Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намуудын үг үү, МАН-ынхны санаа юу
Л.НОМИН

Цөөнх болсноосоо хойш МАН-ынхан эрс өөрчлөгдөөд байгаа. Өнгөрсөн хугацаанд төдий л тоож хардаггүй байсан жижиг намуудад учиргүй хайртай болчихсон. Ямар нэг үйл явдал бүрт “Улс төрийн намууд ингэж үзэж байна” гэж ирээд олуулаа сууж хэвлэлийн хурал хийдэг моод дэлгэрсэн. Сүүлийн үед ч улам идэвхжиж долоо хоног бүр хэвлэлийнхнийг цуглуулж, мэдэгдэл гаргаж байгаа. Энэ долоо хоногийн мэдэгдэл нь Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотой байв. Өчигдөр улс төрийн 12 намыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг цуглуулж, мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “АН-ын бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхдээ Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэх утгатай зүйл ярилаа. Улс төрийн намын тухай хуулийг өөрчилсний дараа Сонгуулийн хуулийг хэлэлцье гэсэн байна. Гэтэл энэ Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариа ч үгүй байгаа.

Өнгөрсөн долоо хоногт “Иргэний танхим”-д  Улс төрийн намын тухай хуулиар хэлэлцүүлэг явуулахдаа намуудад ганц ганц минут ярих боломж олгосон. Нэг минутад багтааж ярих боломжгүй юм билээ. Хэлэлцүүлгийн дараа улс төрийн 10 гаруй нам дэмжихгүй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн шүү дээ. Тиймээс улс төрийн 12 нам хамтарч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдолд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сарын хугацаа өнгөрсөн. Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа гэж ард иргэд үзэж байгаа. Гэтэл өргөн бариагүй хуулийн дараа Сонгуулийн хуулиудыг хэлэлцэнэ гэж олонхи үзсэн нь учир дутагдалтай байна. Иргэд нэрсийн жагсаалтын ард нуугдаж сонгогдох, хар машинаар санал тоолохын эсрэг байгаа. Парламент хэлэлцэх асуудлыг ингэж хамаагүй шийдэж болохгүй гээд сонгуулийн хуулиудаа эхлээд хэлэлцэхийг УИХ-ын даргаас шаардаж хоёр хоногт хариу мэдэгдэх бичиг өгчээ.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Хэлэлцэхийг хүссэн зүйлээ хурдан авч үзээд шууд баталчихдаг. Дургүйгээ болохоор хэлэлцдэггүй. УИХ бол өргөн барьсан хуулийг л хэлэлцэх ёстой” гэсэн юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “УИХ тохиролцооны дэлгүүр биш. УИХ дээр ярих биш тулган шаардаж болохгүй. Өчнөөн удаан зөвшилцсөн ч Сонгуулийн хуулийн төслийн хоёр асуудалд АН гэдийсэн. Хар машинаар хураасан саналыг гар аргаар тоолж баталгаажуулахыг дэмжихгүй байгаа. Хар машинаар санал хураахад 20-30 тэрбум төгрөг болдог. Харин гараар тоолоход зардал гарахгүй. Сонгуулийн хуулийг батлах боломж УИХ-д 200 хувь бий” гэсэн.
БНН-ын нарийн бичгийн дарга Б.Зоригоо “Монгол Улсад бүртгэлтэй 23 намын 22 нь дэмжсэн Сонгуулийн тухай хуулийг яагаад олонхийнх гэж үзэхгүй байгаа юм. Хэрвээ Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй дараагийн сонгуультай золгох гэж байгаа бол Монголын төрийн эрх мэдлийг хуулийн бус аргаар авах гэж байна шүү. Энэ асуудлыг шийдэхгүй бол улс төрийн намууд хатуу арга хэмжээ авна. Хэрвээ Сонгуулийн хуулийг явуулахгүй бол УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Тэдний хийсэн мэдээлэл нэг иймэрхүү. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шарав­дорж утсаар ярьж, дэмжиж байгаагаа илэрхийлснийг дуулгасан. Ерөнхийдөө МАН-ынхны байр суурийг хамгаалсан зүйл ярьснаар хэвлэлийн хурал өндөрлөсөн. Бусад намууд ямар бодолтой байсан, хэн хэн төлөөлж ирсэн гээд танилцуулсан ч үгүй. 

Үнэхээр АН-аас бусад нам санал нэгдсэн нь үү гэвэл үгүй. Өчигдрийн хуралд арав орчим төлөөлөл ирсэн гэх ч аль намын хэн байгааг танилцуулаагүй нь хардлага төрүүлнэ. Байнга олны өмнө ярьдаггүй, Ардын намын генсек шиг  идэвхтэй биш болохоор үнэндээ бусад намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг танихад хэцүү. Одоогийн Засгийн газарт хамтарсан намууд дэмжихгүй байгаа гэж мэдэгдсэн гэсэн. МАХН, МҮАН-ынхан ч гэсэн Засгийн газарт сайд, УИХ-д суудалтай нам. Энд нэг өөр, тэнд очоод тэс өөр зүйл ярьдаг болохоор “Шударга ёс” эвслийнхэн шиг барьцгүй нь үгүй. Магадгүй маргааш эвслийнхэн Улс төрийн намын тухай хуулиа эхлээд хэлэлцье гэвэл гайхах зүйлгүй. Хоёр хоногийн өмнө ИЗНН-ынхан баримталж буй байр сууриа арай өөрөөр илэрхийлсэн санагдана. ИЗНН Сонгуулийн хуулийн төслийг Су.Батболд гишүүний хувилбараар нь дэмжиж байгаа мэтээр МАН-ын генсек Ж.Мөнхбат хэлсэн. Харин ИЗНН Улс төрийн намын тухай хуулийг эхлээд шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа тус намын дарга Ц.Ганхуяг ярьсан. Тэгэхээр мэдээлэл хоорондоо зөрөөд байгааг яах вэ.

Түүгээр ч барахгүй хар машиныг үзэн яддаг МАН-ынхан нэг л буруу тооцоо үндэслээд байх шиг. Ж.Мөнхбат генсек хар машинаар санал тоолоход 20-30 тэрбум төгрөг болно гэсэн. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлыг 16.8 тэрбум төгрөгөөр УИХ-аас баталж байв. Будаач будаач гэхэд сахлаа будав гэдэгчлэн хар машины муу муухайг дуу­дах гээд буруу зөрүү ярив уу.
Гэнэт жижиг намууд руу хөл алдан гүйж, хань татах болсон МАН-ынхан юу төлөвлөсөн юм бол. Тэднийг нэгтгэж, нийлүүлэх гээгүй л юм бол учиргүй саймшраад байгаа нь шалтгаантай л байж таарна.  Намууд, ард иргэд ингэж үзэж байна гэх ч МАН-ын бодлого байр, суурь, хэвлэлийн хурлуудаас цухалзаад байгаа шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан