Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм. 

Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.

  “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болсон. Иргэдийн дийлэнх нь орон сууцаа өмчилж авах хүсэлтээ гаргасаар байна.

Товч мэдээ

-  Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

-  Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. 

-  “Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.

-  Энэ онд 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу  БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.   

-  Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна. 

-  Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан