Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгаа унагаагаад амьдрал сайжирдаг бол ч...
Ямар ч үед Засгийн газар, Ерөнхий сайд, сайд нарыг огцруулах нь улс төрд оноо авах нэг чухал арга байсаар ирсэн. Энэ парламентад дэндүү олон популист, шоучин  бийг ч цөөнгүй хүн хэлсээр байгаа. Тэдний ээлжит шоу нь арай гэж элэг бүтэн болсон Засгийн газрыг унагаах зорилгод чиглэжээ. “Шударга” ёс эвслийн эсэргүү гишүүд, МАН-ын зарим гишүүнтэй хамтарч Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 19-өөс дээш гишүүн огцруулахаар санал нэгдэж, гарын үсгээ зурвал УИХ-д өргөн барина гэсэн үг. Гэхдээ юу юугүй огцруулна, унагаана гэхээсээ өмнө гарах үр дагавар, үүсэх нөхцөл байдлаа бодолцож үзэхийг цаг үе харуулах боллоо. Өнгөрсөн жилийн сургамж ч багадаагүй байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулаад дээрдсэн зүйл юу билээ. Эдийн засгийн хүндрэл шийдэгдээд байна уу гэвэл үгүй гэж хариулах хүн дийлэнх жинг дарах байх. Нөхцөл байдал сайнгүй байгааг тал талдаа мэдэж байхад Ерөнхий сайдаа огцруулбал ямар үр дүнд хүрэх вэ. Зүгээр л бодоод үзэхэд биднийг засгаа унагааж, эргүүлж шинийг бүрдүүлэн байгуулж тоглож суух хооронд эдийн засгийн уруудсан үзүүлэлтүүд аяндаа дээш өгсөхгүй нь мэдээж. Хоёр сарын өмнө МАН-ын сайд нарыг чөлөөлж, оронд нь нөхөн томилгоо хийх гэж багагүй цаг хугацаа алдсан. Зургаан сайдын орон тоог нөхөж томилохын тулд хоёр сар зарцуулсан гэхээр Засгийн газрыг бүтнээр нь эвлүүлэхийн тулд хэдий хугацаа зориулах бол. За яахав, томилочихдог юм байж. Харин ажил нь жигдэрч, цэгцрэх гэсээр байтал дараагийн сонгуультай золгоно.

Энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв хэлэлцэж батлах хариуцлагатай үүрэг УИХ-д бий. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дамжуулж байж батлах учиртай. Гэтэл эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахын тулд 2016 оны төсвөө чамбайруулж, таналт, хэмнэлтээ сайн тооцоолох ажлын хажуугаар Ерөнхий сайд, сайд нарыг огцруулаад эргүүлэн өөр хүн томилж, бүтцийн өөрчлөлт хийх цаг зав парламентад гарна гэдэг юу л бол. Төсвөө заасан хугацаанд нь батлахын тулд илүү цагаар хуралдаж, арай л гэж хуулийн хугацаанд нь амжуулдаг жишиг УИХ-д бий. Засгийн газар бүрдүүлэх, төсөв батлах хоёр зэрэгцэхээр юу болохыг таашгүй гэдэг л болох биз. 

Ерөнхий сайдыг огцруулснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуультай. Гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн хямрал шинэ Засаг гарч ирснээр дээрдэж, гэнэт амьдрал сайхан болчихдог бол сар бүр солиод л баймаарсанж. Харамсалтай нь, улс төрийн орчин тогтворгүй, олон Засгийн газрын нүүр үзээд байхаар байнга шахуу ярьдаг гадаадын хөрөнгө оруулалт татах улсын бодлого юу болж таарах вэ. Ямартай л Монголд хөрөнгө оруулалт хийх гэсэн гадаадын нэгэн бизнесмэн сайд нарыг алга урвуулахын дайтай олон өөрчлөгддөг тухай гайхан ярьж байсан. Нэг уулзахад өөр сайд, буцаад ирэхэд нь дахиад өөр сайд угтдаг болохоор итгэл төрөхгүй байгаагаа нуугаагүй. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан нэг хүчин зүйлийг улс төр, Засгийн газрын тогтворгүй байдал гэдэг. 

1996-2000 оны гашуун сургамжийг хаа хаанаа санаж явахгүй бол болохгүй гэж амтай бүхэн захиж байлаа, 2012 онд. Засгийн газраа сольж, өөрчилсөн тоогоороо уралдаагүй л юм бол энэ удаагийн дайралтыг сөрөөд үзэхээс өөр арга үлдээгүй. Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд өөр бусад намтай эвсэж, хамтарч л таарна. Харин бусад намд нь эвсэж, хамтрах сонирхол байгаа ч уу, үгүй ч үү. Засгийн газар гэдэг хэн нэгэн, хэсэг бүлэгт таалагдахгүй байвал нураагаад шинээр барьчихдаг элсэн байшин биш. Жил хүрэхгүй настай Засгийн газраар оролдоод байх нь зөв шийдэл мөн үү.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан