Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14-хөн хоногийн дараа Ард нийтийн санал асуулга явуулж биднийг донхорлох нь

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай яриа гарч эхэллээ. Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэх. Энэ хуулийн төсөлд зааснаар бол Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26 буюу ердөө хагас сарын дараа зохион байгуулах нь. Тун цөөхөн, ердөө гуравхан асуултад хариу өгөх энэ санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв эсэх, хэрэв өөрчлөлт оруулах бол энэ парламент өөрчлөлт оруулах уу үгүй юу гэдэгт хариу авах юм байна.
Гэхдээ эцэг хууль болох Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулах гээд байгааг нь олон нийт дуулж, уншиж, ойлгож амжаагүй байхад ийм санал асуулгыг морин дэл дээр  явуулах нь зүйд хэр нийцэх юм бол.
Санал өгнө гэдэг тухайн зүйлийнхээ учрыг олж байж, сонгууль гэхэд л хэн нь хэн бэ гэдгийг ямар нэг байдлаар мэдэж таньж байж саналаа өгөх ёстой. Үүнлүгээ  ард нийтийн санал асуулгад санлаа өгөхийн тулд иргэд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм, ямар ямар заалтыг яаж өөрчлөх, энэ нь өнөөгийнхөөс юугаараа илүү дээрдэх юм, олон улс дэлхий дахины жишиг ямар байдаг юм бол гээд олон зүйлийг мэдэж, ухаарч, тунгаан бодож байж шийдлээ гаргах ёстой баймаар.
Үүний тулд  асуух гээд байгаа зүйлээ олон нийтэд тайлбарлан таниулж, сурталчилж байж гэмээнэ бодитой үнэн зөв, улс эх орны эрх ашигт нийцсэн хариу гармаар. Гэтэл одоо үлдэж байгаа 14 хоногт юу амжуулах вэ. Юун түрүү Бүх нийтийн санал асуулгын хуулийг батлах гэж манай 76 үхэр хэрэлдэж хэлцэн хэдэн өдрийг барна. Үүнийгээ, санал асуулгынхаа учрыг тайлбарлах гэж хөдөө явж дайлуулж цайлуулна. Сайндаа л нэг сумын төвд нэг уулзалт хийнэ 20-30 хүн сууна. Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал нь цааш цаашаа дамжаад нийт сонгогчдод хүрч амжих уу.
1992 онд Үндсэн хуулийн төслийг ард түмэнд яаж сурталчилж түгээл болгон хүргэж байсан билээ.
За яахав санал асуулгын хуудас хэвлэх, тараах зэрэг механик ажил бол амжих л биз. Санал асуулга явуулах тойрог, хэсгийн комисс томилох гэж нэг ажилд байна. Тэдэнд зааварчилга, чиглэл өгөх ажил бас бий.
Энэ бүхнийг бодож ээ байхад ердөө 14 хоногийн дараа улс орон даяар Бүх нийтийн санал асуулга явуулна гэдэг нэг л санаанд багтахгүй.
Тэгэхээр манай улстөрчид “УИХ-ын гишүүд өөрсдөө явж сурталчилсан” гэж нэр хаачихаад эцэг хуулиа холион бантан болгочихоод дараа нь “Ард түмнээсээ асуусан шүү дээ” гэж ам таглах гэж байгаа юм биш байгаа.
Манай УИХ-ын гишүүд өөрсдийгөө үнэнч шударга, бүхнийг мэддэг, улс орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа хүмүүс гэж дүрдээ хэт итгээд зүгээр л нэг ард түмнээсээ асуусан болж 5,5 тэрбум төгрөг зарлагадан байж жүжиг тавин, эцэг хуулиа өөрсөддөө, өөрсдийнхөө хувийн эрх ашигт нийцүүлэн засварлах гэж байгаа болов уу.
Нэгэнт л өөрсдөдөө илүү их эрх мэдэл олж авах гэж улайрсан өнөөгийн түшээд “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийх нь зөв” гэдэг санал гаргуулахын тулд улайрна. Өнөөх Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн мэт нь туслах бараа бологчдоороо мөнгө тараалгана. Ер нь санал асуулга явуулах гээд байгаа үндсэн зорилго нь Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг энэ парламентын гишүүд өөрсөө хийх эрх олж авах л гээд улайраад байгаа нь харагдаж байна. Түүнээс биш ямар өөрчлөлт оруулах гээд байгаа нь ард түмэн, олон нийтэд нэг их сонин биш бололтой.
Эрх мэдэл албан тушаалын төлөө улайрчихсан, увайгүй ийм хүмүүс өнөө байгаа эрх мэдлийнхээ хүрээнд та биднийг юу ч гэж донхорлож мэднэ.  
Тэртэй тэргүй нэр  хүнд нь унаж, энэ төрд луйвар булхайгүйгээр дахин сонгогдох аргагүй болчихсон увайгүй нөхөд эрх мэдэл, сандал суудлаа алдахгүйн тулд үндсийн үндэс болсон эцэг хуулиар минь тоглож хаячихаад 2016 оны сонгуулиар дахин гараад ирчихийг зүүдэлж яваа юм биш биз.
Энэ нөхдийн санаа нь бол ердөө л Үндсэн хуульд өөрсдөө өөрчлөлт оруулж, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн батлах  явдал шиг харагдаад байх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан