Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Улс төр рүү орж байж амьдардаг, бизнес нь бүтдэг тогтолцоог бид халах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Блүүмбэрг Монгол” телевизийн зохион байгуулсан“Шинэ эдийн засгийн форум”-ын төгсгөлийн дүгнэх цаг хэсэгт оролцож, хаалтын үг хэллээ.

Энэхүү форумыг Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим, Франц-Монголын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Форумыг зохион байгуулагчдын зүгээс “Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хэлэлцлээ хэмээн тодотголоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид хөрөнгө оруулагч, эдийн засагч, удирдлага, нөлөөлөгч зэрэг бүлгүүдэд хуваагдан бүтэн өдрийн турш тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумыг хааж үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Шинэ эдийн засгийн форумыг зохион байгуулсан, оролцсон Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр өглөө форумын үйл ажиллагааг нээх байсан хэдий ч форумын үйл ажиллагааг ажиглаж байгаад хаалтын үг хэлье гэж бодсон юм.

Эдийн засгийн тэлэлт юу, юунаас чухал байгааг Та бүхэн ярьж байна. Бид уул, уурхай гэж олон жил ярьж явсан. Уул, уурхайн салбар байх ёстой хэдий ч энэ салбараас олж буй хуримтлалаа бид юунд зарцуулж байгаа вэ гэдэгт анхаарах цаг болсон гэдгийг юун түрүүнд сануулмаар байна.

Мөн хөдөө аж ахуй маш том, уламжлалт салбар хэдий ч энэ салбарт үндсэндээ ямар ч ажил хийгдээгүй өдийг хүрч байна. Өнөөдөр арьс, хонины нэхий 500 төгрөг хүртэл буурч, үхрийн цул мах нэг кг нь 16 мянган төгрөг хүртлээ өслөө… гээд наад захын маш олон асуудал гарч байна. Төр бодлого, чиглэлээ гаргаж, түүнийгээ бизнесийн салбартай хэрхэн уялдуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын төр өнгөрсөн 30 жилд маш олон тогтоол, шийдвэр гаргасан. Гэвч, хэрэгжиж байгаа зүйлгүй. 2010 онд хамтарсан Засгийн газар ажиллаж байхдаа маш сайн тогтоолууд гаргасан хэдий ч 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ганцхан тогтоол л хэрэгжсэн. Бусад нь эхлээгүй, ажил болоогүй. Ингээд сонгуулиар дараагийн УИХ, Засгийн газар бүрэлдэж өөр чиглэл рүү явчихдаг. Бодлого ийм тодорхой биш байхад бодлого дагаж хөгждөг бизнесүүд өндийхгүй л болов уу.

Өнөөдөр бид жилдээ 14-16 сая ширхэг арьсыг түүхийгээр нь буюу боловсруулахгүй экспортолж байна. Хэрвээ нэмүү өртөг шингээх юм бол маш том валютын урсгал нэмэгдэнэ. Тиймээс эдгээр ажлуудыг ярихаас илүүтэй хийж эхлэх хэрэгтэй байгаа юм. Арьс, ширний экспортоор жишээ авахад, Дарханы Засаг даргатай болон Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөөд тэнд боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газар ирэх оноос өмнө 500 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулах амлалт өгсөн. Яг энэ асуудлаар өчигдөр Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзаж ярилцсан тул удахгүй шийдвэр гарах байх гэж найдаж байгаа.

Мөн төмөр замын асуудал бий. 2010 онд анх удаагаа Монгол Улс өөрсдөө Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо баталсан. Харамсалтай нь “нүүрсний” хамааралтай олон бизнес эрхлэгч, улстөрчдөөс болж дээрх бодлого гацсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд анхаарч хөндлөн төмөр зам буюу Цогтцэций /Тавантолгой/-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг тавих Засгийн газрын шийдвэр ямартай ч гарлаа. Харин хөрөнгө оруулалтын хувьд хүүтэй мөнгө зээлж, зээлийг дагасан гадаадын ажиллах хүчний зэрэг асуудлаас үүдэн өртөг өндөр байдаг тул бид энэ удаад төмөр замын хөрөнгийг дотооддоо шийдэж байна. Өөрөөр хэлбэл, янз бүрээр хэлэгдэж, гадаадад үнэгүй шахуу очих гэж байсан Тавантолгойн ашгаас 700 орчим тэрбум төгрөгөөр буюу хүүгүй мөнгөөр хөрөнгө оруулж, монгол ажилчид, монгол инженер болон батлан хамгаалах салбарыг оролцуулан бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Мөн 2010 онд дагуул хотуудын асуудал УИХ-аар яригдсан. Энэ жил Улаанбаатар хотоос 43 км зайтай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Майдар хотыг барьж эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийг УИХ-аар баталчих юм бол хөрөнгө оруулагчдад дорвитой мэдээлэл болно.

Та бүхэн энэ форумын үеэр гадаад орчны асуудлыг мөн хөндөн ярилцаж байсан. Би БНХАУ-д айлчлах үеэрээ “Бүс ба зам” уулзалтад оролцсон гэдгийг Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ үеэр БНХАУ импортлогч орон болсноо дэлхий дахинаа зарлалаа. Энэ улс өөрсдийн хийсэн зүйлсээ дэлхий даяар зарж борлуулдаг байсан бол импортлогч улс болж байгаа гэдгээ зарласныг Та бүхэн мөн соргогоор хүлээн авсан байх гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудалд Гадаад харилцааны яам, Элчин сайдууд анхаарал хандуулж тухайн улсын технологийг Монгол Улсад нутагшуулж, хамтарсан компани байгуулах асуудалд мөн анхаарах хэрэгтэй юм шүү. Баруун аймгаас гэхэд 3000 км туулж Улаанбаатарт ирээд бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс бид баруун, зүүн алслагдсан аймгийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д улсад оруулах, борлуулах асуудалд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн асуудлыг ярьсан. Харин хойд хөрштэй бид төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон. Урд хөрштэй ч ижил тарифын асуудлыг хөндөж, дотооддоо Засгийн газартай ярилцаж байна.

Тавантолгой, Эрдэнэт, нүүрс гэсэн хэдхэн зүйлээр УИХ-ын гишүүд нь бизнес хийдэг байдал зогсохгүй байна. Улс төр рүү орж байж амьдардаг, бизнес нь бүтдэг тогтолцоог бид халах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн танхим ч одоо шинэчлэгдэж, мэргэжлийн холбоо болох ёстой. Мэргэжлийн холбоо улс төрийн, намын харьяалалгүй байж, үнэн бодит мэдээллийг өгч байх шаардлагатай. Тэдгээр нь Америкийн худалдааны танхим зэрэг танхим, холбоод шиг хүчтэй, УИХ, Засгийн газартаа лобби хийж, нөлөөлж чаддаг байх хэрэгтэй.

Амжилт хүсье” гэсэн юм.

Мөн Төрийн тэргүүн үг хэлэх үеэрээ бизнесийн салбарынхантай индэр дээрээс ярих бус тухтай ярилцах цаг зав гаргаж, уулзалт зохион байгуулна гэдгээ хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан