
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу шинэ нам өнөөдрөөс зөвлөлтэй болжээ. Мөн өнөөдөр энэхүү шинэ намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд надад маш олон иргэдийн санал ирлээ. Шударга гишүүдтэйгээ нэгдээч гэсэн саналууд ирсэн. Ганц мод гал болж, ганц хүн айл болдоггүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд өөрийн биеэр мэдэрлээ. Улс төрийн ганцаардал гэдэг маш хэцүү зүйл байдаг юм байна. Маш удаан хугацаанд ажиглаж, судалсны үндсэн дээр Ж.Батзандан, Л.Болд нартай хамтрахаар шийдлээ. Тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраая гэж бодлоо. Цаашид маш олон ажлыг хамтран хийх болно гэдгийг хэлье” гэлээ. Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нар энэ амралтын өдрүүдэд баруун таван аймгуудад ажиллахаар болсон байна.























