Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хубилай хаан” медалийг жилд хоёр удаа олгох нь

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар ээлжит Их чуулганыг энэ сарын 13-ны өдөр хуралдуулж академийн гишүүний ээлжит сонгуулийг явуулахаар тогтсон билээ. Журмын дагуу ШУА-ийн гишүүнд нэр дэвшигчдийн бүтээлд үнэлэлт өгөх ажлын хэсгийг академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатараар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг академийн гишүүнд нэр дэвшигчдийн бүтээлд өгсөн үнэлэлт дүгнэлтээ 12 дугаар сарын 13-нд болох Их чуулганд танилцуулах юм. Мөн хурлаар Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц болон Монгол-Оросын хамтарсан палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг 2019 оны 8, 10 дугаар саруудад тэмдэглэхээр шийдвэрлэв. Тус ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидаар ахлуулан байгуулж, ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батласан байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаар тогтоолоор Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн болон палеонтологийн эрдэм шинжилгээний хамтарсан хайгуулыг ажиллуулахаар шийдвэрлэснээр эдгээр судалгааны экспедициудын үндэс анх тавигдаж байсан аж. Мөн энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар ШУА-ийн шагналууд ба тэдгээрийг олгох журмыг хэлэлцэн батлав. Энэхүү журмын дагуу жил бүр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын үр дүнг үнэлэн ШУА-ийн шилдэг судлаач болон шилдэг залуу судлаачаар шалгаруулан өргөмжлөнө. ШУА-ийн шилдэг судлаачийн өргөмжлөлийг 1500 000 төгрөг,  Шилдэг залуу судлаачийн өргөмжлөлийг 1000 000 төгрөг дагалдахаар шийдвэрлэжээ. Энэхүү журмаар шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол улсын болон гадаадын эрдэмтэн мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнийг Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнаж байхаар тогтов.  Шагналыг их хаан Хубилайн төрсөн өдөр болон Шинжлэх ухааны Академи байгуулагдсан өдрийг тохиолдуулан жилд 2 удаа нийтдээ Монгол улсын 2 хүртэл, гадаад улсын 2 хүртэл хүнд олгохоор шийдвэрлэв.

Мөн шинжлэх ухааны тодорхой салбар, чиглэлийг үүсгэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, судалгааны үр дүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглээнд нэвтэрсэн Монголын эрдэмтэн судлаач, манай эрдэмтэдтэй хамтран өндөр үр бүтээлтэй олон жил ажилласан, эсвэл Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын эрдэмтэнд ШУА-ийн Хүндэт доктор цол олгож байхаар шийдвэрлэв.  Хүндэт доктор цолыг Монгол улсын 4 хүртэл эрдэмтэнд шинжлэх ухааны ажилтны өдрөөр, гадаад улсын 4 хүртэл эрдэмтэнд тухай бүр олгож байхаар тогтжээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан