөл­лийг ч хийчихсэн биз. Учир юун гэвээс хүүхэд эхчүүдийн мөнгийг төсвөөс хасуулахгүйн төлөө хэмээн жагсаалынхаа учир утгыг тодорхойлсон энэ эрхэм УИХ дахь АН болоод МАН-ын бүлгээс өчигдөрхөн “Хүүхэд, одонтой ээжүүдийн мөнгийг төсвөөс танахгүй цаашид олгоно гэдэг” шийдвэр гарсныг мэдэж байсан гэнэ. Гэхдээ нэгэнт Чингисийн талбайд жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө авчихсан учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сануулга өгч “өлгийтэй нялхсын жагсаал”-аа хийсэн гэнэ.

Чингисийн талбай дээр эгнүүлэн тавьсан сандал дээр юуг ч юм дулаан өлгийд ороо­сон “хүүхэд” болгон тавиад тэдний өмнөөс сайд нарт хандан уриа лоозон би­чиж тавьсныг хараад ха­жуу­гаар нь өнгөрөх хэнбугай ч сэртхийж байлаа. Өвлийн хүйтэнд ямар амьтан нь хүүхдээ ингэж сандал дээр тавьчихдаг байна аа хэмээн сэрт­хийснээс “ёстой доо” хэ­мээн алга ташин дэмжих хүн лав байсан гэдэгт итгэхгүй л юм.

Бас болоогүй хажууд нь живх, сүү гэх зэрэг хүүхдийн тогтмол хэрэглээний зүйлийг санал болгож. Хүүхэд эхчүүдэд олгодог мөнгө бол хавтгайрсан халамж гэдэг ангиллынх биш гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Дээрээс нь УИХ-ын гишүүд дараагийн сонгуулийн дөрвөн жилийг сэрүүн зүүдэлж байгаа учраас ийм алхам хийхийн эсрэг талд зогсч л таараа гэдэг нь ч тодорхой.  Харин үүгээр далимдуулж жагсаал хийснээр О.Магнай, Г.Уянга, С.Ганбаатар нарыг гүйцэж түрүүлэхийг оролдоно гэдэг юу л бол...

Амьдрал хүнд байгаа, эдийн засаг хямралтай байгаа, хүүхдүүд өлсч, ээжүүд зүдэрч байна. Энэ бол өнөөгийн амьдралын бодит төрхийн нэг хэсэг. Өчигдөрхөн гарсан статистик мэдээнд ч нийт хүн амын долоон хувь нь нэн ядуу, 27.4 хувь нь ядуу гэж...
Тэгэхээр хүүхэд, ээжүүд, ядуус хэн нэгний улс төр рүү зүтгэж, мөлхөх шат нь бүү болоосой...
0 Сэтгэгдэл
ene jagsaaliig demjij baigaa shuu. Hen yamar zorilgoor zohion baiguulsan ni hamaagui hundsun asuudal ni zuv asuudluud baisan.
Хамгийн их уншсан