Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Хятадад очиж нэг тэрбум ам.долларын зээл авна
Б.ШИРНЭН

Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан байдаг ч оны эхэнд манай улсын өр энэ хэмжээг хэтэрсэн гэдэг нь тодорхой болсон юм. Тиймээс Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувиас хэтрэхгүй байхаар буюу 58.4 хувь гэж УИХ дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Харин 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн хэмжээг шат дараатай бууруулахаар заасан байгаа. Энэ нь Чингис, Самурай зэрэг бондын эргэн төлөлтийг ирэх оноос төлж, дахин их хэмжээний өр тавьж, зээл авахгүйгээр, улсын өрийг бууруулах бодлого баримталж байгаатай холбоотой юм.

Харин өчигдөр Хуульзүйн байнгын хороо БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авах төслийг хэлэлцэж, дэмжлээ. Гэхдээ экспортын энэ зээл нь улсын өрийн таазанд нөлөөлөхгүй гэж Сангийн сайд Б.Болор хэлсэн юм. 20 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын зээлийн энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гарагт Хятадад төрийн айлчлал хийх үеэрээ батлахаар төлөвлөсөн байна.

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга  Си Жиньпин нарын 2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх нь хоёр талын  ашиг сонирхолд харилцан нийцэж байгаа гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт хоёр талын ашиг сонирхол адил байгаа учраас эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс хоёр улсын Засгийн газрын хооронд харилцан тохиролцсон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газар Худалдан авагчийн экспортын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тиймээс Сангийн яам болон Хятадын “Экспорт-Импорт” банканд хоёр Засгийн газрыг төлөөлж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон аж. Харин өнгөрсөн хугацаанд Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт гурван удаа солилцож, өнгөрсөн сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон тул УИХ баталж, Ерөнхийлөгч Хятадад айлчлах үеэрээ хэлэлцээрийг эцэслэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Зээлийг ямар салбарт зарцуулах вэ

УИХ өрийн таазыг ДНБ-ий 58.4 хувьд хүргэхдээ эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарт зарцуулахаар авсан зээлийг тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан бол өрийн таазанд хамаарахгүй байх зохицуулалт хийсэн байдаг. Энэ утгаараа зээлийн хөрөнгөөр эрчим хүчний болон зам барих төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Улаанбаатар-Мандалговь чиг­лэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих төсөл, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20 гаруй км авто замыг барих төслүүдийг уг зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Харин энэ төслүүд нь эргэн төлөгдөх бүрэн боломжтой гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.

Тухайлбал, Эгийн голын цахилгаан станц ажиллаж эхлээд олсон орлогоороо зээлийг барагдуулахаар тооцжээ. Энэ цахилгаан станц манай улсын хамгийн хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэгч болохоос гадна байгаль орчинд ээлтэй гэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц санхүүжилтээ бүрэн нөхөхөөр ТЭЗҮ хийгдсэн байна. Харин цахилгаан дамжуулах шугам, зам барих төслүүдийн тухайд төсвөөс зээлийг төлж барагдуулах аж. Сангийн яам, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкны хоорондын ерөнхий хэлэлцээрт “Тусгайлсан зээлийн хэлэлцээр тус бүрийн хугацаа нь хорин жил, үүнээс зээлийн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил байх энэ хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрийг төлөхөөр заасан байна. Харин эргэн төлөлтийн сүүлийн 13 жилийн хугацаанд хүү болон үндсэн зээлийг хоёуланг нь төлж дуусгах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан