Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
“Маллагаагүй” гишүүд Төрийн ордныг бэлчээр гэж эндүүрэв үү
-9 цагийн дараа ирцээ бүрдүүлж 30-хан минут хуралдав-

Б.ШИРНЭН

Үндсэндээ өчигдөр Төрийн ордонд нэг ч асуудал шийдэгдсэнгүй. “Хүүе хаая. Хүж чаа” л гэхгүй бол гишүүд хуралдаа ирэхгүй, улс орны хөгжлийг төө ч ахиулахгүй нь тодорхой байна. Өчигдөр гэхэд л хоолойдоо хутга тулгуулсан Засгийн газрыг тэр хэвээрээ тав хоно! гээд хаячихлаа. Гүйцэтгэх засаглал энгэртээ бөөстэй, эгэмэндээ өргөстэй бол улс орны хувьд ч адилхан зовиур гэдгийг үл тоов. Бүр, Ерөнхий сайдыг огцруулна хэмээн сэтгэл шулуудсан гишүүд үдээс өмнө өөрсдөө алга болж,  МАН-ын бүлгийнхэн үлдсэн талыг нь “бойкот” болгож хувиргаснаар “зэлтэрийн гацаа”-нд улсаараа унаж байх жишээтэй. Уг нь, Ерөнхий сайдыг огцруулах, түүний оронд хэнбугайг ч томилох эрх нь УИХ-д бий. Буулгах ёстой бол буулгаж, сэлгэх ёстой бол сэлгэх нь аль ч засаглалын үед байсан. Гэвч, хариуцлага тооцохдоо хавсарганд нь иргэдээ чирэгдүүлж, хэдийнэ огцруулах гарын үсэг зурчихаад “судлах шардлагатай” гэдэг үндэслэлээр тав хоног дахин улстөржих шаардлага огт байхгүй байв.

Н.Энхбаяр: Саналаа тат

Ч.Сайханбилэгийг огцруу­ла­хаар хөл бохирохгүй гүйж байсан нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Гэвч тэрээр өргөн барьсан асуудлыг нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор шийдэх гэж байхад “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаасаа цухуйж ч чадалгүй сууж байв. Уг нь байнгын хороогоор асуудал хэлэлцэх гэж байхад ирцээ бүрдүүлж, хэлэлцүүлэх гэж байгаа зүйлээ ягштал давтаж өөрийн болгоод багшдаа асуугдаж байгаа юм шиг, хариуцлагатай хандах ёстой.  Гэвч, бүлгийн хурал дээр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр заларсан тул тус бүлгийнхэн толгойгоо ч цухуйлгаж чадаагүй юм билээ.

Ямартай ч, Н.Энхбаяр бүлгийн хуралд оролцохдоо Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах боломжгүй гэж үзсэн юм байна. Тус эвслийн бүлэг нэгэнт Засгийн газарт хамтарч байгаа тул өөрийн сайд нарыг эрсдэлд оруулахгүй байх, олон улсад босгох гэж байгаа бондын санхүүжилтийг гацаах эрсдэлийг тооцох, сонгууль ойртсон зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан аж. Мөн Н.Энхбаярын зүгээс О.Баасанхүү, Г.Уянга нарт хамаатуулан Ерөнхий сайдыг огрцуулах саналаас нэрээ татахыг анхааруулсан байна.
 
Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор

МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байх үед Төрийн байгуулалтын байнгын хороо ирц бүрдэхийг хүлээсэн хэвээр байсан бөгөөд М.Энхболд, Су.Батболд, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Г.Уянга, Л.Цог, С.Батболд болон  Н.Батцэрэг нарын гишүүд ирээгүй хэвээр байв. Засгийн газрын гишүүн М.Зоригт тэднийг хайж Төрийн ордноор нэг алхсан бөгөөд “хаанаа байгаа талаар мэдээлэл өгсөн хүнд шагналтай” гэж хүртэл өөрийн твиттер хуудсанд даажигнасан юм. Харин бүлгийн хурлаа дуусгасан Л.Цог, О.Баасанхүү нар Г.Уянга гишүүний өрөөнд, МАХН-ын гишүүд Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд мөн л Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар тусдаа  хуралдаж байсан юм. Мөн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга нар аминчхан хуралдах болсон өөр нэг шалтгаан нь “дан дээл”. Бүлгийн дарга нь сайд, гишүүд нь байнгын хороодын дарга нар тул тэдний асуудлыг тусад нь ярьж шийдэх нь зөв гэж үзсэн юм байна. Мөн Н.Энхбаяр асуудлаа татахгүй бол хагас сарын дараа болох сонгуульд хариуцлага тооцно гэсэн тул Г.Уянга тас гэдэргээ савж,  асуудлаа тусдаа ярихаар болсон нь энэ. Ингээд эцэст нь, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг буцаан татахгүй байхаар болсон билээ. Харин бүлгийн гишүүддээ “гай” болохгүйн тулд Засгийн газраас зөвхөн Ч.Сайханбилэгийг сугалж, оронд нь З.Энхболдыг сонгохоор тохирсон аж. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн огцорвол түүний аппарат бүрэн огцрох зохицуулалт үйлчилдэг ч төр барьж байгаа хоёр нам эвсээд бусад сайдыг хэвээр нь үлдээж болно гэж дүгнэсэн байна.

МАН-ын ирц маш бага байв

Ингээд тэднийг шийдвэрээ гаргахад нар буцаж байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өчигдөр 08.40 минутад эхэлсэн ч ирц хүрээгүй тул чилийтэл суусан гишүүд аргагүйн эрхэнд хуралдааныг хойшлуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор болсон юм. Тус байнгын хороо
* Засгийн газрын тэргүү­нийг огцруулах саналаас гадна,
* УИХ, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сохнгуулийг товлон зарлах
* Сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах гэсэн чухал гурван асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэхдээ нэгэнт гишүүдийн ирц хүрээгүй тул чуулганы хуралдаан эхэллээ.

УИХ-аар дээрх асуудлуудыг нэгэнт хэлэлцэх боломжгүй болсон тул УИХ-ын дарга З.Энхболд “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  УИХ-ын тогтоол”-ыг хэлэлцэхээр болсон тухай хэлснээр чуулганы хуралдааныг нээсэн юм. Энэ үед АН-ын 35 гишүүнээс 32 нь, МАН-аас 26 гишүүний гурав нь, “Шударга ёс” эвслийн 10 гишүүнээс зургаа нь, ИЗНН-аас хоёр гишүүн тус тус ирсэн бол бие даагчид чуулганы хуралдаанд суусангүй.

Ингээд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. УИХ дахь АН болон “Шударга ёс” эвслийн бүлгээс хоёр албан бичиг ирсэн тул тогтоолын төсөл боловсруулж,
*УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг
*Харин Н.Батцэрэгийг Байгаль орчин хүн хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр сонгосон юм.

*Харин МАН-ын намын бүлгээ төлөөлж ирсэн гурван гишүүн дээрх томилгоог эсэргүүцэж асуулт асуухыг хүссэн ч, УИХ-ын дарга З.Энхболд “энэ тогтоолд асуулт асуух эрхзүйн орчин байхгүй” гээд санал хураалтыг үргэлжлүүлснээр 49 гишүүний 36 нь байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.

Н.Номтойбаяр: З.Энхболд дэг зөрчсөн

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээгүй тул чуулганыг түр завсарлуулж, тус байнгын хороо хуралдахыг УИХ-ын дарга үүрэг болгов. Харин тус байнгын хороог хуралдахаас өмнө МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Их хурлын даргыг дэг зөрчсөн гэж үзээд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Гэтэл УИХ-аас хүч түрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.1-ээр УИХ-ын гишүүн харьяа бүлэгтээ саналаа бичгээр гаргаж, бүлгийн шийдвэрээр УИХ-ын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтээ гадаадад ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр Н.Батцэрэг гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна. УИХ дахь намын бүлэг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь УИХ-ын дарга УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс өмнө ирц бүрдэхгүй өнжсөн. Гэтэл одоо хүчээр ирц бүрдүүлэх болж байна” гэсэн юм.

Ирц арай гэж бүрдсэн ч бүх асуудлаас завсарлага авав

Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэж, Ерөнхий сайдыг оогцруулах нэр бүхий 19 гишүүний саналыг хэлэлцэхээр болсон юм.

Түүнийг огцруулах саналын үндэслэлийг Г.Уянга гишүүн танилцуулсан бөгөөд “Өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдээгүй байсан учир нь хуралдааны танхимд ирээгүй. Ерөнхий сайдыг огцруулах саналд надаас гадна 19 гишүүн гарын үсэг зурсан. Би тэдэнтэй хамт байнгын хорооны ирц бүрдмэгц хуралдаанд оролцоход бэлэн байсан. Нөгөө талаас энэ санал наймаа тохирооны чухал хэрэгсэл болчихоод байгаа юм байна. Эвслийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн саналаа татаач ээ гэсэн санал тавьсан. Бид санал нийлэхгүй байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалцах хэрэгсэл биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн тухай зарчмын асуудал. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон. Асуудлыг олонхиороо шийддэг байх ёстой” гэсэн юм.

Харин үүний дараа МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч байгаагаа хэлсэн юм. Энэ талаар тус намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Нэр бүхий гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнд Оюутолгойн асуудал буюу Дубайн гэрээний хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэн. Гэхдээ бүлгийн зарим гишүүн гадаадад томилолттой, ар гэрийн гачигдал гээд хүндэтгэх шалтгаантай байгаа болохоор энэ долоо хоногт бүлэг хуралдах боломжгүй. Тэгэхээр ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд, гишүүдийн үндэслэлийг нягталж үзэх зайлшгүй шаардлагатай” гэсэн юм. Хуулиараа бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч, түүнийгээ дахин гурав хоног сунгах боломжтой тул Ерөнхий сайдыг огрцуулах гишүүдийн саналыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.

АН “барьцав”

Харин УИХ дахь АН-ын бүлэг МАН-ыг завсарлага авах ёсгүй гэж үзсэн юм. Тухайлбал, бүлгээ төлөөлж үг хэлсэн Б.Гарамгайбаатар “Өнөөдөр өглөө 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг товлоод гишүүдийн ирцийг хүлээсэн. МАН-ын бүлгээс нэг ч хүн байгаагүй. Санал өргөн барьсан Г.Уянга ч гэсэн өөрөө байгаагүй. АН-аас Төрийн байгуулалтын байнгын хороонд багтдаг гишүүд бүтэн таван цаг сууж хүлээсэн. Энэ асуудлыг АН руу чихээд нэмэргүй. Тийм учраас энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд явах ёстой” гэж үзсэн юм. Мөн Г.Уянга гишүүний албан бланк дээр гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа МАН Засгийн газрыг унагаах бодлогоо хэрэгжүүлж байгаа  гэж Б.Гарамгайбаатар хэлсэн юм.

Үүнээс гадна, МАН-ын завсарлагыг “бойкот” тавьсан явдал гэж үзэх УИХ-ын гишүүн байсан юм. Энэ нь Төрийн байгуулалтын  байнгын хороогоор хэлэлцэх Сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах асуудал. Энэ төслөөр УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотоос 21 мандат олгохоор заасан байгаа юм. Энэ нь хүн амын төвлөрөл болоод төлөөллийн ардчилалтай холбоотой гэгдэж байгаа ч МАН-ын дэмжихгүй байгаа юм. Тухайлбал, АН-ынхан нийслэлд ретинг өндөртэй, МАН-ынхан орон нутагт дэмжигч ихтэй тул эрх баригчид өөрсдөдөө зориулсан өөрчлөлт оруулах гэж байна гэсэн “бор шувуу” хэдийнэ ниссэн билээ. Тиймээс үүнийг болиулах гэж МАН-ын Ерөнхий сайдын асуудлыг сунжруулж байгаа гэж зарим гишүүн үзсэн юм.

Гэхдээ энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэлгүй. Учир нь АН-ын бүлэг энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх асуудалгүй болж, тарав. Үүний дараа чуулганы хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй бөгөөд хэлэлцэх асуудал ч байгаагүй юм. Ингээд өчигдөр хуваарийн дагуу хуралдах ёстой байсан байнгын хороо чуулганы хуралдаан нийт 10 орчим цаг саатаж, 30-хан минут л хуралдлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан