Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Хэвлэлээ, хэдэн сэтгүүлчээ ашиглаад сурчих л даа
Н.БАТ

“Handelsblatt” бол 1946 онд байгуулагдсан өдөр тутмын сонин. Өдгөө Германы өдөр тутмын элит хэвлэл хэмээн зүй ёсоор тооцогдож, дэлхий дахинаа энэ сонинг уншдаг гэнэ. Тус сонины сэтгүүлч Томас Тума гэгч нөхөр Швейцарийн Давос хотноо эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ажиллаж байхдаа “Монголын үдэш”-ээр санамсаргүй ороод гарчээ. Тэгээд л сэтгэгдлээ бичиж дэлхий нийтээр цацаж орхиж. Магтаад ч байгаа юм уу, матаад ч байгаа юм уу ямар ч байсан дэлхийн эдийн засаг тэр тусмаа, Ази Европын талаар нийтлэл бичдэг гэж манай хоёр хөршид танигдсан энэ нөхөр Монгол гэдэг улсын талаар огт ойлголтгүй явж байснаа бичсэн нь илт харагдах. Магадгүй манайхнаас хэн нэгэн нь алдарт Мугабейн улсаар очоод ирсэн бол иймэрхүү зүйл биччих л байх.

“Та төгрөг гэж мэдэх үү?” гэх түүний сурвалжлага гэх үү, нийтлэл гэх үү бичсэн мэдээлэлд нь “Хөгжижи буй энэ орон дэлхийн эдийн засгийн форумын далбаан доор өөрийгөө сурталчилж байгаа нь танд инээдтэй санагдаж болно. Надад ч тэгж санагдсан бөгөөд бас энэ орой Монгол Улсын Засгийн газар хагас жилийнхээ маркетингийн төсвөө зарлагадсан байx гэж бодогдов” хэмээн эхэлсэн нь эдийн засгийн хямралтай гэх энэ үед түмэн олныг бухимдуулав. “Дотуур өмдтэй” бүсгүйчүүд дагуулж явсан хэрэгт “номер нэг” маань ч унаж байгаа харагдлаа. Томас Тумагийн бичсэнчлэн “дэлхий даяар тоодоггүй бас мэдэхгүй” улсын маань Ерөнхийлөгч муу сайн хэлүүлсэн ч Швейцарьт “Монголын үдэш” зарлаад олныг цуглуулаад амжжээ. Тумагийн анхаарлыг татсан зүйл нь мэдээж дэлхийд хоёрт жагсдаг   Монголын газар нутаг. Сонирхолтой байгаль маань. Бас Чингис хаан. Лейпцигт сургууль төгссөн Чинаагийн Галсан,  Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэ.

Монголын Цахилгаан мэ­дээ агентлагийн /МонЦаМэ/ вэб хуудаснаа Томас Тумагийн бичсэнийг орчуулан тавьжээ. Үнэндээ тэндээс сайхан зүйл олж харсан гэхэд бэрх. Бодвол бидэнд “муу”-гаа эртхэн мэдэж аваарай л гэж орчуулж тавьсан бололтой. Ингээд тэрхүү нийтлэлийн зарим хэсгээс хамт сонирхоё.
“Монгол Улсын нийт хүн ам Берлин хотын хүн амаас нэг их илүү гарахгүй. Гэхдээ л  бодоод үз дээ, Берлин хотыг танилцуулах сурталчилгааны үдэш хотын захирагчийн хамт Холливудын од зогсч байна гэж хэзээ ч төсөөлөгдөхгүй. Гэтэл энд “Tiger & Dragon" киноны од өөрийн найз олон улсын автомашины холбооны дарга Жан Toдтой одоо ч зогсч л байна. Ийм хэмжээний од магадгүй Монгол Улсын маркетингийн жилийн төсвийн нөгөө үлдсэн хувийг залгисан биз. /Эхний хэсгийг нь Давост сурталчилгаа хийхэд зарцуулсан/  Гэхдээ хэнд хамаатай билээ дээ.  Одоо, Ц.Элбэгдоржийг индэрт гарч “Монгол руу явах цаг болсон" уриан доор улсаа сурталчлах хүртэл бүгд л түүнтэй цуг инээлдэнэ. 

Урьд хэзээ ч сонсч байгаагүй ч, магадгүй маргааш биш өнөөдөр гэрт амьдарч үзэх ч юм уу. Гэхдээ л өнөөдөр гэхээс нөгөөдөр л очиж үзэх нь дээр байх. Магадгүй эхлээд амралтаа Монголд өнгөрөөсөн нь дээр байх. Ямартай ч бага төгрөгөөр диваажинд очно гэсэн үг. Энэ үдэш надад таалагдсан эсэхийг Онон / “Монголын үдэш”-ийг зохион байгуулагч/  эцэст нь асуув. Таалагдах? Мэдээж хэрэг, урам зориг хайрласан нь үнэн. Мөн Монгол Улс бол очиж үзэх газруудын нэг. Баярлалаа, Ц.Элбэгдорж танд! Баярлалаа, Онон чамд! Сайхан эмэгтэй болон архиар амжилттай сурталчилгаа хийж болдог гэдгийг баталсан орой байлаа” гэж бичжээ.

Яахав ээ бас “Сайхан эмэгтэй болон архиар амжилттай сурталчилгаа хийж болдгийг баталсан орой” гэж тодотгохыг бодоход Тума сэтгүүлч Монголын тухай тодорхой ойлголттой үлдсэн бололтой.
Бид өөрсдийгөө Монгол бол дэлхийг байлдан дагуулсан, баатарлаг үндэстэн хэмээн дөвийлгөдөг болохоос дэлхийн тэргүүлэх сонины сэтгүүлч бидний тухай ийм л ойлголттой байна. Магадгүй тэр өнөөх Мугабейн Зимбабве улсын талаар Монголоос илүү ойлголттой. Тэгэхээр дэлхийд биднийг ингэж сурталчилж байгааг орчуулж тавихаас илүүтэйгээр дэлхийд бид өөрсдийгөө хэрхэн сурталчилж болох тухай эхлээд эргэцүүлье.

Ч.Сайханбилэг сайдын менежмэнт

Санхүүгийн хямрал юунаас үүдэлтэй билээ. Хөрөнгө оруулагч нар нүүрээ бууруулснаас гэдгийг хэлүүлэлтгүй хэн бүгд мэднэ. Ч.Сайханбилэг 2014 оны сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа дотоодоосоо илүү гадаад сурталчилгаа, гадаадын хөрөнгө оруулагч нарт анхаарал хандуулж эхэлсэн нь үнэхээр илт харагдаж байлаа. Цагаан сарын дараахнаас эхлээд манай Ерөнхий сайд чинь Монголд байдаг хүн үү гэж хэлүүлтлээ “гадуур” гүйсэн.

Япон, Арабын Эмират, ИБУИВУ, АНУ, ОХУ, БНХАУ, Давос гээд долоон сарын дотор долоон улсад айлчилж, Монголын тухай, эдийн засгийн талаар зогсолтгүй танилцуулга хийж BBC, CBNC, Bloomberg, Reuters, Financial Times, New-York Times зэрэг хэвлэлүүдэд ярилцлага өгч байсныг бид бүгд анзаарч л байлаа. Үнэндээ энэ бол Монголын талаарх эерэг имижийг бүрдүүлэхэд хамгийн чухал “сурталчилгаа” болж байсныг анзаарахаас өөр аргагүй. Цаасан хэвлэл халагдаж байна гэдэг ч өнөөдөр хөрөнгө оруулагчдын хувьд өглөө бүр халуун кофеныхоо хачир болгодог уламжлалт ёсон халагдаагүй байна. Тэдний ачаар өнөөх Томас Тумагаас бусад нь Монголын тухай, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл авч байсан гэж итгэе. Харин өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Ерөнхий сайдын энэ эрч буурсан. Тогоон доторх хэрүүл ихэсч, халаасан доторх мөнгө багассантай л холбоотой байх. Гэхдээ хэрвээ Монгол гэдэг нэрийг хөрөнгө оруулагчдад таниулъя гэвэл сэтгүүлчид хамгийн чухал үүрэгтэй оролцдогийг хөгжиж буй болоод хөгжсөн орны туршлагууд бидэнд бэлээхэн харуулаад өгч байна.  Гол нь Ч.Сайханбилэг хаагуур юу хийж яваад ирэв гэдгийг дараагийн сонгуулийн тухай бодож, зөвхөн монголчуудад сайн сайхан болж харагдахын тулд мэдээлэх шаардлагагүй. Ч.Сайханбилэг юуг зорьж, юунд тэмүүлж, яах гэж “тэнээд” байна вэ гэдгийг дэлхий нийтэд л цацах ёстой санагдах. Магадгүй 10 сэтгүүлч дагуулж явснаас тавыг дагуулаад тавынх нь зардлаар Монгол сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг гадаадын хэвлэлүүдэд тавих тэр л орон зайг бүрдүүлэх нь чухал болоод байгаа юм. Эсвэл Монголын тухай мэдээлэх хүсэл нь оволзоод буй гадаадын сэтгүүлчийг онилж санал тавья.

Ганц монгол сэтгүүлчтэй явсан Давос

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн сарын сүүлээр Давосын чуулганд оролцохдоо хэвлэлийн багтаа ганцхан сэтгүүлч багтаажээ. Учир нь зардал мөнгө хэцүү байхад хамгийн танаж болох зардал нь сэтгүүлчдээ цөөлөх гэж үзсэнийх биз. Харин түүний оронд сайхан эмэгтэй, сайн архиа хангалттай авч явсан нь дээр  гэж зохион байгуулагчид үзсэн биз. Тэгсний “ачаар” Томас Тума мэтийн сэтгүүлч дээрх нийтлэлийг бичихэд хүрсэн ч байж болох. Харин ганц сэтгүүлч маань зөвхөн монголчууддаа, тэр тусмаа Үндэсний телевиздээ зориулж нэвтрүүлэг, мэдээ бэлтгэх зорилготой л очиж. Түүний мэдээллийг хэн ч цааш нь орчуулж хүргэхгүй. Хүсэхгүй. “МОНЦАМЭ”-гийн хувьд Давост зохион байгуулсан “Монголын үдэш”-ийн талаар гадаадын сэтгүүлчид юу бичиж вэ гэж сонирхсон болохоос манай сэтгүүлч юу бичсэн бэ гэдгийг гадагш нь цацах сонирхол байсан гэдэгт эргэлзэж байна үнэндээ.

Цаашдаа эдийн засагт эерэг цэнэг нэмэхийн тулд дэлхийд бид нэмэх мэдээлэл цацах нь чухал баймаар. Удахгүй АСЕМ болно хэмээн хөөрцөглөж, хэдэн сэтгүүлч энэ өдрүүдэд ирэх вэ гэж тоолж суухаасаа өмнө хэрхэн Монголын тухай мэдээллийг дэлхийд тасралтгүй цацаж болох вэ гэдэг гарцаа л эхлээд мэдэрч мэдэж авах нь хэрэгтэй мэт санагдах.

Төрийн тэргүүнд байгаа, монголын нүүр царайг тахлагсад минь ээ, “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэгчлэн яв, яв. Нүүр царай, хэл амаараа Монголоо сурталчил. Гэхдээ гол нь сурталчилж буйгаа зөвхөн бусдын дарга сайд нартай уулзах уулзалтаар хязгаарлалгүй, сэтгүүлчдээр, хэвлэлээр хэмжье.
Тэгэхээр эхлээд дотоодынхоо хэдэн хэвлэлийг тэр тусмаа хэдхэн сэтгүүлчээ ашиглаад сурчих л даа. Дараа нь гадаадын сэтгүүлчид Монголд ирж, Монголын тухай юу бичихийг хүлээе.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан