Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г. АДИЛБИШ: “ӨӨРИЙН БРЭНД ХООЛЫГ БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ”

Тогоочийн ажил мэргэжлийг хэрхэн сонгох болсон тухай уламжлалт асуултаар яриагаа эхлэе!
Намайг тогооч болоход ээж минь нөлөөлсөн. Манай ээж нийтийн хоолны мэргэжилтэй хэрнээ энэ салбартаа ажиллаагүй, гэхдээ их сайхан хоол хийдэг, гэртээ хоолны цэс гаргаад биччихсэн байдаг байлаа. Анх би чинь 1998 онд Дарханд дулааны инженерийн мэргэжлээр сургуульд орсон.  Тэгээд тэнд сурч байх үед ээж намайг нэг эргэж ирэхдээ миний идэх дуртай кильки бас өвчүү чанаад авчирсан. Гэрээсээ хол эрэгтэй хүүхэд учраас ээжийнхээ авчирсан хоол цайг жигтэйхэн л идсэн юм шиг байгаа юм. Ээж тэгсэн чинь, -“Миний хүү чинь их өлсөө юу даа, миний хүүд уул нь тогооч мэргэжил их зохих байгаа юм даа” гэж хэлсэн.  
Тэгээд л ээжийг явсаны дараа бодоод л ерөөсөө буцая тогооч болоё гэж гэнэт шийдээд л вагонд суугаад яваад өгсөн. Гэртээ харьсан чинь ээж, хүүе юу болоод сургуулиа орхиод ирэвээ гээд л. Тухайн үед ээж бас надтай уулзахдаа яг шууд сургуулийг нь орхиулаад тогооч болгоё гэж ч шийдээгүй л хэлсэн байсныг би яахав дээ шууд өөртөө шийдвэр гаргаад л сургуулиа хаяад л хүрээд ирсэн дээ. Тэгээд та чинь намайг тогооч болгоно гээ биз дээ гээд л бас инээдэмтэй юм болж байлаа. Ингээд шууд тогоочийн сургалтанд суусан. Төгсөөд л шууд “Идэр” зоогийн газраас ажлын гараагаа эхэлсэн. 
Тэгвэл ер нь ээжийн хоол хийх авьяас, өөрийн сонирхол их нөлөөлжээ.
Айлын том хүүхдийн хувьд дүү нараа бодвол багаасаа л хоол ундтай ойр өссөн. Ингээд 1999 оноос тогоочоор ажиллаж байгаад ер нь би сургуульд сурч мэргэжлээ сайжруулах ёстой юм байна, сургууль соёлд сурахгүйгээр бас хүн цааш явахгүй юм байна гэдгээ ойлгоод 2007-2009 онд Хүнсний технологийн коллежид Хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр сурсан. Дан ганц дадлагаар биш онол, мэргэжлийн хувьд мэдлэгтэй, технологио мэдэж байж хүн мэргэжлээрээ амжилт үзүүлнэ гэдгийг ойлгосон. Сурч байх үедээ 2008 онд Хоол үйлдвэрлэлийн сургуулиудын дунд зохиогддог улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа. Үлгэр жишээ сурагч нь байлаа, одоо ч хүндэт самбарт зураг минь байдагт баярладаг. Төгсөөд энэ мэргэжилдээ дуртай учраас цаашид улам сурч мэдэх хөгжих гээд хичээж явна.


Ямар зоогийн газар, байгууллагат ажиллаж байв? Ажлын туршлагаасаа хуваалцвал...
“Монгол шилтгээн” зочид буудалд 2 жил ажилласан нь миний хувьд чухал үе байсан. Тэнд их зүйл сурч олон сайхан хамт олон найз нөхөдтэй болсон.  Мөн Туушин зочид буудал, Best Western ресторанд ажиллахдаа гадаад мэргэжилтэн, Франц тогооч Алан Денисийн удирдлага дор ажилласан. Миний нэг зорилго бол Монгол хоолоо түгээн дэлгэрүүлэх, монголд ирсэн жуулчдад сайхан монгол хоолоор үйлчлэх сонирхолтой. Жишээ нь цезарь салат гээд дэлхийд түгсэн салатыг хүн бүр мэддэг шиг ааруул, монгол бяслагаар хийсэн салатыг яагаад бид түгээж болохгүй гэж. Монголчууд дэлхийн талыг байлдан дагуулж байсан юм чинь орчин цагт монгол хоолоор дэлхийг дайлж болно шүү дээ. Зөвхөн монгол хоолноос гадна ер нь тогооч хүн бүх л төрлийн хоол хүнснийг бэлтгэж сурах хэрэгтэй гэж боддог учраас ази европ монгол гээд олон чиглэлээр ажилладаг. Мөн Хятадуудтай ажиллах үед шанаган тогооны хоолоо хийгээд явчихдаг. Хятадуудын хооллох үндсэн зарчим өмнө нь аягатай будаа, ширээн дээр дор хаяж хоёр төрлийн шөл буцалж, үндсэн хоёр гурван төрлийн хоолнуудаас гадна олон төрлийн дарсан ногоонууд байх жишээтэй. Шанаган тогооны хоолыг бас нилээн хийж сурсан. 
Чиний хувьд жуулчидтай хамт монгол орноороо аялаж, ажиллаж яваа зургуудыг чинь харсан...
Монголын зураачдын эвлэлийн Хөх сувд аялал, Морины соёлын замаар, Цэнхэр салхи, Монгол говь аяллуудыг ахалж явж олон жил ажиллаж байна. Мөн морин аялал, монголд загасчлах аялалаар ирж байгаа жуулчдад монгол тогоочоор хувиар үйлчилж ажилладаг.
Жуулчдыг сайхан хоолоор гайхашруулах тохиолдлууд байна биз? 
Өглөө сэрэхэд нь халуун цай, дөнгөж хайрсан халуун монгол боорцогоор дайлахаас эхэлдэг. Монгол боорцогтоо жаахан ванил, синнамон ч юмуу нарийн боовны орцноос бас нэмээд өгөхөөр амт үнэр нь сайхан болоод ирдэг. Хэзээ хийчихвээ, ямар шинэхэн юм бэ гээд жуулчид сонирхож иддэг. Мэдээж Монгол хоолоо бас сайхан хийж өгдөг. Хоолоо давтагдахгүй сонин содон байдлаар хийж өгнө. Хуушуурыг дан махаар биш төрөл бүрийн ногоотой, бяслагтай, бууз баншаа бас онцлог гоёоор хийж өгөхийг хичээдэг. Хөдөө, хээр, говьд учраас тухайн нутгийн ургамал халиар жууцай хөмүүл мангир зэргийг шууд түүгээд түүнийгээ жуулчдын нүдэн дээр идэж үзүүлээд, үүгээр та нарын хоолыг амт оруулж сайхан хоол хийнэ гээд хэлэхээр их сонирхоод бас дагаж идэж үзэх жишээтэй. 
Хээрийн нөхцөлд чулууг улайсгаад шөлөнд хийж болгох, хорхогтой цай гэх мэт уламжлалт хоол унднаас бас хийж өгдөг. Бага зэрэг хорхоглосон утаат амт оруулсан хоол хийж өгөх гэх мэтээр өөрөө бас их сэтгэж олон янзаар хийж өгөхийг хичээдэг. Энэ нь миний хувьд ч бас сонирхолтой, бахархалтай байдаг.


Тогооч хүн яах аргагүй бас сайн сэтгэж байж шинэлэг гоё жорууд гаргадаг шүү дээ. Таны хувьд?
Миний хувьд өглөөний цайгаа бодоод төлөвлөсөн байдаг ч өглөө нь магадгүй арай өөр юм хийгээд тухайн цагт өөрчлөөд өөр хоол хийгээд өгөх тохиолдлууд их байдаг. Хайруул дээр талх бариад өгөх жишээний ч юмуу. Талхаа барихдаа хөрөнгөний зуурмагаа шингэн зуураад хурдан сайн хөөлгөж, болц, хөөлт хурдан болгох, зузаан ширмэн тогоонд гамбир хайрах Сэлэнгийн технологи бас тэнд яваад л байх жишээтэй.  Зуурмагт нь өрөм хийгээд өндгөө түлхүү хийгээд нарийн боовны амт үнэр оруулагч хийх гэх мэтээр баяжуулаад л хийдэг. 
Хэрхэн сайн тогооч болох вэ? Ямар чанарууд үүнд нөлөөлөх вэ? 
Миний бодлоор хүнээрээ байх нь чухал, шударга байх, ажил мэргэжилдээ үнэнч байх ёстой. Жишээ нь намайг сурч байхад 20 орчим хүүхэд манай ангид сурч байсан ч янз бүрийн шалтгаанаар, шантрах зэргээс болоод цөөнгүй хүүхэд сургуулиа орхисон. Заримдаа гал тогоонд орж ирээд л хоёр гулууз мах шулах болоход л, өө би маханд муу, яаж хийнээ болоод л явчихдаг. Хурдан залхаад л энийг яаж хийх юм бэ гэх жишээтэй. Тиймээс үнэхээр зүрх сэтгэл нь энэ ажлынхаа төлөө цохилдог байж л сайн тогооч болно. Унасан ч боссон ч явж л байж үр дүн, ач тус нь гарна. Би жишээ нь гурилаас харшилтай, гурил пургихад л найтаалгаад хамар загатнаад харшдаг. Гэхдээ энийг би хэлээд байдаггүй, өөрийн минь сонгосон мэргэжил үүндээ би хайртай учраас гуриланд харшилтай гээд орхиж болохгүй ш дээ. Одоо ч өөрөө харшихгүйгээр эвийг нь олоод гурилаа бэлтгээд бас сурсан. Их гурил цацаад л эхэлбэл балрана шүү дээ.
Хэр мөрөөдөгч вэ, олон сайхан зүйл төлөвлөж мөрөөдөж явдаг байхаа? 
Би чинь их мөрөөдөгч шүү дээ. Яг миний гаргасан нэг хоол энд тэнд очиход байж байдаг бол гоё санагддаг. Жишээ нь өөрийн гэсэн нэг ийм онцлог амталгаатай хоол Адилбиш тогоочийн жор шүү гэсэн зүйлийг бий болгох. Гэхдээ яг миний арга барилаар шарсан хавирга 4- 5 газар яг байдаг шүү. Хонины гуя шарахад хүртэл ингэж амт тохируулаад чаналт, шаралтыг нь зөв тохируулбал ийм гоё болдог юм шүү гэх мэт өөрийн арга барил бий. Өөрийн брэнд хоолоо бий болгох сайхан мөрөөдлөө биелүүлээд эхэлсэн байна даа.

3 Сэтгэгдэл
Ангижаваараа бахархдаг шүү. Дэлхийд данстай мундаг тогооч болоорой гэж ерөөе.
Найздаа ажлын амжилт мундаг шүү
Mundag yumaa naizdaa ajil amidrald ni hamgiin sain saihan buhniig husie
Хамгийн их уншсан