
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 33 тэрбум төгрөгийн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “33 тэрбумын хэрэг гэж байхгүй. Бондтой ямар ч холбоо байхгүй. Х.Энхжаргал гэдэг хүн халагдахынхаа өмнөх өдөр ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй.
2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан. Бондын мөнгө 2012 онд орж ирсэн. Зарцуулагдаагүй байсан мөнгө яаж хэрэг болох вэ. Бондын төгрөг, доллар болгон эзэнтэй. 33 их наядынхаа эздийг зарла гэж би хэллээ. Энэ бол популизм биш. Энийг МАН хүсээд байгаа бол бүрэн хийх боломжтой. УИХ-дээр шоу болгож ярьж болохгүй, хариуцлагатай хүмүүс. Тиймээс битгий худлаа яриад бай, ил болго гэж хэлсэн.
Харин ч энэ 33 дотор бондын мөнгө шиг ил тод зарцуулагдаад бүтээн байгуулалт нь болоод 3 мянга гаруй км төмөр зам тавиад 80 мянган айлын дэд бүтцийг барьсан шиг ийм амжилттай бүтээн байгуулалт Монгол Улсын түүхэнд байхгүй.
Бүх зарцуулалт нь тухайн үеийн УИХ-д ил болсон байгаа. Ийм асуудал ярьж байгаа хүмүүс харин 33 их наядыг ил болгоод хэн гэдэг бизнесмэн байгааг ил болгоод, зарлах хэрэгтэй. Х.Энхжаргал гурван жил АТГ-т ажиллачихаад халагдах өдрөө ийм мэдэгдэл хийж болохгүй. Гурван жилийн турш юу хийж байсан юм бэ. Ажлаасаа халагдахгүйн тулд, ийм чухал зүйл илрүүлсэн байхад намайг халах гээд байна гэж ойлгуулах гэж ийм мэдэгдэл хийж байгаа гэж харж байна” хэмээн хэлэв.























