
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхлээд удаагүй байна. Энэхүү хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ удаад УИХ-ын чуулганд оролцож байгаа нь урьд нь гаргаж байсан саналаа дахин тавих гэж байгаа юм. 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөснийг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш хагас жил өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй. Үйл ажиллагаа нь улам дордож иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Ийм учраас УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна” гэв.
























