Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөлийг үргэлжлүүлэх үү
Б.ШИРНЭН

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурал­даанаар Эдийн засгийн болоод гэмт хэргийн өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Хуралдааны эхэнд  АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргасан ч гишүүдийн олонх түүний саналыг дэмжээгүй тул, нээлттэй үргэлжилсэн юм.  

Энэ үеэр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацааг уртасгах асуудал сөхөгдсөн юм. Тухайлбал, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан “Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого одоогоор ил болсон. Хуулийн хэрэгжилтээс шалтгаалаад татварын байгууллагуудын ажлын ачаалал нэмэгдсэн. Мөн хуулийн хэрэгжилт хугацаандаа амжихад хүнд байгаа. Одоо үлдсэн 10 гаруй хоногт ачаалал улам ихэснэ” гэлээ. Гэхдээ тэрээр одоо хугацааг сунгах асуудал ярих нь эрт байгаа тул хуулийн үр дүн гарсны дараа хугацааны асуудлыг ярих боломжтой гэж байсан юм. Харин ажлын хэсгээс хуулийн хэрэгжилттэй холбоотой механик процесс их хугацаа авч байгаа гэсэн асуудлыг иргэд, аж ахуйн нэгжээс ихээр ирүүлсэн тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 25 болгуулах хүсэлт гаргасан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудлыг дэмжиж байгаа бөгөөд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны гуравдугаар сарын 31-н хүртэл болгож сунгах нь зүйтэй гэсэн юм. Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах нь хэрэгжилтийн эрчийг бууруулах тул хугацаа сунгах асуудлыг дараа нь ярих хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийг хэрэг­жүү­­лэхийн тулд ажилчдыг ша­­хаж ажиллуулж байгааг жен­дерийн талаас нь эсэргүүцэж “Аливаа нэг хуулийг агдаж гаргачихаад агдаж хэрэгжүүлэх гээд байна. Үүнээс нь болж баахан эмэгтйчүүдийг өдөр, шөнөгүй ажиллуулдаг байдлыг болиулмаар байна. Татварын албаны эмэгтэйчүүд, аав ээжүүд хүүхдүүддээ бэлгээ аваачиж өгөх, гэр бүлтэйгээ баярлах, хамт олонтойгоо шинэ жилээ тэмдэглэх эрхтэй гэж бодож байна. Хөдөө хотгүй өдөр шөнөгүй, ажиллуулж, баяр тэмдэглүүлэхгүй гэж харгис зүйл ярихаа болих хэрэгтэй. Ил тод байдлын тайлан гаргаж байгаа нягтлангуудын ихэнх нь эмэгтэйчүүд л байгаа. Тиймээс 10 гаруйхан хоногт хэрэгжүүлнэ гээд баахан хүнийг шинэ жилийн баяраа тэмдэглүүлэх эрхгүй болтол шахаж ажиллуулж болохгүй” гэсэн юм.

Өршөөлд хамрагдсан иргэдээс 28 нь гэмт хэрэгт холбогджээ

Харин Өршөөлийн хууль гарч, өнөөдрийг хүртэл хэрэгжсэн үр дүнгийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Өршөөл үзүүлэх ажлыг хэрэгжүүлэх комиссын гишүүн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг нар мэдээлэл өгсөн юм. 

Өнөөдрийн байдлаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй, торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлсэн байна.

Мөн 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдаж Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдсэн 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагдсан байна.

Гэвч, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд (хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2) холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Г.Туулхүү хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан