Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү
Л.НОМИН

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг дэмжих нэг байхад, цаг хугацаа нь одоо биш гэж ч тайлбарлаж байна. УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг хүргэе.

М.Батчимэг: Дараагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлт
хийх баталгаа байхгүй


Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг томилох эрх мэдэл, төсвийн эрх мэдэл өгнө. Улс орон цаашдаа эдийн засгаа өөд нь татъя гэвэл байх ёсгүй газраа оччихоод байгаа гүйцэтгэх эрх мэдлийн хоёр тулгуурыг Засгийн газарт өгөх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол амин сүнс нь байх ёстой гэж бодож байгаа. Цаашдаа олон намын төлөөлөл, бие даагчид олноор орж ирэх парламент бүрдэх магадлал өндөр. Засгийн газрынхаа эрх мэдлийг батжуулах шаардлага бий. Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд орсон. Үүнийг боломжийн гэж бодож байгаа. Үндсэн чиг үүргийн сайд нар УИХ-даа байж ажил нь уялдаж явна. Есөн яамтай болохоор төсөлд байгаа ч магадгүй тоо нь нэмэгдэх байх. Сонгодог парламентын засаглалтай улс оронд Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог. Хууль санаачлах эрх парламент, Засгийн газрын гишүүдэд байдаг. Энэ удаа хэрэв улс төрийн зөвшилцөл, ойлголцолд хүрч чадах юм бол хийж болохгүй өөрчлөлт биш. Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулах төсөл ганц заалттай. УИХ энэ байтугай түвэгтэй асуудлыг шийдээд, батлаад явдаг. Ард түмнээсээ асуух эсэхэд хугацаа шаардахгүй. Ард түмнээсээ асууя гэдэг УИХ-ын тогтоолын төслийг баталчихвал арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдсан. Дараагийн парламент бүрдээд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх баталгаа харагдахгүй байгаа. Засгийн газрын асуудлыг УИХ шийдэж байгаа энэ нөхцөл байдал удаан үргэлжлэх юм бол хүмүүсийн амьдрал ахуй, эдийн засгийн сөрөг нөлөөтэй.


Д.Батцогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс
өөр аргагүй


Ард иргэд санал асуулгад идэвхтэй оролцоно гэж гарцаагүй мэдэж байна. Санал асуулга явуулсан явуулаагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг иргэд дэмжиж байгаа. Яриад л байна, өөрчлөлтөө хийхгүй байна гэдэг. Үнэхээр нэг зүйл дээр очоод л гацаад улс төрийн хямрал эдийн засгийн хямралтайгаа холилдоод байгаа шүү дээ. Төрийн тогтолцоонд асуудал байна гэдэгт ард иргэд санал нийлж байгаа. Тэгэхээр бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй байдалд байгаа. Улс төрийн хүчнүүд идэвхтэй, санаачилгатай оролцоод засч, залруулъя гэдэгтээ ойлголцоод анхаарч ажиллах хэрэгтэй. 99 гишүүн  ярьж байгаа санал төдий. Түүнээс заавал 99 болгоно гэж зүтгээгүй. Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгодог байхыг эсэргүүцэж байгаа нэг ч хүн байхгүй болов уу. Үүнийг өөрчилье гэхээр яагаад үгүй гэж байгааг гайхаж л сууна. Аймгуудыг хот болгож, Дархан, Эрдэнэтээ үндэсний хэмжээний том хот болгож өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэхээс өөр аргагүй. Бүр том өөрчлөлтөө байг гэхэд тохиролцоод шийдэх ёстой жижиг өөрчлөлтүүдээ хийгээд явахад болохгүй зүйлгүй.
Хуучин таван жилээр ажлаа төлөвлөдөг байсан шүү дээ. Одоогийн дөрвөн жилийн хугацаанд 2-3 сонгууль дамжиж болдог, мөрийн хөтөлбөрөө гүйцэт биелүүлэхэд ахархан байна гэдэг. Заавал таван жил болгоно, 99 гишүүнтэй байна гэсэн юм биш. Ард түмэн дэмжихгүй бол дэмжихгүй. Үүнд улстөржиж намчирхалгүй, улс төрийн намууд нь иргэдтэй уулзаж, сонсох хэрэгтэй. Ард нийтийн санал асуулга гэдэг албан ёсны хэлэлцүүлэг.


Д.Сумъяабазар: Цаг хугацааны хувьд одоо биш

Хувь хүнийхээ байр суурийг хэлье. 2012 оноос өнөөдрийг хүртэл юу болов. Эдийн засаг ямар байгаад ямар хэмжээнд хүрэв. 17,4 хувийн өсөлттэй байсан эдийн засаг яагаад 0 болтолоо унав. Үүнд ямар нэг буруутан байх ёстой. Улс төрийн тогтолцоо, Үндсэн хуульдаа буруу өгөөд, Үндсэн хууль баталсан хүмүүс нь буруутан болох зам руу яваад байна. Үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт орох ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд одоо биш. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулна гэнэ. Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн гурван хуулийн төсөл яригдана гэж байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд боломжгүй гэж харж байгаа. Нийгмийн сэтгэлзүйг хааш нь залах гээд байгаа юм. Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гээд яриад байгаа. Эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль батлалцсан гишүүдээс асууж үзэл баримтлалаа тодорхой болгох хэрэгтэй.


Ц.Нямдорж: Энэ УИХ-д ёс суртахууны эрх байхгүй

Энэ УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёс суртахууны эрх байхгүй. Нэр нүүрээ барсан УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байдаг юм. Манай нам Удирдах зөвлөлөөрөө ч хэлэлцээгүй, намын бүлгээрээ ч хэлэлцээгүй. Ялангуяа ард нийтийн  санал асуулга явуулахыг. Доторх нарийн ширийн зүйлийг одоо л дөнгөж уншиж эхэлж байна. Энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлээд өчигдөр бүлгээр хэлэлцүүлсэн. Нэгэнт оруулж амжихгүй өөрчлөлтийг хэлэлцэж, цаг, нойроо зарж яадаг юм. Дэмбэрэл УИХ-ын дарга байх үед баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн бүх дэг журмыг зөрчиж санал асуулга хийх гэж байна. Жишээ нь, сонгууль явуулах хугацаанаас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Өргөн барьсан төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд заалт тус бүрээр нь санал хураалт явуулна. Ард нийтийн санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжсэн саналаар явуулахыг заасан. УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал асуулга явуулах гэж байгаа. Хэлэлцэх нь зүйтэй гэж санал асуулгаар гарвал хэлэлцэхдээ өөр болгочихвол яах вэ. Батлагдаж чадахгүй. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр юуг ч хэлэлцэж болохгүй хуультай. Тэгэхээр нөгөө төсөв, мөнгөний бодлого бусад асуудлаа яах вэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан