Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Үнэн: Ардчилсан нам их ялзарсныг дотоод сонгуулиар л анзаарлаа

Ардчилсан нам дотоод сонгуулиа зохион байгуулж дууссан ч түүнээс улбаалсан маргаан, будилаан ар араасаа цуварч байна. Аймаг, нийслэлд гарч буй зөрчилдөөн ямар шалтгаантай вэ гэдгийг тодруулах эх сурвалж хайхад Нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны дарга С.Үнэн бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөн юм. Тэрээр Улаанбаатар хотод харьяалагдах дүүргүүдийн нөхөн сонгуулийг хянах үүрэгтэй учраас бидний яриа ч тэр хүрээнд өрнөлөө.

-Зайлшгүй хийх ёстой шинэчлэл үндсэндээ нэгдүгээр сард өрнөсөн. Энэхүү нөхөн сонгуулийг зарласнаас өгсүүлээд эхнээс нь ярья?
-Ардчилсан нам маань өөрөө дотоод ардчиллаа сайн хөгжүүлсэн. Тэр утгаараа намын дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийг ротаци хэлбэрээр сонгож, цусаа сэлбэдэг, залуу үедээ гарч ирэх бололцоо олгодог байсан. Гэтэл түүнийг хэдэн жилийн өмнөөс хориглочихсон юм. Сүүлийн 4-5 жилийг эргэж харахаар, ялангуяа бид эрх баригч болсон үеэс үзэхэд нэг зүйл маш их дутагдаж байна. Тэр бол цус сэлбэдэг байсан ротацийн сонгууль. Цус сэлбэдэг байснаа больчихоор Ардчилсан нам өөрөө гаднаас залуучууд орох бололцоогүй хүрээтэй болчихсон. Шинэлэг уур амьсгал, өөрчлөлт байхгүй гэсэн үг. Залуус маань үүнийг маш их шүүмжилдэг. Ардчилсан нам маань Хувьсгалт нам, Ардын намаас илүү бугшсан хүнд сурталтай болчихжээ гэдэг. Харин энэ оны хувьд зайлшгүй ротаци хийх шаардлага үүссэн. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд олноороо төрийн албанд шилжсэн, зарим нь нас барсан, өөрийн хүсэлтээрээ гарсан гэх мэтчилэн цөөнгүй хүний ҮЗХ-ны гишүүний эрх нь чадамжгүй болсон тул нөхөх ажил эхэлсэн. Тэгээд нэгдүгээр сарын 6-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хороон дарга Алтанхуяг тогтоол хэлбэрээр шийдвэр гаргасан. Түүнд нь “Нэгдүгээр сарын 26-ны дотор нөхөн сонгууль явуулна гээд заачихсан юм. Энэ нь ганцхан  Алтанхуяг даргын шийдвэр биш намын Гүйцэтгэх зөвлөл болон бусад удирдлагын хэмжээнд гаргасан шийд. Гэвч би үүнийг алдаатай шийдвэр гэж шулуухан хэлмээр байгаа юм.

-Учир нь?
-Нөхөн сонгууль явуулах шаардлага гарлаа гэдгийг намын бүх давхаргын гишүүд ярьж байсан нь үнэн. Гэвч сонгуульд бэлэн байгаагүй юм. Хүмүүс нөхөн сонгууль хийе гэж шаардах нь нэг асуудал. Түүнийх нь дагуу нөхөн сонгуулиа зохион байгуулна гэдэг нь өөр асуудал л даа. Юу гэхээр аливаа сонгууль зохион байгуулахад бэлтгэл ажил, хугацаа гэж байдаг. Өмнө нь яаж нөхөн сонгуулиа хийж байсан бэ гэвэл гуравдугаар сарын 1-ээс өмнө намын бүх гишүүн- татвараа төлснөөр эрх нь баталгааждаг тул түүнээс хойш ротацийн болон нөхөн сонгуулийг зохион байгуулахад бэлэн болдог байсан. Манайх чинь жилийн татвараа гурав болон есдүгээр сард хувааж төлдөг шүү дээ.

Тэгэхээр нэгдүгээр сарын 26-нд ҮЗХ-ны сонгууль явуулсугай гэсэн тогтоол гаргачихаар Ардчилсан намын дүрмээ харах хэрэгтэй болно. ҮЗХ-ны сонгуулиас 14 хоногийн өмнө дунд болон намын анхан шатны байгууллагын сонгууль явагдаад дууссан байх ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 12-ны дотор бүх шатны сонгууль дуусчихсан байх ёстой гэсэн үг. 6-ны өдөр тогтоол гаргаад 8, 9-ний өдөр дүүрэг, хорооны намын үүрүүдэд хүрч байгаа юм. Үлдсэн сонгууль зохион байгуулах хугацаа нь 2-3 хоног. Энэ л өөрөө маш их зөрчилдөөн, будилаан үүсгэсэн хэрэг. Манай намын эрх барьж буй дээд байгууллагын гаргасан шийдвэр доор очихдоо ийм маргаан дагуулсан учраас би буруу гэж үзээд байгаа юм. Сонгууль явуулах хугацааг товлож, шийдвэр гаргахдаа сонгууль ямар процессоор явдаг вэ гэдгээ сайтар тооцож төлөвлөж байх хэрэгтэй.

-Процессыг нь бодоогүй юм байж. Тэгвэл нэгдүгээр сардаа багтааж дуусгах гэж яарах ямар шаардлага байсан юм бол?
-Тэр шалтгааныг би ойлгохгүй байгаа. Оны өмнөхөн ҮЗХ маань хоёр ч удаа хуралдахдаа дутуу гишүүнтэй хуралдсан. Одоо гурав, дөрөвдүгээр сарын үед дараагийн хурал товлосон ч хугацаа нь болоогүй байна. Ийм тохиолдолд ҮЗХ-ны нөхөн сонгуулийн өдрийг хатуу товлосон нь өнөөдрийн олон асуудал үүсэх шалтгаан болжээ л гэж харж байгаа.
12-ны дотор сонгуулиа зохион байгуулах шаардлага гарсан учраас хам хум юм л болсон. Бүр сонгуулиа хийж чадаагүй хэд хэдэн газар ч байна. Сүхбаатар дүүргийн намын хороо нөхөн сонгуулийг 16-ны өдөр хийсэн. Хан-Уул дүүрэг бас хугацаандаа амжаагүй. Яагаад гэвэл заримых нь удирдлага эзгүй байсан, бэлтгэл хангах үүрэгтэй хүн нь байхгүй гэх мэт. Сонгууль хийсэн газар болгонд зөрчил, будилаан, маргаан үүссэн. Ийм байдалд хүргэсэн үндэс нь тэр анхны тогтоол л гэж хараад байгаа. Гэтэл Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга маань хэвлэлээр ярихдаа “Сонгуулийн  нутаг дэвсгэрийн хороод, түүний зарим гишүүн намын дүрэм журмаа мэдэхгүйн улмаас асуудал гарч байна” гэж шүүмжлээд эхэлсэн. Үнэн­дээ тэдэнд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодоос холбогдох хүмүүсийг дуудаж уулзаад, зөвлөлдөөд ажлаа хийх боломж бүрэн байсан юм шүү. Надаас ч бас хэвлэлийнхэн асууж, тодруулахад хариу өгч, тайлбарласан ч гэлээ өнөөдрийнх шиг учир шалтгааныг нь бүр эхнээс хөөж, нарийн яриагүй.

-Хүмүүс бол ганц хоёр дүүргийн хэмжээнд л будилаан үүсч гэж харж байгаа. Ер нь, нийслэлийн хэмжээнд хэдий хэр гомдол, санал ирсэн бол?
-Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүрэг гээд сонгууль болсон бүх газраас гомдол ирсэн. Нэг дүүрэгт гэхэд л 12 гомдол, санал гарсан байх жишээтэй. Тэдний ихэнхийг нь харахаар намын хорооны гишүүдэд өрсөлдөж байгаа залуучууд өөрсдөд нь бололцоо олгоогүй гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигч өөрийгөө сурталчилж, таниулж, хүлээн зөвшөөрүүлэх боломж нь, хугацаа нь байгаагүй гэсэн. Би дүүргийнхээ намын хороонд орж Ардчилсан намыг шинэчилье, сайхан болгоё, намын байгууллагаар дамжуулж засгийн эрх барьдаг тогтолцоотой учраас намын хороонд ажиллая гэж бодсон залуу хүний сэтгэлийг үгүйсгэж байгаа хэрэг. Уг нь, дэмжих ёстой шүү дээ. Бидэн шиг 20 гаруй жил ардчиллын үйл явц, процесст гар бие оролцсон хүмүүс одоо залуучуудаа дэмжихгүй бол утгагүй. Энэ залуучуудад бололцоо олгохсон гэдэг өнцгөөс л би харж байгаа даа.
Яагаад ийм зөрчил, гомдол их гарав аа гэдгийг нэлээд бодож, тунгаасан л даа. Ер нь, зарим дүүргийн намын дарга нар удирдаж буй байгууллагаа хувийн компани шигээ ойлгодог болчихож. Тэгээд намын хороонд сонгууль явуулна гэхээр компанидаа ажилтан элсүүлэх гэж байгаа юм шиг “би мэднэ” гэдэг сэтгэлгээгээр хандсан. Ийм хандлага маш то­дорхой харагдсан. Мөн са­нал гомдлыг судлаад үзэхээр сонгууль зохион байгуулсан процеду­рын алдаанууд, суртал­чилж таниулах цаг хугацаа хомс байдалтай түлхүү холбоотой байгаа юм.

-Гэхдээ тэр үйл явц, про­цессыг хянаж, засч зал­руулах үүрэгтэй хүмүүс муу ажилласан гэх юм билээ.
-Намын бүх шатанд дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо болон салбар хороодыг  бүрдүүлж, тэр хүмүүс нь сонгуулийн үйл явцад хяналт тавих ёстой байдаг юм. Гэтэл өнөөх намын дарга нар сонгуулийн хороогоо бүрдүүлээгүй. Жишээ нь, дүүргийн сонгуулийн хорооны төчнөөн гишүүн төрийн албанд шилжчихсэн байна, энд нөхөн бүрдүүлэлтээ хийгээрэй гэж дор дор нь засах ёстой байсан. Улмаар Дотоод Сонгуулийн Хороо баталгаажуулах ёстой байдаг.Энэ ажлаа хийж, үүрэгжүүлж, хяналтаа тавиагүй хэрнээ сүүлд нь шүүмжлэгчийн байр сууринаас хандаад явчихлаа. Дүүргүүд хороон дээр байдаг сонгуулийн салбар хороо гэдгээ огт байгуулаагүй, орхичихсон учраас сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод нь дураараа ажиллаж, шийдвэр гаргах жишээтэй. Дүрмэнд үүнийг тодорхой заасан шүү дээ. Дүүргүүдийн намын хорооны сонгууль, үүрүүдийн сонгууль тус тусад нь зохион байгуулна гэж бий. Үүнийг хэрэгжүүлэхийн оронд бөөнд нь нэг зааланд оруулаад л, намын даргын айхтар хатуу хяналтан дор асуудлаа шийдсэн. Ингэхдээ намын дарга өөрөө үүрийн дарга нарыг томилдог үзэгдэл газар авсан. Уг нь, энэ чинь сонгуульт алба шүү дээ. Үүнээс болж жирийн ардчилсан үзэлтэй, эгэл залуучуудад нэр дэвших боломж олдоогүй. Хаалттай.Тэр ч утгаараа намын бүр доод шатнаас эхлээд залуучууд намын даргаа өөрчилье, шинэчилье гэдэг санаачилга гаргах болсон. Даанч намын дарга нар энэ үйлдлийг нь эрх мэдэлд шунаж, улайрч, дайрлаа гэж тайлбарлаад байгаа юм. Манай нам чинь хамгийн нээлттэй, ардчилсан зарчмаар ажиллах ёстой байтал хамгийн хаалттай нам болжээ гэдгийг л үүгээр харуулж байна.

-Нөхөн сонгуулиас хойш бүтэн сар өнгөрлөө. Тэгэхээр түүний ард нь гарч, гарсан асуудлыг зохицуулж, учрыг нь олохын тулд ямар үйл ажил­лагаа зохион байгуулж байна вэ?
-Өнөөдөр намын дээд удирдлага засгийн эрх барих гэж ямар их анхаарч байгааг бүгд харж байна. Тэгвэл түүнийхээ адилаар намын дунд, анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, оролцох шаардлага үүсчи­хэж. Өөрөөр хэлбэл, дотоод сонгуулийн хорооны дарга Алтанхуяг маань дүүрэг, хорооны салбар зөвлөл рүүгээ сонгуулиа дүрмийн дагуу хугацаанд нь зохион байгуул гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Хяналтын хороо ажлаа хийх ёстой, намын дотоод бүтцийн нарийн бичгийн дарга нар ажиллах хэрэгтэй. Энэ мэтээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна шүү.
Дүүргүүд өөрсдөө намын дүрмэнд байхгүй юм яриад эхэллээ. Нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд бид захирагдахгүй ээ гэдэг. Уучлаарай, Монгол Улсын хуулиар улс төрийн намуудын үйл ажиллагаа чинь улсын нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалтад нийцэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хорооны намын үүр дүүрэгтээ, дүүргийн намын хороо нь нийслэлийнхдээ харьяалагдана. Нийслэлийн нам өөрөө үндсэн Ардчилсан намын удирдлагад ажиллана гэсэн үг. Даанч түүнийг дагаж мөрдөхгүй эсэргүүцэж байна.Уг нь, дүүрэгт гарсан сонгуулийн маргааныг нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо хэлэлцээд шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргаж өгдөг. Сонгууль болсон бүх намын хороонд хүргүүлчихсэн байгаа.

-Таны хэлсэн тогтоол оччихсон дүүрэг, хороодод эрх зүйн чадамжтай албан ёсоор хэрэгжиж байхад эсэргүүцээд байгаа хүмүүсийг тэгэхээр яах вэ?
-Дахиад хэлье хууль, дүрмээ баримтлах хэрэгтэй. Эсэргүүцэхийн тулд эсэргүүцэх биш хууль, журмаа баримталж л байх хэрэгтэй. Би эсэргүүцнэ гээд хуулиа уландаа гишгэж болохгүй. Манай намд ер нь, дүрэмгүй тоглоод байж болох нь гэсэн уур амьсгал маш их газар авсан нь ажиглагдсан. Энэ бол туйлын харамсалтай. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад намын дээд байгууллага Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооныхон маань асууд­лыг бодитоор хараасай, хуу­лийн хүрээнд ажиллаасай гэж хэлмээр, уриалмаар байгаа юм.

-Тэгэхээр зүй ёсны юмыг эсэргүүцээд буй хүмүүс хуулиа зөрчиж байна гэдэг үүднээс хуулийн байгууллагад хандах нь зөв байх нь ээ?
-Ер нь, бол тийм. Хуулийн байгууллагад хандах байх, нөхөн сонгуулийн зөрчил нь явсаар чинээндээ тулах байх. Мөн намын бүтцийн байгуулалтын нэгж, хэлтэс, газрууд, нарийн бичгийн дарга нар энэ байдлыг улам даамжруулж, сүйрлийн хэмжээнд аваачилгүйгээр эртхэн татаж аваад, үзээд, шийдээсэй л гэж хүсч байна. Тэгэхгүй бол амбицтай том дарга нарын хүслээр намын анхан, дунд шатны байгууллага бүрэлдээд байж болохгүй. Мөн эсрэг талаас нь хэлэхэд одоо байгаа шат шатны намын дарга нар өөрсдөө жаахан нээлттэй ажиллаасай, хувийн байгууллага шиг үздгээ болих хэрэгтэй. Ардчиллын зарчмаа баримтлаач ээ гэх байна.

-Та ярианы эхэнд сүүлийн хэдэн жил нам доторх ротацийн сонгуулийг хориглочихсон гэж. Тэр шийдвэр ямар үндэслэл, шалтгаантай байсан юм бол?
-Үндэсний зөвлөлдөх хорооноос 2011 онд билүү дээ ротацийн сонгуулийг цаашид явуулахгүй байх шийдвэр гарсан. Тэгэхээр би үүнийг хуйвалдааны шинжтэй асуудал болоод өнгөрлөө л гэж харсан. ҮЗХ-нд хязгааргүй хугацаагаар суух сонирхол хүмүүст мэдээж бий. Түүнийгээ л гүйцэлдүүлсэн. Манай нам тухайн үед эрх барьж эхлээгүй, сөрөг хүчний байр суурьтай байсан учраас фракцуудын ойлголцол, дотоод нэгдэл нэлээд бат байсан. Нэгдэл маань батжаад ирсэн юм бол ҮЗХ-г битүү байлгая. Тэгснээр гаднаас шинэ хүн орж бужигнахгүй гэсэн хийсвэр маягийн үндэслэлээр л ҮЗХ шийдсэн болов уу. Өөрсдийгөө мөнхийн гишүүн байлгахын тулд ҮЗХ энэ асуудлыг дуун дээр зөвшөөрнө биз дээ. Ротацийн сонгууль байхгүй болчихоор дарга нар дур зоргоороо аашилдаг, хувийн компани шиг болгодог, өмчилдөг асуудал бий болж,..
Би их муухайгаар хэлмээргүй байна, гэхдээ сүүлийн үед манай нам дотор болж байгаа процесс, фракцуудын маргаан зэргийг харвал манай намд задрал үүсэх нөхцөл байдал  бий болчихлоо гэж харж байна. 2-3 гишүүн нийлээд л фракц үүсгэчихдэг болж. Ингэхдээ Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг байхгүй болгоод гишүүдийн амбиц, хүсэл эрмэлзэл л давамгайлчихаж байгаа юм. Энэ үнэт зүйл, тодорхой үндсэн ойлголтуудаасаа бид ухарч болохгүй. Тэгвэл нам мөхөх аюултай. Манай намд 2016 оны сонгууль хүртэл айхтар тэсрэлт болох вий гэж би эмээж бай­гаа. Буруутай хүн олон бий. Өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байх. Гэвч ард түмэн сонгол­тоороо түүнийг ялгаж өгнө шүү. Нэмээд залуу үеэ дэмжиж, гаргаж ирмээр байгаа юм. Одоо манай фракцуудын да­хин хуваарилалт, шийдлийг хара­хаар дандаа л хувьсгалд орол­цож, хорь гаруй жил зүтгэсэн баатрууд л гол дүрд яваа. Харин ч биднээс илүү Ардын нам залуучуудаа дэмжээд байх юм. Манайх бол залуусаар “цус сэлбэх” асуудлаа намын тогтолцоо, бүтэцдээ эргэж суулгамаар байна. Тэгэхгүйгээр Ардчилсан нам их ялзарчээ гэдгийг сая болсон дотоод нөхөн сонгуулиар л анзаарлаа.

-Одоо бол Ардчилсан нам их л муухай харагдаж байгаа шүү дээ?
-Залуу гишүүд манай нам чинь юу болчихоо вэ гэж дуу алдаж байна. Юунд гишүүнээр орчихоо вэ гэж. Нөгөө аав, ээжийн яриад байсан цагаан морин жилийн хувьсгал энээ тэрээ юу болчихоо вэ, юу руу орчихов гэх жишээтэй. Энэ залуучуудын итгэл үнэмшлийг, зориг тэмүүллийг Ардчилсан нам алдсанаараа их л муу зүйл рүү явахын шинж, дохио л доо.

0 Сэтгэгдэл
ардчилсан нам= ялзарсан төмс
Мөнхийн дарга сайд гишүүн байна гэж бодож мөрөөдөж байгаа нөхдүүд энэ намыг баллаж байна даа
дуусаад удаж байгаа ш дээ. одоо танай намд украйны майданчуудтай л найзлахаар өөр зам байхгүй хөө чааваас. үнэн тэнэг ялзарсан нам
Үнэн шүү дээ. Архангайд ч гэсэн ийм балиар юм болсон юм даа
an 16 onii songuuliar tugsgul bolno biz dee
үнэн маш зөв шударга хэлсэн байна
Хамгийн их уншсан