Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын Л.Наранбаатарын эсрэг тайлбар өглөө


Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороонд үүсээд буй хэрэг явдалд өнөөг хүртэл Л.Наранбаатар гэдэг хүн байр суурь, баримт тайлбар өгч ирсэн нь их юм. Тэгвэл өчигдөр тус намын хорооны дарга, удирдлага, төлөөлөл болсон эсрэг талын байр суурийг сонссон юм. Намын даргаас Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгч хүртэл долоон хүн хамтарч мэдээлэл өгөхдөө “Бид өнөөг хүртэл тэсч ирсэн. Тэгээд баримт тайлбартайгаар нэгдсэн байр сууриа илэрхийлэхийг хүслээ” гэсэн юм.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш:
-Саяхан Энхболд даргын захиалгаар Мөнхдаш гэдэг хүн МҮОНРТ-ийн захирал байсан Наранбаатар гэдэг хүнийг утсаар дарамталлаа гэх мэдээлэл цахим ертөнцөд их явсан. Нэгдүгээрт, энэ бол утасны бичлэг. Гэвч телевизийн захирал биш Лүндэг овогтой Наранбаатарын яриа юм. Харамсалтай нь, бичлэгт Энхболд дарга надаар дамжуулж МҮОНРТ-ийн Наранбаатарыг дарамталж байгаа мэтээр харуулахыг оролдсон. Үүнийг тайлбарлахыг хүсч байна. Хоёрдугаарт, өөрийгөө намын дарга гэж яриад яваа Лүндэгийн Наранбаатар бид хоёр нэг хэсэг хуурай ах дүү болж явсан үе бий. Бидний дунд муудалцсан, гомдоосон зүйл байдаггүй. Юунаас болж ийм асуудал тавиад байдгийг би өнөөдөр хүртэл гайхдаг. Урьд нь, би Лүндэгийн Наранбаатартай 200 мянган ам.долларын ажлын гэрээ байгуулж, захиалга өгч байсан. Тэр ажлаа маш хангалтгүй хийсэн юм. Өнөөдөр би ахмад хүний хувьд алдаж явааг нь сануулсан, захисан яриа бий. Намайг интернэт, хэвлэлээр бишгүй доромжилж, басамжилсан. Тэр болгонд би хариу өгөөгүй. Үнэн мөн нь танигдана гээд найдаад сууж байтал одоо хэрээс хэтэрлээ. Ардчилсан намын дарга, бид хоёрын нэр хүндийг унагах санаатай үйлдэл хийсэн. Хариуцлагатайгаар хэлэхэд Лүндэгийн Наранбаатарын тараасан гэж үзэж байгаа тэр утасны бичлэг, ярианы дагуу цагдаа, хуулийн байгууллагад хандах болно. Мөн намын хорооны энэ асуудлыг албан ёсоор шийдвэрлэж өгнө үү гэж намынхаа удирдлагад хандаж байгаа юм. Өнөөг хүртэл албан ёсоор хандалгүй явж ирсэн.

Дархан-Уул аймгийн АН-ын дэд дарга Н.Гантулга:
-Манай нам хоёр хуваагдсан мэт харагдуулж буй Наранбаатар тэргүүтэй хүмүүсийн талаар баримттай зүйлс хэлье гэсэн юм. Лүндэг овогтой Наранбаатар өөрийгөө намын дарга гэж зарлаад, сүүлийн хэдэн сар хэвлэлээр олон удаа ярилцлага өгч, сошиал хэрэгслээр зарлах зэрэг намын дүрэм зөрчсөн цөөнгүй үйлдэл хийлээ. Энэ хүн бол 2012 оны есдүгээр сард Дархан-Уул аймгийн АН-аас намын батлах авч, элссэн. Намын дүрмээр бол тухайн гишүүн амьдарч, ажиллаж буй орон нутгийнхаа намын байгууллагад гишүүнээр элсэх тухай заалт бий.

Гэтэл Наранбаатар Дархан-Уул аймагт амьдардаг гэх хуурамч тодорхойлолт гаргуулсан байсан. Зургадугаар хорооны багийн дарга өөрөө Наранбаатар манай хороонд бүртгэлгүй нь үнэн болно гэсэн тодорхойлолт байна. 2012 онд орон нутгийн сонгууль болоход Наранбаатар би Хонгор суманд нэр дэвшье гэдэг хүсэлтээ гаргасан. Гэтэл иргэний үнэмлэх дээрх Улаанбаатарын хаягаа хуулж аваад, сонгуулийн хороог хууран мэхлэх замаар нэр дэвшихийг оролдсон байгаа. Тэр үед сонгуулийн хорооноос Наранбаатар орон нутагтаа 180 хоногийн хугацаанд амьдраагүй гэдэг үндэслэлээр нэрийг дэвшүүлэхгүй, хассан. Ингэснээрээ Дархан-Уул аймгийн хэмжээнд Ардчилсан намд олдсон нэг сонгуулийн эрхийг хүчингүй болгосон хүн. Дараа нь, 2012 оны сүүлчээр манай намын дарга байсан Мягмардашид өргөдөл гаргаад, сайн ажиллаж, намынхаа төлөө зүтгэнэ гэж амласан байдаг. Улмаар намын дарга болсон. 2013 оны гуравдугаар сард болсон Дархан сумын ИТХ-ын сонгууль боллоо. Үүнд тэрээр намаа удирдаж оролцсон ч зуун хувь ялагдал хүлээлгэсэн. Гэтэл өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцсэн. Түүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ч Наранбаатар Дархан-Уул аймагт намаа удирдаж, чиглүүлж ажиллах нь бүү хэл олон хоногоор ажлаа хаяж явсан удаатай. Энэ бүгдийн дараа долдугаар сарын эхээр намын хорооны зөвлөлдөх зөвлөлөө хуралдуулъя, би өөрөө намын үйл ажиллагааны тайлан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн санхүүгийн тайланг танилцуулъя гэж зарласан. Тэгээд 17-нд товлосон хурал болох өдөр өөрөө ирээгүй. Тэгээд “Би Уул уурхайн яаманд төслийн удирдагчаар ажиллах боллоо” гээд “Стратеги, бодлого боловсруулах ажлын хэсэгт орох шаардлагатай” гэх зэрэг шалтгаан хэлээд намаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл гараараа бичээд явуулсан байсан. Түүнд нь зөвлөлийн гишүүд их дургүйцэж, яагаад ирж тайлангаа тавиагүй, биеэр өргөдлөө өгсөнгүй вэ гэж байсан юм. Тэгээд 2013 оны арваннэгдүгээр сар хүртэл энэ хүн намтайгаа эргэж харьцаагүй. Харин Хонгор сум дахь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль болоход гарч ирсэн. Энэ суудалд аймгийн Ардчилсан намын шинэ дарга Мөнхдаш нэр дэвшихэд Наранбаатар бие дааж өрсөлдөхөөр болсон. Ингэхдээ Дархан сумын намын дарга Баяраагийн тодорхойлолт барьж ирсэн. “Лүндэг овогтой Наранбаатар нь өөрийн хүсэлтээр намаас гарсан тул батлахыг хураан авч, гишүүнчлэлээс хасагдсанд тооцов” гэж бий. Сумын нөхөн сонгуульд оролцоход 250 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. Гэтэл түүний цуглуулсан нь заасан тоонд хүрээгүй тул аймгийн сонгуулийн хороонд авч хэлэлцээд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Үүний шалтгаан нь “...Л.Наранбаатарын материалыг нь нягтлан шалгаад...” гэсэн байгаа юм. Тэгэхээр Наранбаатар гэдэг хүн тэр үеэс хойш манай намын гишүүн биш болсон гэсэн үг. Үүгээр юу харуулж байна гэхээр энэ хүн алхам тутамдаа эрх ашгийнхаа төлөө бусдыг хуурч мэхлэх гэдэг, намын нэр хүндийг хувийн эрх ашгаас дорд үздэг.

Дархан-Уул аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Би 2014 оны наймдугаар сарын 27-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Цагааны Оюундарийн гарын үсэгтэй хоёр бичгийг танилцуулъя. Нэг нь ардчилсан намын гишүүн Л.Наранбаатар гэсэн бол нөгөө нь Дархан-Уул аймгийн  Ардчилсан намын дарга Намсрай овогтой Мөнхдаш гээд регистрийн дугаарыг нь тавьчихсан албан бичиг юм. Өөрөөр хэлбэл, үүгээрээ хэн нь дарга, хэн нь гишүүн бэ гэдгийг тодорхойлж өгсөн. Мөн 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд итгэмжлэл гаргасан. Үүнд “Дархан-Уул аймгийн намын дарга Намсрай овогтой Мөнхдашид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т заасан эрх болон мөн хуульд заасан оролцогчийн бусад эрхийг итгэмжлэн олгов. Дарга З.Энхболд” гээд гарын үсэг зурж. Тэгэхээр хэн нь манай намын хорооны албан ёсны дарга вэ гэдэг нь тодорхой харагдана.

Одоо Наранбаатар өөрийгөө намын дарга гэх мөртөө хуурамч тамга, тэмдэг ашиглаад яваа. Тодруулбал, хүчингүй болсон тамга, тэмдгээр гадагшаа, дотогшоо хандаж байгаа юм. 2013 онд Нийслэлийн цагдаагийн газарт ЕНБД Оюундарийн хандсан албан бичиг бий. Энд “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хорооны УХЗ-1791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” гэж хандсан. Гэтэл манай жинхэнэ тамга 2000 оноос хойш ашиглагдаж байгаа, цэнэглэдэггүй, дардас болгондоо тосонд хүргэдэг тамга юм. Харин Наранбаатарын бариад буй хуурамч тамга нь цэнэглэдэг. Ийм ялгаа байгаа юм. Энэ хуурамч тамгаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл хүссэн. Тэгэхэд, хариуд нь “Хуурамч тамга, тэмдэг ашигласан тул зөвшөөрөх боломжгүй. Намын зөвлөлдөх зөвлөл дотооддоо хэлэлцээд, дахин зөвшөөрөл хүсэх нь нээлттэй...” гэсэн байгаа.
Үүнээс гадна бид бас нэг зүйлд эмзэглэж яваа. Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг үймүүлж, бужигнуулаад буй хүмүүсийн талаар бид жирийн гишүүддээ хандан тайлбар өгч, ярилцаж байснаас биш албан ёсны тайлбар өгөхгүй байсаар ирлээ. Гэхдээ баримт, материалд түшиглэж, ямар ч байсан мэдэгдэл байр сууриа хүргэх нь зүйтэй гэж үзсэн.

Дархан-Уул аймгийн АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Ч.Эрдэнэцэцэг:
-Наранбаатар харахад боловсролтой, сайхан залуу хүн ч гэлээ хувийн ашиг сонирхол ихтэй юм. Манай намын хорооны даргаар долоон сар ажилласан. Тэр хугацаандаа тайлангаа өгөөгүй, намын хөрөнгөөс 20 гаруй сая төгрөг хувьдаа ашиглаад, наадмаар өөрийн зураг, хөрөгтэй бэлэг тараасан. Намын даргын хувьд ийм зүйл байдаг юм байлгүй гэх хүн байсан ч эсэргүүцэх, гайхах хүн ч олон байлаа. Анх томилох үед манай намын хуучин дарга Мягмардаш миний бие тааруу байна, сонгуульд муу оролцсон буруугаа хүлээе, зайгаа тавьж, шинэ залуу боловсон хүчинд үлдээе гээд Наранбаатарыг сонгосон. Гэвч юманд чинь хүний суурь хүмүүжил нөлөөлөх юм.
Тэгээд энэ нөхцөл байдалд манай Ардчилсан нам сүүлийн 10-аад жил дотоод хурал, хяналтын ажлаа цалгардуулсан нь ч нөлөөтэй байх. Харин одоо шинэ удирдлага, дарга сонгогдсон өөрчлөгдөнө гэж найдаж байгаа.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын АН-ын төлөөлөгч П.Оюунгэрэл:
-Наранбаатар ба түүний нөхөд гэх хүмүүсийн хийж буй үйл ажиллгааанд хэн хамтраад байна гээд харахаар Баянмөнх гэж хүн бий. Аймгийн ИТХ-д манай намаас нэр дэвшиж сонгогдонгуутаа МАН-тай шууд хамтраад “Би Засаг даргын орлогч боллоо” гээд намаасаа гарчихсан. Гэтэл энэ албан тушаалд очих эсэхийг бүлгээрээ, намаараа ярилцаж байж шийдэх ёстой байдаг. Энэ мэтээр хэрээс хэтэрсэн үйлдэл хийх боллоо. Үүнийг манай намын гишүүд цөм харж байгаа юм. Тэд маш башир арга хэрэглэдэг. Анх “Шинэ давалгаа” гээд ТББ байгуулаад залуусыг цуглуулчихаад эргээд нам болгож ашигласан. “Шинэ давалгаа”-гийн олон гишүүн энэ учраа ч мэдэхгүй яваа. Саяхан ардчиллын 25 жилийн ой болсон. Үүнийг тохиолдуулж “Дуулахын заяа зүрхэнд” гээд МУГЖ Түвшинтөгс гуайн тоглолтыг Дарханы театрт тоглолоо. Гэтэл Наранбаатарын хүмүүс бүх тасалбарыг нь худалдаж аваад иргэдэд үнэгүй тараасан. Урилга авсан ямар ч хүн гавьяатынхаа тоглолтыг үзье гэж бодох нь мэдээж. Гэвч урилгынхаа ард бичсэн хөтөлбөрийг харахаар тоглолт дундаасаа Ардчилсан намын баярын хурал болчихож байгаа юм. Ийм байдлаар хийдэг хууль бус үйлдэл удахгүй шийдэгдэх байх.

Дархан-Уул аймгийн АН-ын Ардчилсан ахмадын холбооны дарга С.Очирсүх:
-Би аймгийнхаа намын хороог 1990 оноос л хойш нэлээд мэддэг хүний нэг. Манай намынхан тодорхой жишээ, баримтаар тайлбарлалаа. Намын дүрмэнд гишүүний үүрэг гэж тов тодорхой зүйл бий. Үүнд намынхаа олонхийг дагана, эрхийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлж болно, намаасаа гарах нь ч нээлттэй. Тэр бүү хэл өөр намд ч элсч болно шүү дээ. Гэтэл сайн дураараа гишүүнчлэлээс татгалзчихаад, эргээд Ардчилсан намыг цаанаа зохион байгуулалттай, хатгаасаар өөрийгөө дэндүү хүнд байдалд оруулж байгаа юм даа.

Дархан-Уул аймгийн АН-ын Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгч П.Баярсайхан:
-Намын гишүүн байсан хүн ийм бусармаг үйлдэл хийсэнд нь харамсаж байна. Энэ хүмүүсийг дагасан хэсэг бүлэг хүн бий нь тодорхой. Тийм учраас иймэрхүү хууль бус, бусармаг үйл ажиллагаанд залуучууд маань хутгалдахгүй байхыг хүсэх байна. Ардчилсан нийгмийнхээ, ардчиллынхаа нэр хүндийг өндөрт өргөж цаашид эв нэгдэлтэй хамтран ажиллахыг уриалж байна аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан