Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

133 дугаар сургуулийн барилгын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх үүрэг өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль дээр ажиллаж, эцэг эхийн төлөөлөлтэй уулзав. УИХ-ын даргыг дагалдан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, Хөрөнгө оруулалтын газар, Газрын албаны холбогдох албан тушаалтнууд ажилласан юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 22.000 гаруй хүн амтай бөгөөд үүний 5000 гаруй нь сургуулийн, 2800 орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд аж. Гэтэл эдгээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар эцэг эхчүүд хэлэв. Тодруулбал, хорооны нутаг дэвсгэрт ганц ч цэцэрлэг байхгүй. “Монгол тэмүүлэл” олон улсын лаборатори сургууль болон 133 дугаар сургууль гэсэн төрийн өмчийн хоёр сургууль нэг хичээлийн байранд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан, 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхрын 15 танхимд гурван ээлжээр хичээллэж байна.

Тус хороонд энэ онд нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байна. Газрын асуудлыг шийдэж, сургуулийн барилгыг барихгүй бол эдгээр хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөх ноцтой эрсдэл үүсээд байгаа юм. Мөн 133 дугаар сургуулийн сурагчид нэг ширээнд 4-5-уулаа сууж байна. Самбараас хичээлийн ширээ хүртэл 60 см зайтай. Багш нарын амрах өрөө байтугай, өөрийн гэсэн анги танхим гэж байхгүй аж. 26 дугаар хорооны сургууль гэж улсын төсвөөр барилгын ажил нь явагдсан ч ашиглалтад орохдоо "Монгол тэмүүлэл" сургууль руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, газар нь 133 дугаар сургуулийнх, барилга нь “Монгол тэмүүлэл” сургуулийнх болж таарч байгаа юм.

"Монгол тэмүүлэл" нь БСШУСЯ-ны харьяа бол, 133 дугаар сургууль нь нийслэлийн Боловсролын газрын харьяаных. Шинээр сургууль барих гэхээр газрын асуудал нь шийдэгдэхгүй байгааг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг сургууль, эцэг, эхийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэж шаардлага, албан бичиг өглөө. Тодруулбал, 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх шаардлагыг тавьж байгаа бол “Монгол тэмүүлэл” сургууль нь 133 дугаар сургуулийн барилгыг 2019-2020 оны хичээлийн жил эхлэхээс өмнө барих асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байгаа юм.

Хоёр сургуулийн хэвийн үйл ажиллагааг доголдуулахгүй байя гэвэл алийг нь ч нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй тул газрын асуудлыг шийдэж, шинэ сургууль барих нь хамгийн оновчтой шийдэл болохыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн юм.

133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК-ийнхан манай эзэмшлийн газар гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд оржээ. Газрын асуудлыг шийдээд өгчихвөл 133 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа “Неман” констракшн ХХК-ийн захирал Л.Баясгалан хэлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсад сүүлийн жилүүдэд бүх салбарт хоёр өөр стандарт байдаг болчихлоо. Үүний нэг илрэл нь энэ хоёр сургууль байна. Нэг байранд хоёр өөр стандарттай сургууль хамт байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна. УИХ  ярьдаг биш, ажилладаг байх ёстой. Зөвхөн хууль гаргаад орхихгүй, түүнийхээ хэрэгжилтийн араас явдаг байх ёстой. Иймд бид газар дээр нь ирж ажиллаж байна. Ирэх долоо хоногт газрын асуудлыг нь шийдэж, барилгын ажлыг нь эхлүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад өгч байна. Зуны сар зургаа биш учраас 10 сар гэхэд хүүхдүүд шинэ хичээлийн байрандаа орсон байхаар ажилла” хэмээн үүрэг өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох аж ахуйн нэгжүүдэд нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай шаардах албан бичгийг хүргүүлсэн. Боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тухайгаа танилцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан