Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үндсэн хуулиа өөрчлөхийг дэмжинэ, харин ард нийтийн санал асуулгаар зөвшилцье”
Л.НОМИН

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-аар авч хэлэлцэхийн өмнө ард нийтээс санал асуухаар хэд хэдэн хуулийн төсөл, тогтоолын төсөл хэлэлцүүлэгт орж эхэллээ. 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий аж. Цаг үеийн шаардлага өөрчлөгдөж, өнөөгийн нөхцөл байдалд одоо үйлчилж буй хууль зохицохгүй байгаа учир шинэчлэх учиртайг хуулийн төсөл санаачлагч Н.Батбаяр гишүүн танилцууллаа. Ингээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдлээ.

Төрийн байгуулалтын байн­гын хорооны хуралдаа­наар УИХ-ын гишүүд ард нийтийн санал асуулга явуулах асуудалд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Н.Энхболд: Манай намаас өмнө нь сонгуулийн тогтолцоог ард нийтээс санал асууж шийдье гэснийг ямар шалтгаанаар хойшлуулсан бэ.

Н.Батбаяр: Ард нийтийн санал асуулгыг 1945 онд явуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа цаг үедээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй байгаа. Ард нийтийн санал асуулгын хуулийг нэг ч удаа ашиглаагүй байхад цаг үетэй нийцэхээргүй болсон учир танай намын санал асуулга явуулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байсан.
Ц.Нямдорж: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажлын хэсгийн зарим гишүүн гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн хурлаар яриагүй 99 гишүүнтэй байх, таван жилийн бүрэн эрхтэй байх зэргийг дараа нь оруулсан гэсэн. Зарим хуультай зөрчилдсөн зүйл байгаа учир УИХ-ын Тамгын газраас тайлбар авъя. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэх явцад өөр бусад асуудал хэлэлцэх боломжгүй гэхээр яах болж байна вэ.

Н.Батбаяр: Батлаад 20 жил болсон хуулийг өөрчлөөд оруулаад ирсэн. Үндсэн хууль болон өөр бусад хууль зөрчсөн зүйл байхгүй. Ардын их хурлын 430 депутатаас долоо нь одоогийн УИХ-ын гишүүн. Энэ хүмүүс хууль зөрчих зүйл хийхгүй. Үндсэн хуулиа зөрчих хүмүүс ч биш. Үндсэн хуулийн 25.1.16-д заасны дагуу ард нийтээс санал асууж байж өөрчлөх асуудлыг хөндөх гэж байна. Ард нийтийн санал асуулгаар дэмжсэн тохиолдолд л УИХ хэлэлцэнэ. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүн дэмжиж байж Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдэнэ. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд гэж Үндсэн хуульд байдаг учраас ард нийтээс санал асуулгаар асууж байгаад шийдэх гээд байгаа юм.

А.Бакей: Үндсэн хууль судлаачид энэ асуудлыг судалж үзээд өөрчлөх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан.
О.Содбилэг: Өөрчлөхөөр оруулж байгаа асуудал бүрээр иргэдээс санал асуух ёстой. Төрийн гурван өдөр албан тушаалыг АН-ынхан хашиж байгаа мөртлөө тогтолцоо болохгүй байна Үндсэн хуулиа өөрчилье гээд байгаа нь ямар учиртай юм бэ.

Н.Батбаяр: Үндсэн хууль өөрчлөх асуудлыг зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш шүү дээ. Төр засгаа тогтвортой байлгах талын зохицуулалтыг анхнаас нь хийгээгүй байсан.

Н.Энхболд: Улс төрийн тогтолцоо болохгүй байна гэж ойлголоо. Шинэчилсэн найруулгын хэмжээнд хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Сүүлд оруулсан гишүүдийн тоог нэмэх, хугацааг уртасгах зэргийг дэмжихгүй байгаа.

Н.Батбаяр: 1992 онд Үндсэн хууль баталснаас хойш л асуудал гарч эхэлсэн шүү дээ. Болохгүй байна гээд 2000 онд өөрчлөлт оруулсан. Санал асуулгын хариулт бол маш тодорхой. Үндсэн хуульд ямар өөрчлөлтийг, хэн, хэзээ оруулахыг асуух гээд байгаа юм. УИХ-ын гишүүд тойрогтоо очоод нэг өөр, УИХ-ын танхимд нэг өөр зүйл ярьдаг. Одоогийн үйлчилж байгаа Ард нийтийн санал асуулгын хуульд хоёрхон зүйл л асууж болно. Харин энэ хуулиа өөрчилбөл илүү олон зүйл асуух боломж үүснэ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстойг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотгож байлаа. Гэхдээ өөрчлөлт бүрээр нь санал асуух хэрэгтэй, дахин зөвшилцөх шаардлагатай зэрэг байр суурь илэрхийлсэн. Ард нийтийн санал асуулгын талаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь зөрүүтэй байсан ч хэлэлцэх эсэхийг нь дэмжихээр болсон юм. Тэгэхдээ намууд тодорхой асуудалд зөвшилцөх шаардлагатай гэж үзэв.

УИХ-ын гишүүн М.Батчимэг “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгын талаар тодорхой заалт бий. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулаад зүйл, заалт бүрээр санал хураасны дараа санал асуулга явуулахаар тусгасан. 20 хоногт нь УИХ-аар хэлэлцэх үеэр нийгмийн хэлцэл явуулаад, 14 хоногт нь УИХ-ын гишүүд тойрогтоо очиж иргэдэд танилцуулж, нийтдээ 45-50 хоногийн хугацаанд хэлэлцэх боломжтой гэж харж байна” гэлээ. Үүний тулд байр суурь зөрүүтэй байгаа нам эвслийн бүгүүдийг зөвшилцөж, санал нэгдэж, оруулах шаардлагатай асуудлаа шийдэх хэрэгтэй гэж саналаа хэлсэн юм.    

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал таван жилийн өмнөөс судлаачдын дунд явж эхэлсэн. 1992 онд шилжилтийн маягийн Үндсэн хууль батлаад түүнийгээ төгс төгөлдөр гэж итгээд яваад байгаа. Хүндээ биш тогтолцоондоо гажиг байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг болсон” гэлээ.
Ингээд Ард нийтийн санал асуулгыг явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд санал асуулга явуулах асуудлыг нээлттэй үлдээхээр боллоо. Энэ асуудлаар намууд зөвшилцсөний дараа санал асуулга хэзээ, хэрхэн явуулахаар авч үзэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан