Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЬДРАХУЙН ГАРЫН АВЛАГА

-Эрүүл мэндийн зөвлөх багш Авирын Мөнхөө: “Эрүүл энхийн шинэ ертөнц” номын тухай-

 “Хүн хэлэхээс нааш санахгүй, цааш чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Гэвч хүн гэдэг амьтанд нэг хэлээд нэмэргүй гэдгийг эрүүл мэндийн зөвлөх багш Авирын Мөнхөөгийн ном, мөн лекцээс олж мэдэж болно. Хүн гэдэг оюун ухаант амьтны бие, эрүүл мэнд хоол хүнс, сэтгэл санаа, харилцаа зэрэг бүхий л зүйлсийн талаар “Эрүүл энхийн шинэ ертөнц” номд өгүүлдэг. Хүний мэддэг хэрнээ тэр болгон хэрэгжүүлээд байдаггүй тэр бүх сургааль зөвлөгөө шар хавтастай ганц номд бүхлээрээ багтжээ. Сүүлийн жилүүдэд монголчууд гэлтгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа гол асуудлын нэг бол таргалалт. Соёл иргэншил, хөгжил дэвшлийг даган бий болсон амттай, удаан хадгалдаг, хялбархан олдох хоол хүнсний хэрэглээ хяналтаа алдсан гэж хэлж болно. Энэ зам монголчуудыг мөн тойрсонгүй. Гэхдээ өөрсдийн үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй, голдуу бусдын гар харан амьдардаг Монголчуудын хүнсний хэрэглээ бүр ч сэтгэл чилээм гэдгийг Мөнхөө багш номоороо дамжуулан анхааруулжээ. Алс холын орноос, олон хилийн дээс дамжин ирж бидний ходоод руу хөл тавьж буй гадаадын нөөшилсөн, давсалсан, савласан бүтээгдэхүүнийг урт настай болгох гэж хичнээн зүйлийн химийн бодис холисныг тоочиж мэдэх ухаан хэдэн хүнд байгаа бол? А.Мөнхөө багшийн лекцийг анх сонссон хүн түүний өгсөн зөв амьдрахуйн тухай зөвлөгөө мэдээллийг дагана гэж амладаг ч амьдралдаа хэвшил болгон хэрэгжүүлж дадсан нь ховор. Харин нэг биш нэлээд хэд сонссон хүмүүс аж амьдралаа өөрчилж, эрүүл урт удаан, бас жаргалтай амьдрах арга ухаанд шат шатаар алхан орж байгаад тэрээр талархалтай явдаг юм. Хүн гэдэг амьтны амьдрал цаг хугацаа орон зайгаар хязгаарлагддаг. Тэр утгаараа өөрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг өдөр бүр сонсоод түүнийхээ төлөө цаг заваа зарцуулна гэдэг мэдээж амаргүй. Харин Мөнхөө багшийн эмхтгэн гаргасан “Эрүүл энхийн шинэ ертөнц” номыг уншигч гарын дор байлгаснаар өдөр бүр зөв амьдралыг өөртөө хэвшүүлэхэд илүү хялбар, ойр болох боломж бүрдэж байна. Хүн, тухайлбал би өдөр тутамдаа юу идэж ууж, өөртөө хэрхэн анхаарал тавьж байгааг Мөнхөө багш нүдээр үзсэн мэт өгүүлжээ. Чухамдаа хүн бүрийн амьдрал, хэвшил адил байдгийг Мөнхөө багш туршлагаараа мэдэж зөвлөсөн нь тэр. Махыг давс тэргүүтэй есөн жорын юмаар амталж, гурил будаатай хачирлан хүртдэг бидний хэвшил буруу гэдгийг гудамжаар дүүрэн алхаж яваа ааг амьсгаа өндөртэй тарган монголчуудыг хараад мэдэж болно. Том том гүзээний цаана эрүүл мэндийн хурц асуудал оршиж байгааг бид өнөөдөр ярихгүй л болохоос дотроо гадарлаж л явдаг. Эрүүл мэнддээ анхаарал тавих гэхээр “ажил их, цаг зав болдоггүй” гэсэн ижил тайлбартай бидэнд Мөнхөө багш цаг, сэтгэлээ гарган анхааруулж байна. Хоол хийж байгаа нь энэ гээд шарж хуурсан, тос нь гоожсон хуурга хийж хүртдэг манайханд энэ төрлийн анхааруулга мэдээлэл эрхгүй дутаж байсныг монголчуудын таргалалтын хувь хэмжээ бэлхнээ нотолно. Бид өөрсдөө бүү хэл хойч ирээдүй болсон балчир үрсдээ буруу хооллолт, буруу хэвшлийн үлгэр дууриал, дадлыг өдөр тутамдаа суулгаж байгаа гэмтэй улс.

Мөнхөө багшийн номд хэрхэн эрүүл мэндэд ээлтэйгээр хоол бэлтгэх тухай энгийн үгээр нарийн тайлбарласан нь энд тэндээс элдэв жор хайж гүйх цаг зав хэмнэнэ. Хоол хүнсний зөв хэвшлээс гадна хүн гэдэг бодгалийн эрхэм чухал зүйл сэтгэл санаа. Сэтгэлээрээ сэргэж, сэтгэлээрээ жаргаж, сэтгэлээрээ зовж бас сэтгэлийнхээ хүчээр амьдарч байгаа бидний сэтгэлд нөлөөлж болох бүхий л хүчин зүйлсийг “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном өгүүлнэ. Сэтгэл санаанд хамгийн их нөлөөлдөг нь хүн хоорондын харилцаа. Та бидний нэн тэргүүний харилцагч болох хань ижлийн тухай Мөнхөө багш чухал зөвлөгөө өгчээ. Хань ижил гэж чухам хэн юм бэ? Нэгэн биений минь нөгөө тал гэж дуулж магтдаг хань ижил гэдэг хүндээ бид өөрсдийн үнэ цэнээр хүндэтгэлтэй, ижил тэгш хандаж чадаж байна уу? Хайр сэтгэлээр хахаж дурласан хань ижил минь амьдралын уртад хүссэн хүлээсэн миний хамтран тоглогч мөн үү гэж асуух, эргэлзэх өдөр олон хүнд төрдөг. Чухам энэ эргэлзээ сэтгүүлч миний амьдралд ч хэдэнтээ тулгарч, хэрхэн даван туулах арга замаа олохгүй будилсан жишээ надад бий. Хүний хүсэл мөрөөдлийн охь болсон хайр сэтгэлийн хөөрөлд цаг хугацаа байдгийг Мөнхөө багш хэлжээ. Дурлал яагаад хөрдгийг, хөрөх байсан юм бол яагаад анх тэгж оргилон буцалдгийг “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном тун ойлгомжтой өгүүлжээ. Хүн гээч байгалийн амьтан юм хойно үр удмаа үлдээх зорилгын үүднээс хайрын даавар 1,5-2 жилийн хугацаанд оргилдог аж. Дурласан нэгнийхээ буруу үйлдэл, алдаа эндэгдлийг хүртэл хайрлан бахдаж байж үржих хүсэл сонирхол хүнд төрдөг байна. Харин хайрын хөөрөл буурах цаг ирэхэд эхнэр нөхрүүд харилцаагаа хэрхэн цааш үргэлжлүүлэхээ мэдэхээ байж мухардалд орох жишээ цөөнгүй бий. Энэ үед мухардсан, хөрсөн тэр харилцаагаа хэрхэн аварч, хань ижил гэдэг хосоороо оршихын утга учрыг ухамсартайгаар үргэжлүүлэх арга ухаан хүртэл энэ номд бий. Уг нь хайрлаж дурлаж явах үедээ, хараахан гэр бүл зохиогоогүй байхдаа уншиж, гэр бүлээ ухамсартайгаар төлөвлөхөд Мөнхөө багшийн зөвлөгөө илүү өгөөжтэй. Гэхдээ энэ номыг янз бүрийн насны хүмүүс унших нь мэдээж хэрэг юм. “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном хайр сэтгэл, хань ижлээс гадна хүүхэд гэдэг цоо шинэ ертөнцийн тухай хичээл заана. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг нийгмийн дүрэм гэр бүлд шударгаар мөрдөгдөж байж аз жаргалтай гэр бүлийг цогцлоох боломж сая бүрддэг. Энэ дүрэм цоо шинээр мэндэлсэн хүүхдэд бас эрх тэгш үйлчлэх ёстой. Тэгж байж гэр бүлийн гишүүн бүр сэтгэл хангалуун байж гэр бүлийнхээ, ээж аавынхаа үнэ цэнийг мэдрэх учиртайг Мөнхөө багш хэлжээ. Эхнэрийнхээ, нөхрийнхөө, үр хүүхдийнхээ юу хүсэж байгааг үргэлж сонсож, хүндэтгэлтэй хандах нь тухайн гэр бүлд элдэв дарамтгүй эрх чөлөө оршин тогтнох үндэс болдог аж. Гэр бүлийн уур амьсгалд бас нэг чухал нөлөөтэй хүчин зүйл бол хадамтайгаа харилцах харилцаа. Хайртай үрийнх нь гэр бүл болсон хүн хадам ээж, аавдаа туйлын хүндэтгэлтэй хандах нь хань ижлийнхээ өмнө хүлээсэн чухал үүргийн нэг мөн. Тийм учраас ахмадуудыг хэрхэн ачилж, сэтгэл санааг нь өргөх тухай заавар ч энд бий. Ахмад настны сэтгэл санаа дундаж насныхнаас юугаараа ялгаатай, ямар онцлогтой байдгийг Мөнхөө багш тодорхой хэлж өгчээ. “Эрүүл энхийн шинэ ертөнц” номыг мөхөс би нэг удаад уншаад тунгаасан зүйл энэ төдий. Амьдралын цаг мөч бүрт тулгардаг олон асуултын хариуг бүхэлд нь багтаасан энэ номыг би амьдралынхаа гарын авлага болгож ширээний номоо болгохоор шийдсэн. Би амьдарч байна. Тэгэхээр иднэ, унтана, хэрэглэнэ, уншина, сэтгэн,э бусадтай харилцана, бас дурлана. Тэгэхээр миний амьдралд үүсэх энэ олон үйлдэлд гарын авлага болох олон зөвлөгөөг шат шат, алхам алхмаар сануулсаар байх Мөнхөө багшийн зөвлөгөөнд талархъя.

Сэтгүүлч А.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан