Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн үү
УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болоод Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан тул Ард нийтийн санал асуулгыг ч тэр хэрээр ойрын хугацаанд явуулах шаардлага УИХ-д бий. Хэрвээ иргэд санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй бол дахин найман жил үндсэн хуульд гар хүрэхийг одоогийн хуулиар хориглосон байдаг. Тиймээс одоо эсвэл найман жилийн дараа гэх сонголттой бид нүүр туллаа. Хэдийгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хялбар ажил биш ч, одоогийн Засаглалын хямрал, Засгийн газрын тогтворгүй байдал нь Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтаас шалтгаалж байгаа гэж судлаачид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар эрх баригчдад олгогдсон эрх мэдлийн тэнцвэргүй хуваарилалттай холбоотой гэдэг. Тэгвэл өчигдрөөс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулгын талаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ.

Үндсэн хуулийн асуудлаар

АН: УИХ дахь АН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийн талаар, мөн ирэх долоо хоногт хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж буй Монгол Улсын хөгжлийн урт хугацааны баримт бичгийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн энэ долоо хоногт хэлэлцүүлэг нь эхлэх Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тус бүлгийн гишүүд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.

Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгийн гишүүд Үндсэн хуулийн талаар өөр өөрсдийн үзэл бодлоо тал талаасаа тайлбарлаж байна. Тиймээс энэ асуудлаар гишүүд одоогоор нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа гэдгийг албан ёсоор хэлье. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, анхан шатны сум, багийн Засаг даргыг сонгох, Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудал дээр зарчмын ялгаатай байр суурь ярьж байна. Бусад өөрчлөлт дээр санал нэгдэж байгаа. Нэгдмэл байр сууринд хараахан хүрээгүй болохоор энэ асуудал дээр өнөөдөр ямар нэг шийдвэр гаргаагүй” гэсэн юм.

Харин бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар “Зөвхөн АН саналаа хайрцаглаад, хүч түрээд асуудлыг шийднэ гэсэн зүйл байхгүй. Тус хуулийн өөрчлөлт дөрөвний гурваар батлагддаг. Тиймээс парламентад суудалтай болон суудалгүй намууд хэлэлцүүлэг, зөвшилцөлд оролцох ёстой. Мөн ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой” гэлээ.

МАН: Ард нийтийн санал асуулга нэрийн дор Үндсэн хуулийг өөрчлөх бодолтой гишүүн олон биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн олон процетур бий. Хоёрдугаарт, УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 50 орчим заалт хөндөгдсөн. Энэ бол Үндсэн хуулийг шинэчлэн найруулсны чинээ том өөрчлөлт. Үндсэн хуулийг өөрчлөхөд бүх хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага үүснэ. Энэ мэт нарийн асуудал байгаа учраас энэ УИХ Үндсэн хуулийг яаран өөрчлөх чадваргүй гэж үзэж байгаа. МАН-ын бүлгийн саналтай бие даагч гишүүд, Ардчилсан намын бүлгийн олон гишүүн санал нэгдэнэ. Боломжгүй зүйлийг хүч түрж явах гээд байна. Гуравны хоёрын босго давах ёстой. Үүний оронд Сонгуулийн хуулиа баталъя.

Сонгуулийн хуулийн талаар

АН-ын бүлэг Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцээгүй байна. Гэхдээ нийтдээ Сонгуулийн тухай хуулийн дөрвөн төсөл байгаа тул холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж, ажлын хэсэг байгуулаад ажиллах зармаар явна гэсэн байр суурьтай байгаа аж. МАН-ын бүлэг ч АН-тай адил зарчмаар ажиллах ёстой гэж үзжээ. Тухайлбал, тус бүлгийн дарга “Дөрвөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ерөнхийд нь дэмжье. Нэгдсэн ажлын хэсэг байгуулагдах байх. Эсрэг тэсрэг олон заалт ч байгаа, төстэй заалтууд ч бий. Бүлгийн барьж байгаа зарчмын байр суурьтай ижил саналыг гишүүд дэмжээд явна. Жишээ нь, хүн дагуулж дугуйлдаг тогтолцоог дэмжье гэдэг дээр олонхийн санал байгаа” гэсэн юм.

Төсвийн асуудлаар

АН: “Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн нь үнэн. Энэ алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар бонд гаргах зайлшгүй шаардлагатай гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн байсан. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан төсвийг алдагдалгүй батлах боломж байсан боловч гишүүд өөрсдийн тойргийн асуудлыг шийдвэрлэх гэж зарлага нэмсээр асуудлыг ийм болгосон гэдэг тайлбарыг өгсөн” гэж Б.Гарамгайбаатар мэдэгдсэн юм. Энэ нь УИХ-ын гишүүдийн тойрогтоо “олзлогдсон” байдлаас үүдэл­тэй гэж намын бүлэг үзлээ.

МАН:
Харин МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт баталсан төсөвт шүүмжлэлтэй хандлаа. Тэд хэт хөөсөрсөн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн туйлын хариуцлагагүй төсөв баталсан гэж үзэж байгаа юм. Ирэх оны төсвийн хуультай холбоотойгоор МАН-аас зардал бууруулахтай холбоотой тодорхой санал хүргүүлсэн байсан ч дийлэнх нь тусгагдаагүй, ганц нэг санал орсон аж. Тэр нь, Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхтэй холбоотой санал байсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан