Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН: Төсөв хэлэлцэж байхад гишүүдийн ирц цөөн байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр ирэх оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Харин энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Баямбацогт УИХ-ын дарга З.Энхболдыг “үг хэлүүлэхгүй байна” гэдэг шалтгаанаар ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэн юм. Тухайлбал, тэрээр “УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явах үед гишүүд, нам эвслийн бүлгүүд гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. Харамсалтай нь, УИХ-ын дарга гишүүдийн гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх боломжийг нь бүрдүүлж өгөхгүй байна” гэж үзсэн юм.

Гэвч, МАН-ынхан өөрсдийн гаргаагүй саналаар үг хэлэхийг хүссэн үүнээс гадна төсвийн хуулийг хугацаанд батлан гаргах ёстой тул тэдэнд УИХ-ын дарга нэг цагийн завсарлага өгсөн юм. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.

С.Бямбацогт: УИХ-ын дарга дахин хүч түрэх юм бол огцруулах асуудлыг тавина

“Төсвийг айл гэрээр яривал ирэх онд өмсөх хувцас, идэх хоол, унтах орон байртай байх эсэхээ л ярих гэж байгаа. Харамсалтай нь, УИХ маань өчигдрөөс авахуулаад хоёр дахь хэлэлцүүлэг дээр маш цөөхөн гишүүнтэй байна. АН-ын бүлгийн гишүүд ирээгүй, нэгнийхээ өмнөөс кноп дарж санал өгч эхэлсэн учраас бид хатуу эсэргүүцсэнээр өчигдөр ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр хуралдахыг болиулсан. Гэтэл өнөөдөр чуулган эхлэхэд гишүүдээр санал хэлүүлсэнгүй. Ингэж хүч түрч болохгүй. Улсын ажлыг гацаахгүйн тулд бид чуулганы хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохоор тохирсон. Зарчмын шаардлага, саналуудаа тавина. УИХ-ын дарга ийм байдлаар хууль зөрчиж хүч түрж явах гэж оролдох юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина, шаардана гэдэгт бид санал нэгдсэн”.

Д.Хаянхярваа: АН хүч түрж байгаа учраас завсарлага авсан

“МАН-ын бүлгийн хувьд төсвийн тодотголыг тодорхой болгох, тодотгол дээр суурилж 2016 оны төсвөө зөв тооцоололтой болгох саналыг тавьсан ч олонхи хүлээж аваагүй. Хямрал хүндрэлийг даван туулахын тулд, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилгоор гадаад дотоод, томилолт, хоол унаа, утасны төлбөр, сургалт семинарын зардлыг хасч төрийн данхайсан бүтцийг цомхон болгох, бүх шатны орлогч даргын орон тоог цомхотгох, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, ажлын албаны орон тоо, бүтцийг 2011 оны түвшинд оруулах, төрийн өмчийн мэдэлд ашиглаж буй нийт автомашины 20 хувь буюу 1083 жип автомашиныг худалдан борлуулах замаар төсөвт орлого төвлөрүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлсэн ч олонхи хүлээж аваагүй”.

Ч.Хүрэлбаатар: Тооцоолол зөрж байна

“Засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийг 4,1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцсон. Тооцоолол ингэж их хол зөрлөө. Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүй байгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа. Төсвийн тоо болгон үнэн бодитой байх ёстой. Хэлэлцэгдэж байгаа төсвийн тооны 80 хувь нь худлаа. Ийм төсөв, ийм буруу бодлого хэлэлцэгдэхээр эдийн засаг улам цаашаа унана, ард иргэдийн амьдрал илүү хүндэрнэ, гадаадын хөрөнгө оруулагчид зугтана. Үүнийг л манай намын бүлэг засч залруулахыг хүссэн”.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан