Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сарангэрэл:Эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлээгүй, эвхдэг оронд авч байгаа

Ханиад томуугийн дэгдэлтийн үед бага насны хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Энэхүү асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох асуудлыг шийдвэрлэ” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгажээ. Энэ асуудлын талаар мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын талаар салбарын сайд ийн мэдээлэл өглөө.

“Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3 хувьтай байна. Улаанбаатар хотод 7.1 байгаа. Амбулаторийн нийт үзлэгийн 9.3 хувийг эзэлж байгаа. Эрүүл мэндийн яам долоо хоног тутам томуугийн дэгдэлтийн судалгааг 70 нэгжид хийж байна. Тандалт судалгааны үр дүнгээр амбулаторийн үзлэгийн 15 хувийг эзэлбэл хөл хорио тогтоодог. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9.3 хувь байгаа ч Төв, Дорнод аймагт 15 хувьд хүрсэн. Энэ нь хөл хорио тогтоох нөхцөл байдал гэсэн үг. Нийслэл хотын хэмжээнд 977 хүүхдийн ор бэлтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдлээ. Орны ачаалал нэмэгдэж хэтрэлт 73 хувьтай байсан.

Энэ долоо хоногт харьцангуй аядуу эхэлж байна. Орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа. Гурван жилийн өмнө эмнэлгийн коридорт авсан зургийг сошиалд их байна. Эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлээгүй. Өмнөх жилүүдээс харьцуулбал эвхдэг оронд авч байна. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй учраас гал унтраасан маягаар хүүхдээ авч байна. Эмч, сувилагч, сургалтын өрөөг чөлөөлсөн. Өдөр шөнөгүй босоогоор, маш их стресс дунд ажиллаж байгаа эмч нарыг бас ойлгох ёстой байх аа. Эмч нарын хэлж буйгаар нэгдүгээр сарын 02-07-ны өдрүүдэд ханиад томууны өвчлөл маш их нэмэгдсэн. Энэ нь эмч нарын хэлж буйгаар эцэг эхчүүд шинэ оны үеэр хүүхдүүдээ гадуур авч гарсан, мөн дааруулсан, олон хүнтэй газраар дагуулж явснаас болсон гэж үзэж байгаа.

Хүн амын дунд таван төрлийн вирус эргэлдэж байна. Үндсэндээ амьсгалын дээд болон доод замыг гэмтээдэг. Үүнээс болоод бага насны хүүхдүүд маш хурдан хатгаа болж хүндэрч байна. Хавар ч гэсэн хүний дархлаа унадаг учраас аль болох олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийхгүй, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх, хувийн ариун цэврийг сахих, гэртээ болж өгвөл шүүлтүүр тавих зэргээр урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Цаашдаа вирусийн өвчлөл дэлхий дахинд их байгаа учраас гал унтраах байдлаар явж болохгүй гэж үзсэн учраас 500-аас доошгүй ортой хүүхдийн шинэ эмнэлэг бариулах талаар Улсын онцгой комисст санал гаргаж байна. Мөн вакцины ач тусыг олон нийтэд таниулах, хатгааны эсрэг вакцин хийлгэж урьдчилан сэргийлэх талаар санал гаргасан. Хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулахад зарцуулах, 1.3 сая тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх хүсэлт гаргасныг дэмжсэн. Цалинтай чөлөө олгох асуудлыг харин маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцэнэ” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан