Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Богино хугацаанд хуралдсан ч гол ажлаа амжуулав

Л.НОМИН


УИХ-ын ээлжит бус чуулган зарласан өдрөөсөө дөрвөн өдрийн дараа буюу баасан гарагт нээлтээ хийж, хуралдлаа. УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар ээлжит бус чуулган зарласан ч УИХ дахь МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ирээгүй тул товлосон хугацаанаасаа хожимдож эхэлсэн нь энэ. Баасан гарагт “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга нар хүрэлцэн ирснээр чуулган нээлтээ хийж, хэлэлцэх асуудлуудаа шийдлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн есөн гишүүн чуулганы хуралдаанд оролцсон. Тэгвэл нэлээд дуулиан, шуугиантай болсон ээлжит бус чуулган юу юу амжуулав.
 
ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татав

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн албан бичгийн талаар намрын чуулганаар хэлэлцэж, эгүүлэн татах тухай хөндөгдсөн. УИХ-аас баталсан хуулийг эцсийн найруулга сонсоогүй байхад ҮХЦ-ийн дарга албан бичиг хүргүүлж, УИХ-ын бүрэн эрх, Улсын дээд шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж эгүүлэн татах саналыг хэлэлцэх асуудлын эхэнд багтаасан. Намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, түүнийгээ гурав хоног нэмж сунгасан хугацаа ч дууссан. Иймээс нэлээд хэдэн хуулийн эцсийн найруулга сонсохтой хамт уг асуудлыг хэлэлцэхээр хойшлуулсан юм. Гэвч ээлжит бус чуулганы нээлтэд оролцохгүй хэмээн хойш сууж, гацаасан ч Цэцийн даргын хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэн шийдэж чадлаа.   
Улсын дээд шүүхийн саналыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь танилцууллаа. “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний талаарх” албан бичигтэй танилцлаа. Түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагаас Монгол Улсын Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгааг дурджээ. Уг асуудлаар Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад Улсын Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэж тэрээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гарын үсэг бүхий албан бичгийг Улсын Их Хуралд илгээснийг танилцуулсан.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулахдаа “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг дэмжсэн” гэлээ. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжив. УИХ-ын тогтоол батлагдсанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахаар боллоо. Хуулийн ямар заалтууд зөрчсөнд тооцож буйг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурал хийж тайлбарласан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа тул өнөөдөр байр сууриа албан ёсоор илэрхийлэхээр болжээ.

Гурван байнгын хороо хуралдлаа

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах болон Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хязгаар аймгуудын зарим сумдын ОХУ болон Хятад улсаас авдаг цахилгааныг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг холбогдох Байнгын хороод хэлэлцэж дэмжив.

Татварын тухай хууль 1990 онд батлагдсанаас хойш татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 хууль батлагдсанаас 46 нь хүчингүй болж, 55 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хугацаанд Татварын хуульд нийтдээ 232 удаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулаад байна гэж Сангийн сайд Б.Болор танилцуусан. Салбарын хууль тогтоомжоор татварын харилцааг зохицуулж, агуулгын хувьд давхардал үүсгэж байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулан хүнд суртлыг бий болгож татвар төлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж буй аж. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, ойлгомжтой, тэгш шударга байх, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо, чуулганаар төслийг хэлэлцэ­хээр тогтов.

Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төсөл, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зээлийн хэлэлцээрийн тухай төслүүдийг хэлэлцэв.  Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг 2010 онд байгуулж, УИХ-аар соёрхон батлуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой төслийг мөн хэлэлцсэн. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж, 12 хувь болох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.

З.Энхболд:  Нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо

Хэлэлцэх асуудлуудаа шийдсэн ээлжит бус чуулган баасан гарагийн оройдоо хаалтаа хийсэн. Хаалтын үеэр УИХ-ын даргын хэлсэн үгийг тоймлоё. “Миний бие 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүний дагуу 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр ээлжит бус чуулганыг нээж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хууль нь ард иргэдийн зүгээс  хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын бичигдсэн хүчинтэй болох хугацаагаараа буюу ердийн журмаар, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдсэнээр гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд дөрөвдүгээр сард хаврын ээлжит чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо” гэлээ.

Ингээд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг Ажлын хэсгийг байгуулж, Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр болсныг хэлэв. Ажлын хэсгүүдийг энэ долоо хоногоос байгуулан бэлтгэлээ хийхийг УИХ-ын дарга үүрэг болгон ээлжит бус чуулган хаалтаа хийлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан