Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Даблью Эс Жи Эл" ард түмнийг тайвшруулах оролдлого хийв үү

-Тэд тусгай хамгаалалттай газраас явсан ч, тусгай хамгаалалттай газар нутагт техник хэрэгслээ буулгажээ-

ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн энергийн төв, аялал жуулчлалын тусгай бүсийн ойролцоо газарт баялаг олборлох гэж байгаа мэдээлэл олныг цочроож, эсэргүүцэлтэй нүүр тулсан. Хоёр хоногийн өмнөөс эрчээ авсан энэхүү мэдээлэл дарга нарыг түргэн авахуулж чадсанаас гадна Шамбалын орны зүүн хойно долоон км-т байрлаж ашиглалтын үйл ажиллагаа эхлэх гэж байсан "Даблью Эс Жи Эл" компанийг техник хэрэгслээ аваад явахад хүргэсэн юм. “Баялаг олборлох зөвшөөрлийг нь цуцална, олгосон газар болон албан тушаалтанд нь хариуцлага тооцно” хэмээн сайд, дарга нар мэдээлж байгаа ч сэтгэл амрах цаг нь болоогүй байгаа бололтой.

Учир нь, өчигдөр тус аймгийн Засаг дарга холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгснөөр тухайн компани контейнеруудаа тусгай хамгаалалттай газраас авч явсан ч эргээд мөн адил тусгай хамгаалалттай газар нутагт техник хэрэгслээ буулгажээ.

Бүр тодруулбал, өмнө нь байсан газраас нь тойруугаар явбал 9 км, шулуун явбал 5 км-т байрлах Улаан толгой гэдэг газар байрласан байна. Үүнийг нь нутгийн хүмүүс бичлэг хийж баримтжуулж авчээ. Түүгээр ч зогсохгүй “Ард түмний эсэргүүцэлтэй тулгарч буй учир өнгөлөн далдалт хийж байрлалаа сольсон байна. Ард түмнийг тайвшруулах оролдлого хийж байна” гэв.

Мөн энэ талаар Дорноговь аймгийн Хамарын хийдийн ловон лам С.Борхүү нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Ажилчдын кемп гэсэн чингэлгүүдээ маш яаралтай нүүлгэж байхаар нь “Ямар шийдвэр гараад кемпээ нүүлгэж байгаа юм. Энэ цаг үед та бүхний асуудалтай холбоотой ямар процесс явагдаж байна” гэтэл “Та бүхэн өөрсдөө зөвшөөрөөгүй биз дээ. Бид үйл ажиллагаагаа зогсоож байна. Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл “Даблью Эс Жи Эл” ХХК руу холбогдож аваарай” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Хятад компани авчирсан юмнуудаа хааш нь зөөж байгааг нь судалтал одоо байгаа газраасаа 4-5 км-ийн цаана аваачиж буулгаж байна.

Тэдний энэ үйлдлийг ард түмний хэл амыг дарж цаг хожих гэсэн явдал гэж бидний зүгээс харж байгаа. Хэрэв нүүж байгаа бол хэдхэн км-ийн цаанаа зөөж аваачих биш хаанаас авчирсан тэр газар руугаа авч явах ёстой биз дээ. Орон нутгийн удирдлагууд “Лицензийг цуцлуулна, болиулна” хэмээн ярьж байгаа боловч хэзээ цуцлуулах нь тодорхойгүй байна. Хууль эрхзүйн хувьд “Даблью Эс Жи Эл” ХХК тэсэлгээ хийж ажлаа эхлүүлэхэд 100 хувь бүрэн эрхтэй байна” гэжээ.

Тэгвэл гурван цагийн өмнө Дорноговь аймгийн ЗДТГ-ын цахим хуудаснаа “ХАМАРЫН ХИЙД БОЛОН АЙМГИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУДАД ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦАЛНА” гэсэн гарчигтай мэдээлэлд “Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” нэртэй МV-020873 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Даблью Эс Жи Эл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Хамарын хийд орчимд байрлуулсан шатахуун нөөцлөх сав, ажилчдын байр зэргийг нүүлгэн шилжүүллээ. Цаашид Хамарын хийд болон аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг шат дараалаан авч хэрэгжүүлнэ” гэсэн байх юм.

Харин тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хоёр хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа “2008 онд олгогдсон Өргөн сумын Аргалийн уулан дахь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Эгшиглэнт уул” ХХК-ийн үйл ажиллагааг 2017 онд зогсоосон. Энэ жишгээр Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт 2007 онд нүүрс олборлох зөвшөөрөл авсан “Оуяашиёоу” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсооно гэдгээ миний бие албан ёсоор мэдэгдэж байна. Орон нутгийн зүгээс холбогдох хууль, хяналтын байгууллага, сумын удирдлагуудад үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.

Өмнөх засаглалын үед аймгийн тусгай хамгаалалтад авсан газар болоод ашигт малтмалын тусгай зөшөөрлийн газраа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлдэггүй байсны улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна. Ард иргэд та бүхэн маань орон нутгаа хамгаалах гэсэн нэг сэтгэлтэй байгаад миний бие талархалтай байна” гэж бичсэн байв. Тэгэхээр энэхүү олны дургүйцлийг хүргэж буй үйл явдлыг таслан зогсоосон баяртай мэдээг тун удахгүй хүргэнэ гэж найдах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан