"Ирэх сарын 1-нээс 189,000 орчим айл өрх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана. Улсын төсөвт ₮30.5 тэрбумыг тусгасан"
Угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлье
Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ
А.Энхтүвшин Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу
О.Анужинтай “Хунт нуур”
Эрчим хүчний реформыг Бөөрөлжүүтийн талаас эхлүүллээ
Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа
Ж.Төмөрбаатар: Татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон хөрөнгийг ил тод хувьчлах ёстой
Төрийн өмчийн хувьчлал явуулах асуудал сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж байна. Ингээд ТӨХ-ны дэд даргаар ажиллаж байсан Ж.Төмөрбаатартай хувьчлах жагсаалтад орсон Төрийн банк, МИАТ, Монголын хөрөнгийн бирж зэрэг томоохон компанийн талаар ярилцлаа.
-Төрийн өмчийг хувьчлахдаа тухайн компанийн үнэлгээг яаж тогтоодог бол. Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хорооны хэдэн мэргэжилтэн сууж байгаад тогтоочихдог юм уу. Аль эсвэл хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлдэг үү?
-Төрд өмч гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр бүх компаниуд нь бий болсон. Тэгэхээр төрийн компаниуд олон нийтийн буюу нээлттэй компани байх ёстой. Гэтэл өнөөг хүртэл төрийн өмчит компаниуд хаалттай хэлбэрээр явж ирсэн. Одоо үүнийг яах вэ гэж л яриад байгаа юм. Үнэлгээний олон янзын хэлбэрүүд бий. Ганц Сангийн яам олон нийтийн хөрөнгөөр боссон компанийг үнэлж болохгүй. Ийм учраас хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх ёстой. Нэг ёсондоо олон улсын аудитын байгууллага орж ийм хөрөнгө, санхүүтэй компани учраас төдий үнэ өртөгтэй гэдгийг нь тогтоох хэрэгтэй гэж бодож байна. Ингэж байж жинхэнэ бодит үнэ нь гарч ирнэ.
-Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн төсөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг хувьчлахаар тусгасан. Тэгэхээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг хувьчлах нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх бол. Хэр оновчтой шийдвэр гэж үзэж байгаа вэ?
-Хувьчлалын үр дүнг одоо шууд дүгнэж ярих нь учир дутагдалтай. Хувьчлал амжилттай болсон эсэхийг босгосон хөрөнгийн хэмжээ, зах зээлд гарах өөрчлөлт хоёроор дүгнэх хэрэгтэй. Хувьчлалын үр дүн нь хувьчлах зорилго, үйл явцаас шууд хамаардаг.
Миний хувьд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д засаж, сайжруулах зайлшгүй шаардлагатай хэдэн асуудал байна гэж хардаг.
-“Монголын хөрөнгийн бирж” ХК хэдэн төгрөгөөр үнэлэгдэх бол?
-Нэгдүгээрт: Мэдээж хамгийн чухал нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөлөх байдал зэргээр сайжруулсан уу муужруулсан уу гэдгийг харах ёстой.
Хоёрдугаарт: УИХ-ын тогтоолын төсөлд төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдахаар орсон байсан. Тэгэхээр хувьчлалын үр дүнд бий болсон хөрөнгө улсын төсөвт орох болно. Тиймээс хувьцааны үнэлгээг бодитоор тогтоох шаардлагатай. Баримжаагаар тооцоод үзье: Хөрөнгийн биржийн газар нь л гэхэд 20 тэрбум орчим төгрөгийн үнэд хүрнэ. Засгийн газрын ордны зүүн талын хэвлэлийн үйлдвэрийн газар хэдхэн жилийн өмнө 20 гаруй тэрбум төгрөгөөр зарагдсан шүү дээ.
Тэгвэл барилга, үл хөдлөх болон бусад хөрөнгө 5 орчим тэрбум гэж бодъё. 2012 онд 13.5 сая доллараар системийн шинэчлэлт хийсэн. Үүнийг тухайн үеийн ханшаар тооцвол 20 гаруй тэрбум төгрөг болно. Тэгэхээр “Монголын хөрөнгийн бирж” ХК дор хаяж 50 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани байх боломжтой. Гэхдээ энэ үнэлгээг олон улсын хөндлөнгийн үнэлгээний мэргэшсэн байгууллагуудаар хийлгэх хэрэгтэй. Энэ үнэлгээ, дагах зөвлөмж нь компанийг ямар аргаар, хэдэн үе шаттай хувьчлах вэ гэдэг асуултад хариу өгөх болно.
Гуравдугаарт: Засаглалын асуудал гэж нэг том юм бий. Өнөөдрийг хүртэл “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Арилжааны төлбөр тооцооны төв ХХК гэсэн хөрөнгийн зах зээлийн гол мэргэжлийн байгууллагуудын Хувьцаа эзэмшигчээр төрийг төлөөлж Сангийн яам ажиллаж ирсэн. Сангийн яам эдгээр байгууллагуудыг удирдах ямар ч шаардлага байхгүй. Монгол Улсын хуулиар Төрийн өмчит компанийн засаглалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, мэргэжлийн зохицуулах чиг үүргийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо хариуцах ёстой.
-Ийм зохицуулалт байхад Сангийн яам давхар оролцдог гэж үү ? Сангийн яам хөрөнгийн зах зээлд ямар оролцоотой байх ёстой вэ ?
-Энэ буруу тогтолцооны үр дүнд үүссэн нэг жишээ хэлье. “Монголын хөрөнгийн бирж” ХК 2012 онд Лондонгийн хөрөнгийн биржийн MIT арилжааны системийг 13.5 сая доллараар худалдаж авсан. Уг гэрээнд Лондонгийн хөрөнгийн бирж оролцсон боловч MIT систем нь Шри-Ланкийн мэдээллийн технологийн нэг компанийн хөгжүүлсэн систем.”
Энэ хэлцлийн төлбөрийн хариуцагч нь Сангийн яам байдаг. MIT систем Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн санхүүгийн балансд хувьцаа эзэмшигч нь хэн хэрхэн яаж туссаныг харах хэрэгтэй. Үүнийг тухайн үеийн Сангийн сайд УИХ-ын гишүүн Ч.Улаан сайн мэднэ. Хэрвээ туссан бол Сангийн яам энэ хэмжээний хувьцаа эзэмшиж байх ёстой. Сангийн яам хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч биш. Зүгээр энгийнээр хэлбэл Засгийн газрын нягтлан бодогчийн үүргээ биелүүлж байх ёстой.
-Тэгэхээр тэр өндөр үнэтэй MIT арилжааны систем “Монголын хөрөнгийн бирж”-д ямар өөрчлөлт шинэчлэлт авч ирсэн бэ?
-Нийт оролцогчдын дунд онолын болон туршлагын хувьд үл ойлголцол гарсан. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарлаж ирсэн. Үүнээс болоод өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчдад тогтвортой, найдвартай зах зээлийг санал болгож чадахгүй байсаар гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагчыг түлхсэн байдаг. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны нэг судалгаанд 2011 онд 7000 орчим арилжааны данс үнэт цаасны арилжаанд оролцож байсан бол 2017 онд 1000 гаруй данс арилжаанд оролцсон дүн байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг тухайн зах зээлд хөрөнгө оруулахад Олон улсын мэргэжлийн байгууллагууд мэдээллээр хангаж ажилладаг. Монгол Улс өнгөрсөн жил FTSE-ийн ажиглалтын жагсаалтаас хасагдсан. Энэ нь монголын хөрөнгийн зах зээл, түүний дэд бүтэц хөгжих болоогүй байна гэсэн месежийг олон улсад түгээсэн.
Эдгээр үр дүн, нөхцөл байдал нь зах зээлийн хөгжилд муу засаглал, буруу шийдвэр яаж нөлөөлдгийг харуулж байна. Тиймээс одоо эхлээд хувьчлал хийхээс өмнө Засаглалын асуудлыг бүр мөсөн шийдвэрлэх шаардлагатай.
Ер нь бол Сангийн яам хөрөнгийн зах зээлийг дэмжиж болох ганц л боломж байгаа. Энэ боломж нь уламжлалт онолын дагуу татварын бодлого юм.
-Банкууд хөрөнгө, санхүүгийн захын 95 хувийг атгадаг. Үүний шалтгаан нь Хөрөнгийн биржийн хүлээсийг эрх баригчид тайлж өгөхгүй байгаа гэдэгт та санал нийлэх үү?
-Өнөөдрийг хүртэл банкны салбар хувийн бизнес, иргэдийн хэрэглээнд зориулсан зээл олгож ирсэн. Энэ нь нэг талаас бизнесийг болон иргэдийн амьжиргааг дэмжиж байгаа боловч банкны зээлийн хүү маш том дарамт болж байна. Жишээ нь банкууд сүүлийн үед хэрэглээний зээл маш их гаргах болсон. Энэ нь нийт эдийн засаг, иргэдийн орлого, зарлагад сөргөөр нөлөөлөх болсоныг эдийн засагч, судлаачид хэлж байгаа. Тэгвэл хөрөнгийн зах зээл нь оновчтой зохицуулалтын хүрээнд хамгийн бага зардлаар хөрөнгө оруулалт зуучилдаг юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа улсын эдийн засагт хамгийн чухал хөшүүрэг болдог.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр, сургалт, зөвлөх үйлчилгээг олон улсын байгууллагуудаас авч ирсэн. Ингээд олж авсан мэдлэгээ оновчтой, чадварлаг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Үүнийг хэрэгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчинтэй болох шаардлага зайлшгүй чухал. Мөн Төрийн оролцоог зөвхөн бодлого, зохицуулалтын хүрээнд оновчтой зохион байгуулах шаардлагатай. Дээр хэлсэнчилэн төр хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын дотоод үйл ажиллагаанд хэтэрхий нарийн оролцсон зохицуулалтыг гаргаж үүнийгээ эрсдэл хаах гэж тайлбарлаад байдаг юм.
Уг нь төрийн бодлого, зохицуулалт оновчтой энгийн, мэргэжлийн байгууллагуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлж байж хөрөнгийн зах зээлийн хөгжил эхлэнэ. Тэрний дараа бид өөрсөддөө таарсан шилдэг технологи “ноу-хау” нэвтрүүлж чадна гэж боддог. Одоогийн технологи бол бид ямар боломжтой систем аваад хэдэн хувьд ашиглаж байгааг хэн ч мэдэхгүй байна. Мэдэх ёстой нөхдүүд буюу менежмент хийж байгаа захирлууд ямар юм авчихаад юу нь дутуу байгааг одоо хүртэл шийдээгүй. Бүх асуудал хувьчлагдахаар л шийдэгдэх тухай ярьж байгаа нь шал худлаа зүйл юм. Тиймээс эхлээд яг юунаас болоод хөгжил удаашрав, юу нь болохгүй байгаа талаар төр засаг шийдвэр гаргах хэрэгтэй.
Зүгээр л болох болохгүй хамаагүй судалгаагүй нөхдүүд асуудал ярьж байгаад Хөрөнгийн биржийг үнэгүй шахам, хувьчлал нэрээр авч хөрөнгө мөнгө зувчуулах асуудал байж болохгүй.
Би өөрөө Төрийн өмчийн хороо гэсэн нэртэй төрийн байгууллагын ажлыг гадарлахын хувьд ингэж яриад байгаа юм. Намайг төрийн өмчийн хороонд ажиллаж байхад Монголын хөрөнгийн биржийн одоогийн захирал юу ярьж байгаад Сангийн яамны мэдэл рүү очсныг сайн санаж байна. Одоо ярьж байгаагаа л хэлж байсан. Сайжрах гэхээр төр саад болоод байна, биднийг дэмжихгүй байна гээд байсан, харин төр дэмжээд хөрөнгө мөнгийн нь гаргаад системийн шинэчлэл хийгээрэй гэсэн биз дээ. Хариу нь 6 жил болоход ямар дүн үзүүлээд байгаа.
Төрийн банкыг хувьчлахдаа 30 хувийг нь гадаадын
хөрөнгө оруулагчид санал болгох хэрэгтэй
-Төрийн банкийг хувьчилж улсын төсөвт 75 тэрбум төгрөг төвлөрүүлэх тухай ярьж байгаа. Таныг ТӨХ-нд ажиллаж байхад энэ банкыг хувьчлах тухай асуудал бас л яригдаж байсан. Тэр үед хэдэн төгрөгөөр үнэлж байсан бэ?
-Намайг ТӨХ-нд ажиллаж байх үед Төрийн банкны хувьчлалын асуудал яригдаж байсан. Тухайн үед яамдаас энэ банкыг хувьчлах талаар санал авч түүнийгээ боловсруулж Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар, ТӨХ-ноос төр 34 хувийг нь эзэмших, мөн 33 гариу хувийг нь хөрөнгийн биржээр, 33 хувийг нь гадаадын хөрөнгө оруулагч нарт хувьчилая. Энэ нь Төрийн банк цаашид үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн бодлого баримталж байсан юм. Үнэлгээний хувьд Төрийн банкыг 300 тэрбум төгрөг гэж тооцсон. Хувьчлах ажлын хэсэгт нь одоогийн УИХ-ын гишүүдээс Д.Хаянхярваа, Шадар сайд Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат нар байлаа. Төрийн банкыг хувьчилж улсын төсөвт 75 тэрбум төгрөг оруулна гэж яриад байгаа нь ойлгомжгүй юм. Энд нэг зүйл хэлэхэд Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхад одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүн “Төрийн өмчийн хувьчлал хэзээ явах вэ?” гэж асуусан. Тэгэхэд Б.Чойжилсүрэн “Төрийн банкыг хувьчлахгүй” гэж хариулсан удаатай. Гэтэл энэ банкыг хувьчлах үнэ гээд байгаа тэр 75 тэрбум төгрөг нь Э.Сүрэнгийн Төрийн банкнаас нэхэмжилсэн мөнгөтэй их ойрхон сонсогдож байгаа нь иргэдийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, 2013 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэр Сүхбаатар дүүргийн шүүхээс гарсан. Шүүхийн энэ шийдвэрт “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэсэн байдаг юм.
-Та энэ банкыг хувьчлах асуудал анх яригдахад ажил үүргийн хувьд оролцоотой байсан хүний хувьд хувьчлалыг ямар арга, хэлбэрээр явуулбал оновчтой болно хэмээн бодож байна вэ?
-Монголд гадаадын банк оруулж ирэх хэрэгтэй гэж сүүлийн үед эдийн засагчид ярьж байгаа. Тэгвэл Төрийн банкыг хувьчлахдаа 30 гаруй хувийг нь гадаадын хөрөнгө оруулагчид санал болгох хэрэгтэй гэж бодож байна. Ингэвэл төр, иргэд, гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоотой засаглал нь илүү сайжирсан компани болно гэсэн санаа надад бий. Гэвч энэ банкны хувьчлалыг хэрхэн хийх нь эрх баригчидийн санал, шийдвэрээр болно шүү дээ.
-Монголбанкнаас сүүлийн жилүүдэд арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьж ирсэн. Төрийн банкны өөрийн хөрөнгө 2012 оноос хойш чамгүй өссөн байх. Тэгэхээр анхны 300 тэрбум төгрөгийн үнэлгээ ч бас өнөөдөр өснө гэж ойлгож болох нь ээ?
- Банкуудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл зэрэг нь олон нийтэд ил тод байх зарчимтай. Иймд Төрийн банкны цахим хуудаст үйл ажиллагааных нь мэдээлэл ил тод тодорхой байгаа байх. Өөрөөр хэлбэл ямар актив, пассивын үзүүлэлтээ олон нийтэд жил бүр танилцуулах үүрэгтэй юм. ТУЗ-н дарга нь сангийн яамны Ганбат гэж хүн байгаа. Энэ хүн тодорхой мэдээлэл өгөх байх аа.
МИАТ компанийг хувьчлах юм бол
чөдрийн ганцаасаа сална
-МИАТ компанийг бас хувьчлах гэж байгаа. Ер нь иргэний агаарын тээврийн салбараа хувьчилсан улс орон байдаг уу?
-Бидэнд гашуун туршлага бий. Ирландуудад МИАТ-ыг нэг хэсэг өгөөд юу ч үгүй үлдсэн. Засгийн газар буцааж аваад 6 онгоцтой болсон. Үүний хоёр нь нойтон түрээсээр явдаг. Аль нэг авиа компанид хувьчлаад түүнийгээ глобалчлал гэж нэрлэж байгаа бол алдаа. Тухайлбал, 200 онгоцтой компанид хувьчилж өглөө гэж бодоход манай 6 онгоц юу болж хувирхыг таашгүй. Гадаадын компани авлаа гэхэд монгол нисгэгч, инженер техникийн ажилчдыг цомхотгох л байх. Бид олон жил бий болсон үнэтэй боловсон хүчнээсээ салах болно.
Тэгээд Ирландуудаас яаж буцааж авсан юм бэ?
-Гэрээний хугацаа нь дууссан.
-МИАТ-ыг хувьчлахаар тасалбарын үнэ буурна, үйлчилгээ, үйл ажиллагаа нь сайжирна, зорчигчийн урсгал нэмэгдэнэ гэж яриад байна. Монгол Улсын иргэний хувьд энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Энэ бол тухайн авиа компанийн менежментийн л асуудал. Хамгийн гол нь хувьчлах юм бол Монгол Улсын үндэсний эрх ашиг талаас нь харах ёстой. Үүнийг нэгдүгээрт тавьж шийдвэр гаргах нь зүйтэй. Түүнээс биш тухайн компанийн үйл ажиллагаандаа баримтлах дотоод асуудлыг голлож болохгүй. МИАТ-ыг гадаадын компанид хувьчлая гэж бодоход цаана нь Иргэний нисэхийн ерөнхий газар гэж бий. Энэ газар Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй онгоцноос татвар авдаг. Өөрөөр хэлбэл навигацын орлогыг улсын төсөвт оруулдаг юм. Тэгэхээр энэ орлого нь гадаадын компанийн халаасанд орно гэсэн үг. Савны ёроол нэг цоорсон бол доторх нь гоожоод дуусдаг. Үүнтэй адил зүйл болно. Намайг ТӨХ-нд ажиллаж байхад мэргэжлийн хүмүүс нь МИАТ компанийг хувьчилбал улсын төсөвт ордог навигацын орлого хэдхэн хүний гараар ороод явчих вий гэдэг сэрэмжлүүлэг хэлдэг байсан. Тэгэхээр үүнийг би оргүй зүйл гэж бодохгүй байна.
Манай эрх баригчид МИАТ-ыг хувьчлахаар Монголд ирэх жуулчдын өснө гэж байгаа. Тэгвэл Хэдэн жуулчин ирэх вэ? гэж асуумаар байна. МИАТ тэднийг зөөх хүчин чадал бий. Манай онгоцууд өглөө нисч ирээд үдээс хойш 4-5-аараа сул зогсч байгаа шүү дээ. Энэ нь зорчигчийн урсгал байхгүйг л харуулж буй хэрэг. Зорчигчийн урсгал бий болгож байж тээвэр нэмэгддэг. Түүнээс биш нэг компанийг хувьчлаад тээвэрлэлт, зорчигчийн урсгал нэмэгдэхгүй.
-Тэгвэл МИАТ-ыг гадаадын компанид хувьчлах нь буруу гэж та хэлэх гээд байна уу?
-Ингэж яарч хувьчлах нь буруу. Дэндүү яарч хувьчлах, либериалчилна гэдэг нь чөдөрийн ганцаасаа сална гэсэн үг. Улс орнууд иргэний агаарын тээврийн салбарынхаа шинэчлэлийг удаан хугацаанд аажмаар хийдэг. Түүнээс биш шууд нэг амьсгаагаар бүгдийг хийнэ гэж байхгүй. Харин хожих биш алдаа л болно. МИАТ-ыг хувьчлахаас илүүтэй үйл ажиллагааг нь өргөжүүлэх, компанийн засаглал, менежментийг нь сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.
-Таныг ТӨХ-нд ажиллаж байхад МИАТ-ын үйл ажиллагааг сайжруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх талаар ямар ямар шинэчлэлт хийж байв?
-Онгоцны тоог нэмэгдүүлэх, онгоцны засвар үйлчилгээ хийх, код шейрийн үйлчилгээ нэвтрүүлэх, зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг ажил хийж гэрээ хэлцэл байгуулж байсан.
-Зорчигчийн урсгал нэмэгдүүлэх талаар ямар ажил хийсэн бэ?
-Бээжин, Сөүлийн чиглэлд улирал харгалзахгүй байнга нислэгтэй болсон. Нэг ёсондоо зорчигчийн урсгал тогтмолжсон юм. Зун нь зорчигчийн урсгал ихсвэл нислэгийн тоогоо нэмдэг. Өдөрт 2-3 ниссэн ч бололцоотой.
-Орлого нэмэгдүүлэх авсан арга хэмжээний талаар тодруулж өгнө үү?
-МИАТ гурван жилийн бизнес төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, 2013 оноос эхлээд нойтон түрээс ашиглах, өөрийнхөө онгоцыг засахаас гадна бусдынхыг бас засая гэж бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Тэгээд адил төрлийн онгоцтой агаарын тээвэрлэгч нартай уулзах, олон улсын техникийн үзэсгэлэнд оролцож өөрийн бааз суурийг сурталчилж ирсэн. Үүний үр дүнд 2013 онд 5, 2014 онд 10 онгоц засварласан байдаг. Өнөөдөр нийт 55 онгоцонд хүнд, хөнгөн хэлбэрийн засвар үйлчилгээ хийсэн. Цаашид энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо бүрэн бий. Нэг онгоцод хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийхэд 1.2 сая ам.долларын өртөгтэй. Өөрөөр хэлбэл тухайн онгоцыг бүрэн задлаад засвар үйлчилгээ хийнэ гэсэн үг. Хөнгөн засвар хийх тариф нь 200 мянган ам.доллар. Тэгэхээр 200-1.2 сая ам.долларын тарифаар онгоц засварладаг юм.
Өнөөдөр нойтон түрээсээр хоёр онгоц явуулж байна. Жишээ нь 2013 оноос Бангладеш улсад нойтон түрсээр МИАТ-ын онгоц явах болсон. Нойтон түрээс гэдэг нь онгоцоо, экпажтай нь, засвар үйлчилгээний техникийн ажилчидтай хөлсөөр ажиллуулахыг хэлдэг. Түрээсийн энэ үйлчилгээ их өндөр үнэтэй. Үүнээс гадна хуурай түрээс гэж бий. Манай улс хуурай түрээсээр арай хямдаар онгоц авдаг. Нэг ёсондоо зөвхөн онгоцыг нь түрээсэлдэг гэж хэлж болно. Жишээ нь нойтон түрээс гэдэг нь сард 500 мянган ам.доллар гэж бодоё. Тэгвэл хуурай түрээс нь 300 мянган ам.доллар байна гэсэн үг.
-Та код шейрийн үйлчилгээ нэвтрүүлсэн гэж дээр дурдсан. Энэ ямар үйлчилгээ юм бэ?
-МИАТ 2013 онд Хонг-Конгийн агаарын тээвэрлэгчтэй код шейрийн үйлчилгээ харилцан хэрэгжүүлэх талаар ярьсан. Тэгээд 2016 оноос эхлэн нэвтэрч өнгөрсөн жилээс биеллээ бүрэн олсон байна лээ. Тэгэхээр энэ үйлчилгээ бүрэн нэвтэрсэнээр МАИТ-ын онгоцоор Хонг-Конг орно. Цаашаа Австралийн 5 хот руу нэг тасалбараар дамжин сууна гэсэн үг. Нэг ёсондоо манай ОМ гэсэн нислэгийн кодтой тасалбараар дараагын онгоцонд дамжин сууна. Мөн МИАТ ч бас тэдний кодтой нислэгийн тасалбартай зорчигчид үйлчлэх юм. Товчхондоо Улаанбаатараас МИАТ-ын тасалбараар Австралийн 5 хотод очиж болно. Тэгэхээр МИАТ нисэхгүй мөртлөө Австрали орж байна гэж ойлгох хэрэгтэй.
-МИАТ-ыг шүүмжилдэг нэг сэдэв нь тасалбарын үнэ хэт өндөр байна гэдэг. Ийм учраас ашиггүй ажилладаг гэж байгаа. Эдгээр нь хувьчлах гол үндэс болоод байгаа юм биш үү?
-Тасалбарын үнэ өндөр тул зорчигч цөөн, түрээсээ дийлэхгүй, ашиггүй ажиллаад байгаа зүйл байхгүй. Энэ бол худал. Харин аялал жуулчлалын байгууллагуудтай хамтарч бодлого гаргах ёстой. Ирээдүйд хэдэн жуулчин хэзээ яаж хүлээж авах, тээвэрлэх ирэх гэдгээ тодорхой болгоно гэсэн үг. Тэгэхдээ үнэ тарифаа бас тохирч болно. Тэр жуулчид Монголд ирээд хэдэн ам.доллар үрээд хэд хоноод буцах нь ч тодорхой болох юм. Гэтэл манай аялал жуулчлалын байгууллагууд нэгдэж хамтарч ажиллаж чадахгүй байна. ТӨХ-нд ажиллаж байхад агаарын тээвэрлэгч компаниуд энэ зарчмаар ажиллах гэж үзсэн. Тэгээд дотоодын авиа компаниуд хямдралтай үнийн тарифаа аялал жуулчлалын байгууллагуудад танилцуулж байсан. Харин тэд өөрсдийн хүлээж авах жуулчдадаа түүнийг санал болгох учиртай юм. Гэтэл энэ ажил бүтээгүй. Манайханд хамтарч ажиллах бие биенээ дэмжих, нэгдсэн бодлоготой байх гэдэг ойлголт жаахан дутмаг байдагтай холбоотой. Нэг жишээ дурдая. Солонгосуудыг хар л даа. Өөрийн улсын тээвэрлэгч “Корейн эйр” компанийн онгоцоор ирээд Солонгос буудалд бууна. Солонгос ресторонд хоол иднэ. Буцахдаа мөн нөгөө компанийн онгцоор явна. Тэгэхээр Солонгос жуулчдаас манайд үлдэх мөнгө бараг алга. Энэ чинь хамтын ажиллагаа., нэгдсэн бодлого. Гэтэл бид улс дотроо байж салбар салбартаа хамтарсан, нэгдсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй л сууж байна. Тэгээд МИАТ ч гэлтгүй бие биенээ шүүмжлээд хэмлээд л байдаг аа болих хэрэгтэй.
0 Сэтгэгдэл