
УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Тус хурлаар АТГ-ын дарга, дэд даргын тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа “МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг нэр дэвшүүлж, томилохыг дэмжсэн. АТГ-ын хуульд тодорхой шаардлагууд бий. Хууль хяналтын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх гэдэг. З.Дашдаваагийн хувьд ч, Ж.Батсайханы хувьд ч 20-25 жил цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, АТГ-т ажилласан юм билээ. Мөн энэ хоёр албан хаагчийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд огт оролцоогүй юм байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан уу, үгүй гэдэг асуудал байнга яригддаг. Авлигын эсрэг тухай хуулийн 21,1-д АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. 21,5-д АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21,1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэсэн байгаа. Энэ хуулиар АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын дагуу дараагийн даргын асуудлыг хэлэлцэх нь зүй юм гэж үзээд ярилцсан байгаа” гэв.























