
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
“Авлигатай тэмцэх газраас намайг тавдугаар сарын 21-ний өдөр дуудаж Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж байгааг танилцуулсан. Яллагдагчаар тогтоол гарсан нь үнэн. Долоо хоногийн өмнө надаас гэрчийн мэдүүлэг авсан ч маш шуурхай хугацаанд яллагдагчаар татах прокурорын 75 тоот тогтоол гарсан байна.
Өчигдөр өглөө мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлүүдээ ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээллүүд гарсан. Эрүүгийн хуулинд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурор нь зөвшөөрөл өгөх ёстой. Би иргэнийхээ хувьд энэ асуудлыг яг хуулийн дагуу ямар ч улс төргүйгээр, олон нийтэд сенсаац дэлгэлгүйгээр асуудалд хандаж өчигдрийг хүртэл явж ирсэн.
Энэ мэдээлэл гарсан нь миний гайхшралыг үнэхээр их төрүүлсэн. Ямар зорилгоор цацах болов. Тэр өдөр болсон үйл явдлыг ажиглаад харах шаардлагатай болсон. Ажиглаад харахад Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкны асуудлаар, Хүрэлбаатар сайд Эрдэнэттэй холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл түгээсэн. Энэ бүхнийг уялдуулж харвал улс төрийн шинжтэй байжээ гэдэг дүгнэлт гарахад хүргэсэн.
Тиймээс би АТГ, Улсын Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх ёстой. Гэвч үүнийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж харж байна. Ингэж мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгөхийг хүсч байгаа юм” гэлээ.
























