Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зурагдсан пянз шиг УИХ 2006 оны үйл явдлыг ахин давтав
Б.ШИРНЭН

Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болоод УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хоёр хуц ухандаа тулж, хотын даргын хаалга савалтаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөж байсан нь өнгөрсөн зургадугаар сард болсон үйл явдал. Энэ хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар тохирсон юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд иргэний барьцаанд тавьсан газрыг үл маргах журмаар хурааж, борлуулж, хохирол барагдуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн тул газар хувьчлах ажлыг хариуцаж байгаа хотын дарга Э.Бат-Үүлийг буруутгаж, хоёул түнжин тасарсан. Сүүлд нь, энэ асуудал Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) дээр очиж Ц.Нямдоржийн зөв байсныг өнгөрсөн сард баталсан. Гэхдээ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах уу, болих уу гэдгийг шийдэж байж маргааныг эцэслэх байлаа. Харамсалтай нь, эрх баригч болоод сөрөг хүчнийхэн дахин үл ойлголцож, МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авав.

Язгуур нь яг эндээс үүсэлтэй

2002 онд УИХ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, улмаар иргэд газар өмчлөх боломж бүрдсэн. Энэ хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй байхаар заасан байдаг. Тиймээс 2005 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийг батлан гаргасан юм.

Энэ хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах харилцааг тэр чигт нь зохицуулах хууль болсон юм.

Гэхдээ тухайн үед Д.Янжинхорлоо гэгч энэ хууль нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн ҮХЦ-д хандсанаар цэц маргааныг түүний талд шийдсэн байдаг. Хэдийгээр УИХ гаргасан хуулиа хамгаалж, төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар нарыг цэцийн маргаанд оролцуулсан ч Д.Янжинхорлоо ялсан юм. Цэц яг юу гэж үзсэн гэхээр зээлээ төлж чадахгүй байгаа иргэний ипотекийн зүйлийг гэрээний дагуу шууд худалдан борлуулах нь “..эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэдгийг зөрчжээ гэсэн байдаг. Тухайн үед УИХ-ыг Д.Дэмбэрэл даргалж байсан бөгөөд УИХ-ын гишүүд цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар, шинээр батлан гаргасан хуулиа эргүүлэн хүчингүйд тооцож байсан. Тухайн үед иргэд газаргүй, байлаа ч түүнийгээ банк, санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авах нь харьцангуй бага байсан тул эрх баригч болоод сөрөг хүчнийхэн, иргэд ч энэ асуудлыг тэгтлээ тод томруун хараагүй юм.

Гэтэл иргэд газартай болчихсон чинь...

Харин өнөөдөр үзэл баримтлал нь хэвээрээ ч иргэдийн газар барьцаанд тавьж, эдийн засгийн эргэлтэд оруулах эрмэлзэл ихэссэн гэж хууль санаачлагчид лоббидож байна. Тухайлбал, газрыг Газрын албаар дамжуулан өмчлүүлж, эзэмшүүлэх ажиллагаа нь төрийн албаны залхаан цээрлүүлэлт байсан бол цахим хэлбэрээр ажиллаж, түргэн шуурхай болсны үндсэнд оны эцэст 1.1 сая иргэн хувийн газартай болох тооцоог нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан байна. Зургаан сарын өмнөх тоог харвал, цаасаар болоод цахимаар дор хаяж 200 орчим мянган иргэн 0.07 га газраа өмчилж авчээ. Дээрээс нь газартай, түүн дээрээ хөдлөх бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй 170-180 мянган өрх, Улаанбаатар хотын гэр хорооллын бүст амьдардаг. Тиймээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь эдгээр иргэнийг банктай түргэн шуурхай харилцаж, газраа эргэлтэд оруулахад тусална гэж байгаа юм.
Тодруулбал, “Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас  гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Иймд газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, мөн үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохи­ролцсон тохиолдолд шүүх хурдав­чил­сан журмаар шийдвэрлэх зохи­цуулалт бий болгох шаардлагатай байна” гэж хуулийн танилцуулгад дурдаж.

Хэдийгээр энэ нь үнэний ортой ч, зах зээлийн үнээс доогуур барьцаалагдсан газраа алдах дээрээ тулбал иргэнд хуулийн дагуу заргалдах боломж үлдээхгүй байгаа юм. Сөрөг хүчнийхэн ч энэ талаас нь харж, хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг газрын дээрэм гэж нэрлэв. Жишээ нь, иргэн 60 сая төгрөгийн үнэтэй газартай байхад банк болоод банк бус санхүүгийн байгууллага зээлийн эрсдэл, үнэлэмж, байршил зэргийг нь харж газрын бодит үнийн 3/1-г танд өгнө. Энэ нь, 20 сая төгрөг. Хэрвээ та зээлээ ямар нэг шалтгаанаар эргүүлэн төлж чадахгүй бол гэрээ зөрчсөн гэдэг үндэслэлээр шууд л таны газрыг авах эрх нь үүсч байгаа юм. Гэтэл би 60 саяын газраа 50 саяар ч болтугай зараад банкинд хүү, алданги, үлдэгдэл зэргийг нь төлөөд гар дээрээ таван төгрөгтэй үлдэх нь ашигтай байгаа юм. Үгийн солиогүй, хуулийн дагуу газрыг дуудлага худалдаагаар зарах нь нэг ёсны дээрэм гэдэг нь үнэний хувьтай.

Гэсэн хэдий ч Засгийн газар, зарим нэг УИХ-ын гишүүн энэ нь эдийн засгийн талаасаа ач холбогдолтой гэсэн байр, сууринаасаа буцахгүй байна. Мөн З.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүд өмнө нь ҮХЦ дээр очоод хэдийн шийдэгдэж байсан хэргийг дахин эхнээс нь маргаан, будлиантай эхлүүлж, зургаан жилийн өмнөх УИХ-ын төрхийг санагдуулав. Энэ удаад мөн л Д.Янжинхорлоо гэгч ҮХЦ-д хандаж, өөрийн талд шийдвэрийг гаргуулж чадсан. Шийдвэр нь 2006 оных шиг “..эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэх үндэслэл байгаа билээ. Харин УИХ 10-аад жилийн дараа дахин ирсэн нэг асуудал, нэг дүгнэлтийг хэрхэн хүлээж авах нь ирэх долоо хоногт харагдах нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан