Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлэг шаардлагагүй зардлыг бууруулж, цалин тэтгэвэр нэмэхийг шаардав
Төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцжээ. Цалинг хасах Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Хямралтай үед ард иргэдийн орлогыг бууруулах нь буруу. Тэвчиж болох урсгал болон шаардлагагүй зардал, гадаад, дотоод томилолт, сургалт, семинар, шатахуун, унааны зардлыг бууруулах боломжтой гэж үзэв. Шинээр байгуулсан улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын цэгцлэх санал гишүүдээс гарч. Энэ мэт зардлаа хэмнэх юм бол цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон байна. Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөндөхөө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны татварыг нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг мөн дэмжихгүй гэв. Бүлгийн дарга С.Бямбацогт “Дэлхийн зах зээлд шатахууны үнэ 2.5 дахин буурсан байхад Монголд 10 хувиар ч буураагүй байна. Саяхан Тайвань шатахуунаа нэг литр тутамд монгол төгрөгтэй харьцуулахад 500 төгрөгөөр буулгасан. ОХУ-д нэг литр шатахуун 1000 гаруй төгрөг байхад Улаанбаатарт 1800 төгрөг байна. Тиймээс хямралтай үед шатахууны татварыг нэмэхийн оронд үнийг бууруулж, улсын хэмжээнд шатахууны үнийг ижил болгох ёстой” гэж мэдээллээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх талд шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварын нэмэгдэлд 61.3 тэрбум, татварын өрийг барагдуулахад 325.4 тэрбум, нийт 400 гаруй тэрбум төгрөг олохоор тооцсон нь үндэслэл муутай  байна гэсэн юм. 2012 онд унаа хоолны хөнгөлөлтөд 16 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 37 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин 2012 онд урамшуулалд 27 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд 57 тэрбум төгрөг төсөвлөсөн байгааг хэлэв. Ирэх онд шинээр объект эхлүүлэхгүй, өмнөх ажлуудаа дуусгах ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Төсвийн алдагдлыг 3.3 хувиас бууруулах боломж бололцоог судлах, аль болох тэг рүү ойртуулах талд анхаарч ажиллахаар болсон байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан