
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
“Гурван зүйл ярья гэж төлөвлөсөн. Нэгдүгээрт, АН-ын дотор намын даргын, Ерөнхийлөгчийн сунгаа ямархуу болсон тухай хэлэх шаардлагатай юм байна гэж бодлоо. Хоёрдугаарт, манай АН ямар нам байж байгаад өнөөдөр юу болчихсон байгаа талаар хэлье. Гуравдугаарт, бид цаашдаа яах ёстой юм бэ гэдэг асуудал дээр санал хэлье.
2016 оны сонгуульд АН есөн суудалтай болсон. Үүний дараа АН-ын даргыг гишүүдээсээ сонгоё гэдэг санаа гаргаад сунгаа явуулсан. Тэр сунгаанд би намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Анх 2016 онд Элбэгдоржийг МАНАН мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяа үзээгүй. Намын даргад таван хүн өрсөлдсөн.
Миний хувьд цагдаа, тагнуул, АТГ гээд олон газрын мөрдлөг, дуудлага дор намын даргын сунгаанд орсон. Намын даргын сунгаанд, Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар 2016 оны 11 сарын 30-нд намайг АТГ дуудаж сэжигтэн болгож байсан. Сэжигтэн хүн намын даргад өрсөлдөх нь гэж пиар хийх юм байна гэж бодсон. Яг л миний бодсоноор хийсэн. 2017 оны 1 сарын 29-ний өдөр санал хураалт болох гэж байхад гурван өдрийн өмнө намайг АТГ дээр дуудаад “Таныг яллагдагч болголоо шүү” гэж хэлсэн. Энэ нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын босгосон хонгилын ажиллагаа байсан юм. АН-ын даргын сунгаанд тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Элбэгдорж нар хууль хяналтын байгууллага, шударга бусын хонгилоо ашиглаж оролцсон.
Харин нөгөө талд С.Эрдэнэ намын дарга болохын тулд намайг намын байр зарж идсэн гэдэг мессэжийг өгсөн. Тэр үед нь за яахав гээд л өнгөрөөсөн. Гэтэл өнөөдөр улс орон даяар АН-ын дарга гэдэг нөхөр намайг намын байр зарж идсэн мэтээр зарласан учир намын нөхдөөсөө хүлцэл өчиж энэ асуудлыг олон нийтэд ил болгоё гэж шийдсэн нь энэ.
Тухайн үед мөн намын даргын сонгуулийг луйвардсан. Нэг дүүрэг дээр гэхэд надад 300 санал, харин Эрдэнэд 3000 санал бичсэн байдаг. Тэр үед би юу ч дуугараагүй. АН-ын даргаар С.Эрдэнийг их хурлаар ч батламжлаагүй байхад М.Энхболд хадаг, мөнгөн аягатай сүү барьж байсан. Үүнийг мартаж болохгүй.
Ерөнхийлөгчийн сунгаа яаж болсныг ч хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Намайг Ерөнхийлөгчийн сунгаанд унагаах бүх аргыг Элбэгдорж зохион байгуулсан. Хэнийг хаана өрсөлдүүлбэл Алтанхуягийн саналыг хуваах вэ гэдгийг маш сайн тооцож хийсэн. Бас л луйвар хийсэн. Санал хураахын өмнөх өдөр намын гишүүдэд Амаржаргалыг дэмжинэ шүү гэдэг командыг өгсөн байдаг. Мянга мянган гишүүд маань үүнийг мэдэж байгаа. Харин азаар дундуур нь Баттулга гарч ирсэн. Ерөнхийлөгч болсных нь дараахан зөвлөхөөр нь ажилласан. 2017 оны зунаас хойш намын ажилд оролцоогүй. Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод намын ажил руу ороод яахав гэж бодсон хэрэг.
Намаа шинэчлээч гэж олон хүн надад хандаж байсан. Хоёр жил би намын ажилд оролцоогүй.
2014 онд манай Засгийн газрын маш их заналтайгаар огцруулж байсан. Тэр Засгийн газарт ажилласан хоёр, гурван сайдыг УИХ-ын санал хураалтад оролцуулахгүйгээр барьж авч үлдсэн байдаг. Тэрний нэг болж баригдаж үлдсэн хүн нь С.Эрдэнэ. Үүнийхээ шанд дөрвөн жил Засгийн газарт үргэлжлүүлэн ажилласан. Засгийн газраа огцруулбал чи цаашаа сайдаар үргэлжлүүлэн ажиллана, хийхгүй бол чиний булайг дэлгэнэ гэсэн ийм л зүйлд Монголын нийгэм орсон.
Нам гэдэг чинь улс төрийн бодлого, хөгжил ярьдаг байх ёстой. Гэтэл АН өнөөдөр ямар байна вэ. Улс орны хөгжил, бодлого, иргэдийн ахуй амьдрал ярихаа больсон. 60 тэрбумыг, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл мэтээр ярьдаг болсон. Үүнийг АН гэж хэлэхгүй. АН-ыг дээрэмдэж авсан дээрэмчдийн хийж буй үйлдэл. Олон мянган гишүүдийн итгэл сэтгэлээр тоглож байна.
АН-ын удирдлага намыг нам биш болгож байна. МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Энэ бол гутамшиг. АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Энэ одоо юу гэсэн үг вэ. Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж байна. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг. Гишүүддээ сургалт явуулахын тулд 60 сая төгрөг босгож байна. Энэ мөнгийг босгохдоо ҮБХ-гийн гишүүн, намын хорооны гишүүн, жирийн гишүүдээсээ авна. Ийм нам байхгүй. Монголд байтугай, дэлхийд ч байхгүй. Нам биш мөнгөний сүлжээ болсны илрэл. С.Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын, халамжийн байгууллагын сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй ээ.
Намаасаа хасдаг, хөөдөг болсон. Батзандан, Болд нарыг намаасаа хөөж, хасч байгаа юм. Тэднийг хөөснөөр нам бүлэггүй болсон. Бүлэггүй болох нь хэнд ашигтай юм бэ. МАНАН, Элбэгдорж, Эрдэнэ, Энхболд гуравт л ашигтай. Сөрөг хүчний албан ёсны дуу хоолой алга болчихож байгаа юм. Зориудаар алга болгосон. Тэр битгий хэл жирийн гишүүдээ хасдаг болсон.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар энэ Элбэгдорж, Энхболд, Эрдэнэ гуравт хариуцлага тооцооч ээ. Яачихаад байгаа юм бэ. Яагаад шударга ёс Монголд ялж болдоггүй юм бэ. Энэ гурван хүнд хариуцлага тооцоогүй цагт Монголд шударга ёс тогтохгүй.
Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт нэг юм хэлмээр байна. Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа та нарт АН дэндүү томдоно шүү. АН гэдэг чинь ардчилсан хувьсгалыг манлайлж Монголын нийгмийг сэрээсэн нам. Одоо шударга ёс тогтоох түүчээг эхлүүлэх ёстой нам. Та хоёр энэ нам руу битгий хуруу хумсаа дүрээд бай.
С.Эрдэнэд хандаж бас үг хэлмээр байна. Эрдэнэ чамайг би дэндүү сайн мэднэ. Гэмт бүлэглэлийн гар хөл болж дохио зангаагаар юм хийхээ боль. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга. Чамайг зайлуулна” гэв.























