Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЦОР ГАНЦ СУРГУУЛИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦААСНЫ НӨӨЦ ДУУСЧЭЭ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Р.Амаржаргал гишүүний гаргасан саналын дагуу ажлын хэсэг байгуулж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургалттай сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа. Өнгөрсөн бямба гарагт гэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар ажиллав. 

Хамгийн түрүүнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Монгол Улсын хэмжээнд байдаг цорын ганц 116 дугаар тусгай дунд сургуулийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцан, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ. Бүрэн хараагүй буюу сул хараатай 95 хүүхэд суралцаж буй тус сургуулийн үйл ажиллагааны цар хүрээ нь улсын хэмжээнд явагддаг ч Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг учраас ихээхэн хүндрэл үүсдэг талаар захирал Э.Энхзул учирлажээ. 27 багш, 31 ажилтантай тус сургууль дэргэдээ дотуур байртай ч 50 хүүхэдтэй дотуур байрт нэг асрагч ажиллах журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь нэлээд хүндрэл учруулдгаас гадна нэг хүүхдийн эмийн зардал жилд 38.000 төгрөг хэмээн төсөвт тусгагддаг нь хүрэлцдэггүй, тухайн хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч
ажиллах боломжгүй болгодог байна.

 Харааны бэрхшээлтэй сурагчдын сургалтын гол хэрэглэгдэхүүн нь баррель. Тус сургуулийн цаасны нөөц дууссан учир ватум, зузаан цаасаар орлуулах байдлаар сургалтаа явуулж байгаа аж. Сургалтын материалын хувьд маш дутмаг бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдэд
зориулсан тусгай ном товхимол байдаггүй тул сургалтын материалыг багш нар өөрсдөө хөрвүүлэхэд хүргэдэг байна. Мөн сургалтын төсөвт нэг сурах бичгийг 8000 төгрөг хэмээн тусгадаг бол баррель үсэг бүхий нэг ном хэвлэх зардал нь зах зээл дээр 90.000-110.000 төгрөгийн үнэтэй байдаг аж. Тиймээс тусгай хэрэгцээний хэвлэх төхөөрөмж, эсвэл тусгай хэвлэх цех байгуулах асуудлыг нэн яаралтай шийдүүлэх хүсэлтэй байгаагаа тус сургуулийн захирал Э.Энхзул УИХ-ын гишүүн Д.Арвинд танилцуулжээ. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн орчинд анхаарал хандуулах шаардлага байгааг ч дуулгасан байна.

Учир нь, тус сургуулийн эргэн тойронд барилгын материалын худалдаа төвлөрчээ. Худалдаа эрхлэгч, иргэд сургуулийн хашаанд автомашинаа байрлуулдаг байдалд сургуулийн ажилтан, удирдлагын зүгээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа аж. Асуудал ямар байгаатай газар дээр нь очиж танилцсан УИХ-ын гишүүн Д.Арвин 116 дугаар сургуулийн удирдлагуудад тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдэхэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо анхаарал хандуулан ажиллах болно гэдгийг мэдэгдээд дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дээрх асуудлыг шийдвэрлэх арга замын талаар судалгаа хийхийг үүрэг болгожээ. Мөн дотуур байранд суралцагчдын эмийн төсвийг нэмэгдүүлэх, сургуулийн харьяаллын асуудал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэшсэн нарийн мэргэжлийн багшлах боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэргийг шийдэхэд тусална гэв. Энэ өдөр ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Арвин Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан