Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн өршөөгдөж, хэн өршөөгдөхгүй болов
УИХ наймдугаар сарын 11-ний өдөр хаалттай хуралдаанаар баталж, наймдугаар сарын 17-ны өдөр Ерөнхийлөгчийн хоригт орсон Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж, өчигдөр тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Санал хураалтад УИХ-ын 68 гишүүн оролцож, тэдний 62 нь зөвшөөрснөөр хууль өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Ингээд хууль батлагдсанаар ямар хэрэгтнүүд өршөөгдөж, ямар заалтууд Ерөнхийлөгчийн хоригт орсон чигээр батлагдсаныг сийрүүлье.

Ямар гэмт хэргүүд нэмж өршөөгдөхгүй болов

Хуульзүйн байнгын хорооны олонхи залилан, албаны эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль зуучлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, өршөөх хэрэгтэй гэж үзсэн юм. Гэвч, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж, Ё.Отгонбаяр нар дээрх хэргүүдийг өршөөх ёсгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулийн 9.1.3 буюу өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд дээрх заалтуудыг нэмж оруулах ёстой гэж цөөнх болсны дагуу өчигдөр цөөнхийн саналаар УИХ санал хураасан юм. Ингээд
• Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх
• Эрүүгийн хуулийн 263 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
• Эрүүгийн хуулийн 264 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
• Эрүүгийн хуулийн 270 буюу Хээл хахууль зуучлах
• Эрүүгийн хуулийн 270-ын нэг буюу Хууль бусаар хөрөнгөжих
• Эрүүгийн хуулийн 273 буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн зүйл заалтуудыг Өршөөлийн хуульд хамруулахгүй байхаар боллоо. Мөн Эрүүгийн хуулийн 268 буюу Хээл хахууль авах хэрэг өршөөгдөхгүй юм.

Ямар хэргүүд өршөөгдөх вэ

Эрүүгийн хуулийн 148 буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэргийг өршөөхөөр боллоо. Мөн өмнө нь Өршөөлийн хуульд өршөөгдөхгүй байхаар тусгасан Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэсэн заалтаар ял эдэлж байгаа ялтнуудын эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар болж, хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Үүнээс гадна, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, татан оролцуулах, хулгайлах, булаах, танхайрах зэрэг хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийн хорих ялаас хоёр жил хасахаар болов. Хуулийг өчигдрөөс хүчин төгөлдөр болсонд тооцох бөгөөд 2015 оны долдугаар сарын 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан